Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бизнес эрхлэгчдээ ялгаж “тоншоод” байна уу, үгүй юү?!

Нүүрсчидтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэл нэг л хүчгүй, худал хуурмаг болж харагдаад байгаа. Түүнийг намын дарга, Засгийн газрын тэргүүний эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж байна хэмээн хатуухан шүүмжилж, хардагсад ч их болов.

Зарим нэг бизнес эрхлэгчийг илтэд тойглон, илүүд үзэх үзэгдэл нь түүний шударга бустай хатуухан тэмцэнэ гэх лоозонтой нь зөрчилдөж буй нь үнэн.

“Моннис”-ийн захирал Б.Чулуунбаатар гэхэд л Ерөнхий сайдын дэмжлэгийг ил цагаан авч, “хайрлагдаж” байна…

Чухам яагаад?!

Л.Оюун-Эрдэнэ “Бамбарууш” кафег сэргээнэ гэж мэдэгдсэн нь “Моннис”-ийг Засгийн газраас тэтгэнэ гэсэнтэй агаар нэг сонсогдсон нь үнэн. Улмаар мэдэгдлээ ажил хэрэг болгон Засгийн газрын хуралдаанаар “Бамбарууш” кафег төрийн бодлогоор дэмжин үйл ажиллагааг нь явуулах шийдвэрийг улайм цайм гаргачихсан.

“Бамбарууш” кафе аль хэдийнэ “Моннис” группийн мэдэлд оччихсон байхад шүү дээ. Энэ талаар “Моннис” группийн захирал “Өмчлөл манай компани дээр байгаа. Бид олон жил зэрлэг капитализмын замаар явлаа. Одоо нийгмийн хариуцлагын үүднээс, хүүхдийн төлөө төртэйгөө хамтарч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөс үйл ажиллагааг нь л цэвэр хүүхдийн төлөө болгож өөрчлөх юм” хэмээн хээвнэг ярьж суух нь ичгэвтэр. Хувийн өмчид байгаа кафег төр бодлогоор ийнхүү дэмжиж эхэлснээр олон нийт Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын тэргүүний эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж байна хэмээн шүүмжилж буй биз.

Түүгээр зогсохгүй нүүрсний гэх хэргээс “Моннис”-ийн Б.Чулуунбаатар сугарч үлдэж байгаа явдалд эрх баригч намынхан өөрсдөө ч гайхаж байгаа бололтой.

2018 онд Их Британи-Австралийн бизнес эрхлэгч Мухаммед Ибрахим Муншид манай улсын шүүхээс 11 жилийн хорих ял, 15 сая ам.долларын торгууль оноосон. Энэ талаар Их Британийн Guardian сонины цахим хуудаст “Моннис групп Монголын баруун өмнөд хэсэгт байрладаг уул уурхайн төсөлд 10 сая ам.долларын хөрөнгө оруулснаар талуудын хооронд маргаан үүсчээ. 2012 онд нүүрсний үнэ унаснаар төсөл зогссон. Энэ төсөлд нийт 180 орчим хөрөнгө оруулагч хөрөнгө оруулсан байдаг. 2015 онд Мухаммед Ибрахим Монголд ажлаар ирэхэд нь гадаад паспортыг нь хураан аваад хилээр гаргаагүй. Улмаар компанийн нь тусгай зөвшөөрлийг ч түдгэлзүүлж. Нэхэмжлэгч тал түүнийг хөрөнгө оруулалтыг нь хувийн амьдралдаа үрж зарцуулсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөөгүй юм байна” гэсэн утга бүхий мэдээлэл тавьсан байдаг. Энэ хэргийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг жич хүргэх тул энд түр орхиё.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нүүрсний гэх хэрэг, тэр дундаа Өмнөговь руу хамгийн их анхаарал хандуулж, мандат “сугалж” байгаа явдлыг өчигдрөөс эхлэн “Моннис”-той холбон тайлбарлах хэсэг бүлэг ч гарч ирэв.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирыг “Моннис”-ын “тавиул” гэлцдэг.

Ямар үндэслэлээр юм бол… Учир шалтгааныг олох гээд үзье.

2016.07.18-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа энэ эрийн хөрөнгө орлого огцом өссөнийг АТГ-т өгдөг мэдүүлгээс нь харж болно. Гэр бүлийн орлого, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, автомашины тоо, үнэлгээ нь сонирхол татахуй өссөн байгаа юм.

Тэрбээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Ханбогд тээвэр ложистик, Уужим Од, Уужим Од констракшн гэх хуулийн этгээдийг эзэмшдэг гэж.

