Эрх баригчид тойргийн 38-аа “балинч” хэмээн нэрийджээ

2012 оны сонгуулийн өмнөх үйл явдал Төрийн ордонд эргээд ирчихсэн юм шиг бужигнаж байна. Тухайн үед МАН, АН сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн ч МАН 38х38, АН 26х50 хувилбарыг өргөн барьж байв.

Өдгөө холимог тогтолцоог аль, аль нь дэмжиж байгаа ч МАН 38х38, АН 48х28 хувилбар зүтгүүлж байна. АН-ын өргөн барьсан 48х28 хувилбараар 2012 оны сонгууль явагдаж МАН үсгүй болтол ялагдаж байв. Тиймээс АН энэ хувилбартаа дахин найдаж буй бололтой.

Тухайн үед намын дарга нар жагсаалтад багтах нөхдийн нэрийг хаалттай гаргасан гэх хатуухан шүүмжлэлд өртөж байсан бол өдгөө ч МАН дахь 38-ын төлөөх өрсөлдөөн гал гаргахаар байна.

Байнгын ажиллагаатай парламентын тэн хагас буюу 50 хувь нь нэг тойрогт өрсөлдөнө.

Ингэхдээ эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж, эр эмээр сөөлжүүлнэ гэж байгаа ч сонгогчид нам биш хүн дугуйлна. Тэгэхээр эмэгтэйчүүдийг жагсаалтад сөөлжүүлж оруулсан ч дугуйлагдах магадлал бага гэчихэд ташаарсан болохгүй юм.

Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж жендэрт суурилсан сонгуулийн хуулийг Засгийн газраас өргөн барьсан мэт харагдавч МАН-д титэм болохуйц эмэгтэй улстөрч байхгүй нь үнэн.

Гэсэн хэдий ч дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэгчээр эрх баригч намын эмэгтэйчүүд эрэмбэ үл харгалзан намын даргын өрөөгөөр сүүдэгнэж, Д.Амарбаясгаланг тойглох гүйдэл нь хэдийнэ эхэлчихэж. Өнөөдүүл нь ч Х.Булгантуяад дүйцэх эмэгтэйг л жагсаалтад оруулна гэчихсэн бололтой, тусгаар тогтнолын ордноор дүүрэн Х.Булгантуяадаа атаархсан, элдвээр зүхэж уйлалдсан эмэгтэйчүүд…

Тэрбайтугай Боомтын сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг томилох намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь эмэгтэй гишүүд л эсэргүүцэж, хэрүүл маргаандаа тулсан гэж байгаа. Ингэхдээ Х.Булгантуяагийн ёс зүйн алдаат үйлдлийг хуруу даран нэрлэж, хариуцлага тооцохын оронд гэрлийн хурдаар өөд татлаа хэмээгээд намын удирдлагуудаа ч хариуцлага хүлээ гэлцэн тэвдүүлсэн юм байх. Арга ч үгүй биз. Тэс ондоо хоёр салбарыг амралтын өрөө сольж буй мэт юу юугүй солиод шилжүүлчихээр бухимдахаас яалтай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд намын нэрсийн жагсаалт дахь 38-ын 20-ыг сугавчилж, үлдсэнийг нам доторх фракциудад үнэ хаялцуулна гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Түүний 20 квотын 8 нь Д.Амарбаясгалангийнх бол үлдсэн 12-ын талаас илүү нь херо Б.Баатараар дамжиж, Х.Баттулгад хаяглагдах аж. Соёлын сайд Ч.Номингоор Ерөнхий сайдын цуваа үргэлжлэх бол А.Ариунзаяагаар Д.Амарбаясгалангийн халаасан дахь жагсаалт хөвөрнө гэх урьдчилсан прогноз хэдийнэ гарчихаж.

Харин У.Хүрэлсүхийн зүгээс Б.Саранчимэгээр өнгөлнө гэгдэж буй ч өнөөх нь Х.Булгантуяаг сайдаас сайд руу томилох томилгоонд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн хэмээн хатуухан бангатай байгаа бололтой.

