Д.Сумъяабазар: Согтууруулах ундаа худалдаалах шийдвэр гараагүй

2020-12-01
1 min read

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглоод байгаа. Гэвч үүнтэй зэрэгцэн хууль бусаар шагийн архи зарах, худалдаа хийх, стандартын бус “Азийн чоно” гэдэг шиг үйлдлүүд асар ихсэж байгаа учир градус багатай согтууруулах ундааг борлуулах талаар /2020.11.29/  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Хуулиараа үүнийг Нийслэлийн засаг дарга эцэслэн шийднэ хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын хурлын үеэр энэ асуудал дээр өөрийн байр сууриа хүргэв. 

Тэрбээр “Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айргийг худалдаанд гаргах талаар ярьсан. Зарах тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон. Үүнд тусгайлсан чиглэл нарийн зүйлс байхгүй. Энэ бол хотын шийдэх асуудал. Тодорхой баримт үндэслэл гаргаж байж шийднэ. Согтууруулах ундаатай холбоотой асуудал дээр нухацтай хандана.

Улаанбаатар хотыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлбэл үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх талаар ярилцаж байсан. Гэвч Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй учраас архи дарстай холбоотой шийдвэр гарах нь эрсдэлтэй байна. Иргэд хөл хорионы дэглэмд байгаа гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бид мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, саналыг нь хүндэтгэн үзнэ. Хүн согтууруулах ундааг гэртээ ганцаараа уухгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ 10 хоногийн хугацаанд тэвчээртэй байхыг хүсч байна. Нөхцөл байдлыг ашиглах мөнгө олох гэсэн хүмүүс байгаад харамсаж байна” гэлээ.

Орчуулах »