Тэгвэл эдгээр компаниудыг хөөгөөд үзье. Моннис-ын Б.Чулуунбаатар руу “хүргэх” нь үү, яахнав?!

Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч хийх зөвшөөрөлтэй Ханбогд тээвэр ложистик ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Түвшинболд гэж бий. Ханбогд сумын хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан түүний хөрөнгө орлого ч гайхалттай өссөн мэдээлэлтэй юм билээ.

Мөн Ханбогд тээвэр ложистик ХХК-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч нь Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт байх аж.

2020.12.10-ны өдрөөс эхлэн сумын Засаг даргаар ажиллаж байгаа түүний орлого ганцхан жилийн дотор 2 дахин өссөн байгаа нь яалт ч үгүй анхаарал татах мэдээлэл тул дараагийн нийтлэлээр дэлгэрэнгүй хүргэнэ.

Ханбогд тээвэр ложистик ХХК-ийн бас нэг хувьцаа эзэмшигчээр Тэс сумын ИТХ-ын төлөөлөгч С.Бат-Эрдэнэ бүртгэлтэй байгаа юм.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир нь АТГ-т гуравхан хуулийн этгээдийг мэдүүлсэн байх боловч түүний нэрээр улсын бүртгэлд Шинэ ханбогд девелопмент, Шинэ хан богд, Шинэ хан богд хөгжил, Таван өнө гурван гал ХХК гэхчлэн олон хуулийн этгээд бүртгэгджээ.

Эндээс Шинэ хан богд хөгжил ХХК-ийн гүйцэтгэх захирал Базын Нарантуяаг дагаад “Моннис” группын ерөнхийлөгч Базын Чулуунбаатар амархаан ороод ирж байгаа юм. Б.Нарантуяа нь Б.Чулуунбаатарын Сентрал азиа майнинг ХХК-ийнх нь гүйцэтгэх захирал давхар бүртгэлтэйг энд сануулах илүүц биз.

Шинэ хан богд хөгжил ХХК-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч О.Эрдэнэбаяр нь Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч. 2016.11.07-ны өдрөөс эхлэн сонгогдон ажиллаж байгаа түүний хөрөнгө орлого дөрөв дахин өссөн гайхам “амжилттай”.

Эдгээрийг түр орхиод Б.Эрдэнэ-Очирын нэр дээрх Таван өнө гурван гал ХХК-ийн мэдээллийг сөхөөд үзье. Тус компанийг хамтран эзэмшигч Б.Жавхлан гэгч нэр биднийг НБЦ-гийн Б.Баатарсайхан руу хөтөлчихөж байгаа юм. Б.Жавхлан нь Б.Баатарсайханы олон ч компани дээр хамтран эзэмшигчийн бүртгэлтэй.

Сурагчдын автобусыг “залгигч”, тендэрийн “мангас”, эрх баригчдын угжны хүүхэлдэй гэгддэг “Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатарын Өмнөговь аймгийн Иргэдийн хурал, Ханбогд сумын Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй холбогдох мэдээлэл энэ мэтчилэн уртаас урт хөврөх тул жич багцлан хүргэнэ.

Томоохон татвар төлөгчид, үндэсний хөрөнгө оруулагчид дараалан эрх баригчдын шилгээлтэд өртөн, шорон оронд орчингоо алдан зүдэрч явахад Базын Чулуунбаатар гэх эрхэм “Бамбарууш” нэрт кафегаа хүртэл бамбагнуулан тордуулж суухын учир юу билээ.

Тэр хэн бэ?!…

Б.Чулуунбаатар нь 1973 онд Сүхбаатар аймагт гагнуурчин аавын хүү болон мэндэлсэн байгаа юм.

Тэрбээр Японд хэлний сургалтад сууж байхдаа бизнесийн санаагаа олж, анх 15 машин оруулж ирэн 7 хоногийн дотор зарснаар япончуудын анхааралд өртөн автомашины бизнесийн салбарт хөл тавьсан гэдэг.

МАХН-ын байрны нэг өрөөг түрээслэж “Моннис” компанийг байгуулаад удаагүй байхдаа МАХН-ын удирдлагуудад нэг, нэг машин бэлэглэж байсан гэх ярианд хүртэл орж байв.