Ерөнхийдөө нийт 38 суудлын 18 нь У.Хүрэлсүх, Сү.Батболд, М.Энхболд, “Увс” бүлэглэлийнхэнд оноогдож, дээр нь Н.Энхбаяр нэмэгдэн бөөн хэл ам хэрүүл тэмцэл… Ядаж байхад Н.Энхбаяр энэ удаад эхнэр О.Цолмонгоо эмэгтэйчүүдийн квотоор оруулж ирэх тохироо хийсэн хэмээн гал дээр тос болгож.

Увс бүлэглэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэргэд эрх мэдлийг хэдийнэ төвлөрүүлчихсэн тул Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нэрийн жагсаалтын тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэн Ц.Нямдоржтонгуудын аашийг хөдөлгөчихсөн гэлцэнэ.

М.Энхболдын тухайд чимээгүйхэн өрөг тавьж байна.

Тэрбээр Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазарын албан тушаалаар дулдуйдан залуучуудаар өнгө нэмэх төлөвлөгөөтэй аж. Тэдний магнайд Н.Номтойбаяр, Ц.Сандуй, Ж.Ганбаатар нар нэрлэгдэж байна. Гэхдээ Удирдах зөвлөлийн түвшинд нэр бүхий эрсийг тойргоор мордох 38-д хуваарилахаар хэлэлцэж тохироод байгаа гэх мэдээллийг өгөв.

У.Хүрэлсүхийн зүгээс Л.Оюун-Эрдэнэд Засгийн газраа өвлүүлж өгсний шанд найз нөхөд, худ ургаа кабинетад нь багтаан илүүрхэж байсан ч өдгөө хаданд хавчуулагдсан халиуны зулзага болчихоод байгаа нь үнэн. Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан тэргүүтэй нөхдийг дараагийн парламентад гишүүнээр суулгахаар намын нэрийн жагсаалтын квотоос нэхэн нударга зангидаж…

Эдгээрээс гадна энэ нам MCS гэх хөрөнгөлөг фракцитай болоод удаж байгаа. Тэд ч намын нэрийн жагсаалтын гадна үлдэхгүй хэмээгээд Л.Энх-Амгалан тэргүүтэй нөхөд Х.Баттулгын гэх далд квотоос тасалж буй юм байх.

Өөр нэг сонирхолтой мэдээлэл дээрх шуумын дэргэдүүр хүчтэй цохин орж ирж байна. Энэ нь, намын нэрийн жагсаалтын эхний 10-т Т.Аюурсайханыг багтаах тохироог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хийсэн бөгөөд үр дүнд нь “Ганцаараа явахгүй шүү” хэмээн цамнасан Т.Аюурсайханы ааш тэгсхийгээд дарагдсан болж таарав.

Харин Д.Амарбаясгалан намын нэрийн жагсаалтад эрэмбэлэгдэхгүй, дараагийн Засгийн газарт ч Хэрэг эрхлэх газрын даргаар улиран ажиллах тохироонд хүрсэн гэнэ. Тэр утгаараа “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийг тэргүүлж, төрийн өмчийг бүхэлд нь хянах барьцанд хүрсэн бололтой. Түүгээр үл барам генсэкийн суудлыг ч хадгалж үлдэнэ хэмээн бүлэглэлүүдийн нүдийг орой дээр нь гаргаж.

Эрх баригчид ирэх сонгуулийн тохироогоо ийнхүү хийгээд эхэлсэн төдийгүй намын жагсаалтад багталгүй сонгогчдын аманд хаяж өгч буй хэдийгээ “балинчид” хэмээн нэрийдчихсэн шүжигнэж байхад АН-ынхан нэг дүүргийг бүхэлд нь эмэгтэйцүүлд өгчихье гэхчлэн олны доог болж явна.

Орчуулах »