Сошиалд “итгэдэг” даргадаа зориулсан ээлжит ҮЗЭГДЭЛ нь эхэлжээ

Эрх баригч намын эмэгтэйчүүдийн хэмлэлдээн, алдаан дээр нь дөрөөлж түлхдэг адгийн авир засагдах бус техник технологийн хөгжлийг ашиглан улам бүр хорон, ой гутам болж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амбицтай хүүхнүүдийнхээ араа соёонд олон ч жил зуугдаж байна.

Гурав дахиа сонгогдсон УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан ч Хөгжлийн банк, ЖДҮ, Нүүрс, Боловсролын зээлийн сан гээд алинтай ч нэр холбогдож байгаагүй нь бусаддаа таалагддаггүй бололтой.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан амьжиргааны түвшин доогуур өрхийг “Ул”-ныхан гэж нэрлэж хэвшээд удсан байсныг ил хэлснээрээ тэр буруутсан. Уг нь энэ намынхан, ялангуяа бүсгүйчүүд нь нэгнээ гэдэг байсан бол өмнөхөн нь сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяа Д.Сарангэрэлийнхээ төлөө ганц үг дуугарчихсан бол гоё харагдах байлаа. Харамсалтай нь бүгдийг мэдсээр байж гүлдийтэл чимээгүй байсан нь өдийг хүртэл өвөөгийнхөө нэр нүүрээр энэ хүрсэн, өөрийн гэх онцлох имиджгүй, дорой буурай нэгэн гэдгийг нь илүүтэй харуулах шиг болсон.

Тиймээс ч УЛны гэх үгэнд эмзэглэсэн олон нийтийн бухимдал дунд Д.Сарангэрэл сайдыг улам ихээр харлуулан, элдэв постер хийлгэн сэвүүлсэн гэх муухай хардлагад унасан биз.

IT технологи болоод хар шар мэдээнд гаршсан хувийн баг сайтай гэгддэг нь ч ингэж чичлүүлэхэд нэмэр болсон байх.

Ийм багтай улстөрч Монголд цөөн. Тэр дундаа эмэгтэй улстөрчдийн  хувьд.

А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг IT-гийн нэг багтай гэлцдэг. МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны сонгуулийн үеэр энэ нь илүүтэй батлагдах шиг болсон.

Тэр үед дахиад л өнөө муу Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдох нь гэх айдас ханхлуулсан хар мэдээгээр эмэгтэй хүн байтугай чөтгөр ч тэвчиж тогтохооргүй харлуулж байсныг бид мэднэ. Ашгүй, Д.Сарангэрэл нь нэрээ татан өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэнээр элдвийн муухай мэдээлэл нь борооны өмнөх шороо шиг дарагдсан. Энэ бүхэн эрх баригч намын аливаа албан тушаалд ойрхон, байнга нэр усаа дэвшүүлж явдаг хэдхэн хүүхний асуудал гэдгийг баталж байгаа юм. Нөгөөдүүл нь цахим орчин Монголд нэвтрээгүй байх үеийн шар хэвлэлийн гэгдэх сэтгүүлчдээр багаа бүрдүүлсэн нь илтэд харагдаж, нэгнээ матарлан муу муухайгаар дуудахад зүрх сэтгэл нь өчүүхэн ч өвдөхгүйгээр ажиллаж чаддаг нь аймшигтай. Ийм багтай, ийм тоглолттой нөхөд төр түшилцэнэ гэдэг эмгэнэл.

Одоо дахиад л Д.Сарангэрэл рүү давшлаад эхэлж.

Юугаа булаацалдаж, Д.Сарангэрэлийг хаана ямар албан тушаалд оччихно гэж эмээсэн юм бол…

Байгаль орчны сайд байхдаа хамгийн их газар олгосон хэмээн буруу зөвгүй чичилж байна. Бусдыг гүтгэн харлуулж л байвал мэдээллийн үнэн эсэх энэ мэт багт огтын хамаагүй байдаг бололтой.

Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар 2020.07.09-2021.01.29-ний хооронд ажилласан. Харин гаргаж шидлээд буй тусгай хамгаалалттай газарт газар эзэмших зөвшөөрөл олгосон огноо нь 2010-2018 онууд болоод 2021 оны 02.01-нээс хойш байгаа нь дахиад л эрх баригч намын эмэгтэйчүүдийн дотоод зодоон шиг харагдаж байна.

Д.Сарангэрэлийн дараагаар Н.Уртнасан салбар хариуцсан сайдаар томилогдож, Б.Бат-Эрдэнийн залгамжаар үргэлжилж байгаа. Гэтэл дунд нь томилогдсон сайдыг гээн байж Д.Сарангэрэл рүү дайрч буй нь анхаарал татаж байна.

Ингэж дайрахдаа Б.Бат-Эрдэнэ сайдтай зэрэгцүүлсэн постер хийсэн нь Д.Сарангэрэл рүү Б.Бат-Эрдэнэ ноцоод буй мэт харагдуулахаар сэтгэсэн бололтой. Харамсалтай нь, энэ нь үүнийг хийж сэдэж байгаа нөхдийн тархины хэр хэмжээ хэр вэ гэдгийг товчхон харуулчихаж байгаа юм.

Тэгвэл дахиад л муу бол хойд зүгийн хар овоохой гэгчээр Д.Сарангэрэл рүү дайраад эхэлсний учир юу вэ… Газар олголтод хамгийн их чирэгдэж мэдэх сайд асан Н.Уртнасангийн талаархи мэдээлэл яагаад таг байгаа юм.

…Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд удлаа. Түүний оронд МАН-ын эмэгтэйчүүдээс томилохоор намын Удирдах зөвлөлийн түвшинд яригдаж, саналаа нэгтгэн оруулж ирэхийг Х.Булгантуяа тэргүүнтэй эмэгтэйчүүдийн холбоонд даалгасан гэдэг. Үүнтэй холбоотой дотоод санал хураалтад Д.Сарангэрэлийг дэмжигсэд олон байсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Тэгэхээр түүн рүү утга учиргүй чичиж, баримтын зөрүүтэй мэдээллээр гүтгэн дайрч буй нь дээрх асуудалтай холбоотой байж таарах уу. Тэгвэл хэн байж болох вэ… Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад горилогч нөхдийн зүгээс хийлгэж байгаа бохир тоглолт биш байгаа…

Тэгвэл “тоглолт”-ын технологи нь түүнийг Эрүүл мэндийн сайдаас буусны дараах үеийн дайралттай ихээ адилхан харагдаад байгаа нь нууц биш. Мэдээлэл муутай, олсноо нягталж ажиллах мэргэжлийн баггүй, IT технологийн салбарын “би чадна”-уудаар дүүрсэн үүлгэр энэ баг болхи чадуудуу постер бүхий мэдээллээр бусдыг гөвдгөөрөө ялгарч харагддаг. Хэрвээ тэд мөн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад горилогч тэр нэгэн эрхмийн хийлгэж буй ажил мөнөөс мөн нь ойлгомжтой.

Үргэлжлэл бий…

Орчуулах »