Түүнийг УИХ-ын гишүүн Сү.Батболдтой ойр гэдэг. Тэд нутаг нэг төдийгүй бизнесийн салбарын хамтрагчид гэж байгаа. Тухайн үеийн МАН-ын Бага хурлын гишүүн Б.Чулуунбаатар нь намынхаа томоохон спонсоруудын нэгд зүй ёсоор нэрлэгддэг. Тиймдээ ч өөрийн компанидаа зориулж тусгайлан тендэр “зарлуулдаг” гэх ярианы эзэн болчихоод байдаг биз.

2010 онд байгуулагдсан “Дамдины сүхбаатар сан”-гийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Сү.Батболд ажилладаг бол гишүүнээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Г.Чинзориг, Сангийн яамны нарийн бичгийн дарга Д.Баттөр, “Баянзам тээвэрчдийн холбоо”-ны С.Энхтайван, Моннис группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар тэргүүтэн бүртгэлтэй байх аж.

Б.Чулуунбаатарын нэрээр 10 гаруй компани бүртгэлтэй ч ихэнхийг нь татан буулгаж, өдгөө Моннис-Интернэшнл, Моннис пропертиес ХХК гэх цомхон тойрогт эргэх болсон байгаа юм.

Татан буугдсан “Монголиансивил инженеринг” компанийн нь хамтран эзэмшигчээр Я.Батсүх гэж байв.

Түүний нэрээр 20 гаруй компани бүртгэлтэйгээс Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож явсан компани ч бий нь анхаарал татна. Тэрбээр Си Эм Эйч ХХК-иа А.Эрдэнэбат гэх нөхөртэй хамтран эзэмшдэг агаад А.Эрдэнэбат нь Монгол Японы хөрөнгө оруулалт худалдааг дэмжих нийгэмлэг, Монголын явган аялагчдын холбоо, Монголын бейсболын холбоо, Асашёорюү төрийн бус байгууллагуудын эзэмшигч байгаа нь ихээхэн сонирхолтой кадр гэдгийг илтгэж буй юм.

Тэрбээр Монголын явган аялагчдын холбоо төрийн бус байгууллагыг УИХ-ын гишүүн П.Анужинтай хамтран эзэмшдэг бол Асашёорюү ТББ-ыг хотын дарга Д.Сумъяабазар, сүмоч Д.Дагвадорж, “Ийст лайн” ХХК-ийн П.Ангараг, Б.Баярсайхан нартай хамт эзэмшдэг аж.

Тэрчлэн А.Эрдэнэбатын ихэнх төрийн бус байгууллагын хамтран эзэмшигчээр “Ийст лайн” ХХК-ийн П.Ангараг бүртгэлтэй байх бөгөөд Ийст лайн руу Авто тээврийн үндэсний төв сар бүр түрээсийн төлбөр хэмээн 8.5 сая төгрөг шилжүүлж байсан байдаг. Өдгөө уг “түрээсийн төлбөр” гэх утгатай төлбөр Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу шилждэг болсныг шилэн данснаас нь харж болно.

УИХ-ын гишүүн П.Анужингийн аав 2021.12.29-нд Аж үйлдвэрийн гавьяат болсон бол өнгөрсөн жилийн наадмын өмнөхөн “Моннис”-ын Б.Чулуунбаатар ижилхэн цол тэмдгээр энгэрээ мялаасан нь анзааралгүй орхичих сэдэв биш.

Эрх баригч намын бага хурлын гишүүн асан Б.Чулуунбаатарыг төрөөс зарласан өндөр дүнтэй тендэрүүдийг хуу хамдаг, цадахаа мэддэггүй бирд гэх болсон нь ч шалтгаантай биз.

2007 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендэрт “Моннис” групп шалгарч Toyata, Nissan Teana, Nissan Maxima, Nissan Patrol зэрэг автомашинууд нийлүүлсэн түүх бий. Түүгээр зогсохгүй “Моннис интернэшнл” ХХК нь гаалийн татвар, НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн гэх шүүмжлэлт мэдээллүүд нь хэвлэлийн хуудаснаас арилаагүй байна.

Агаарын тээврийн “Аэромонголиа”-гийн хувьцаа эзэмшигчээр орсноос нь хойших хэл амны урхаг өнөө хэр тасраагүй байхад тэрбээр сурагчдын автобус нийлүүлэх тендэрт өрсөлдөгчгүйгээр шалгарсан хэмээн чичлүүлж яваа.

Шадар сайд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа 2020 оны хичээлийн жилд сурагчдын тээвэр болох 200 автобус үйлчилгээнд явуулна хэмээн тендэр зарласан байдаг. 23.5 тэрбум төгрөгийн уг тендэрийг “Моннис Моторс” ХХК-д “зориулан” зарлачихлаа гэх шүүмжлэл тухайн үед хүчтэй өрнөж байсан агаад хардлагат шүүмжлэлийг батлах мэт “Моннис Моторс” нь ямар ч өрсөлдөгчгүйгээр шалгарч даарин дээр давс нэмэх гээч болж байв.

Улмаар цар тахал нүүрлэсэн гээд 200 автобус 75 болж, түүнээсээ төд удалгүй үнийн өсөлт гэх шалтгаанаар 25 дээр уначихсан байгаа.

С.Амарсайхантай байгуулсан гэрээний учиг тайлагдаагүй, бараагаа хүлээн аваагүй байхад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар сурагчдын автобус нэн шаардлагатай гэх шалтгаанаар 5.4 тэрбум төгрөгийн тендэрийг мөн зарласан гайхам явдал бас бий. Энэ тендэр зөвхөн “Моннис”-т зориулагдсан гэх өнөөх улигт хардлага дагалдаастай хэвээр.

Арга ч үгүй биз.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгийн баталсан тендэрийн бичиг баримтад DONGFENG хойд тэнхлэгтэй, Eaton хурдны хайрцагтай, Jingyida урд тэнхлэгтэй, мөн 2019, 2020, 2021 онуудад Монгол Улсад сургуулийн автобус нийлүүлж байсан туршлагатай байх зэрэг шалгуур тавьчихсан байгаа нь ийм хэл амыг дагуулахгүй гээд яалтай.

Сайхан хүүхэн хуриман дээрээ унгав гэгчээр олон сайхан тендэрт “шалгарсан” Моннис моторс ХХК нэг бүрийг нь 130 мянган ам.доллароор оруулж ирсэн гэх автобусыг нь адтай, ааштай монголчууд Хятадын “Алибаба” худалдааны сайт дээр ийм төрлийн автобус 40-70 мянган ам.долларт зарагдаж байна шүү, Б.Чулуунбаатар аа хэмээн баримт шидлэн бухимдсан.

Тэр үед хар хүний өмнөөс шар хүн гэгчээр Б.Чулуунбаатарын дуугараагүй асуудал дээр С.Амарсайхан үсчиж орж ирэн өмөлзөж байсныг сошиал орчинд дүрэлзсэн түймэр мэт мэдээллүүдээс харчихаж болох байх.

С.Амарсайхан хотын даргын тамгыг атгаж байхдаа цагдаа, эрүүл мэндийн байгууллагад автомашин нийлүүлэх гэрээг ч “Моннис” групптэй байгуулсан байдаг. Тэгэхээр тухайн үед цагдаагийн байгууллагад 110 машиныг 7 тэрбум 550 сая, Эрүүл мэндийн салбарт 40 машиныг 4.8 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн асуудлыг тухайлан шалгаад үзэхэд гэмгүй юм.

Тэрбайтугай Моннис нь Японоос бус Хятадаас машин оруулж ирдэг гэх дуулиан холбогдох баримтын хамт дэлгэгдсэн ч худалдан авагчийн буруу болж төгссөн явдал, 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит компанид 7 тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудал өндрөө авч, чуулганы танхимд хүртэл хэлэлцэгдээд намжсан зэргийг ч нэхэн тодруулах нь зүйтэй биз.

Тэрбээр “Саусгоби сэндс” компанитай холбоотой хэрэг буюу 4.3 тэрбум ам.доллар угаасан хэрэгт нэр холбогдсон төдийгүй түүнийг АТГ-аас мөнгө угаасан болон их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байсан атал яагаад чимээгүй болчихов…

Түүгээр зогсохгүй Эрдэнэт үйлдвэрээс “Моннис-Интернэшнл”-ийн охин компани болох “Монниссервис саппорт” ХХК 2022.10 сард 204.7 сая төгрөгийг гэрээний төлбөрт авсан гэх баримт, “Эрдэнэс Монгол” компани “Моннис Пропертиес” ХХК-д сар бүр 59 сая төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг зэргийг анхааралгүй үлдээж болохгүй юм…

Шударга бустай, асуудал таталсан бүртэй “алалцаж” яваа Засгийн газрын нүд чих, хуруу хумсны хаагуур нь энэ бүхэн өнгөрөөд байна вэ?!…

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цөөхөн хэдхэн бизнес эрхлэгчдээ хойд урдах, хүний өөрийнөөр нь ялгаж тоншоод яваа юм биш биз, хардах л асуудал…

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »