АН-аар зөвлүүлсэн МАН-ын даргын манараа дуусч, Д.Амарбаясгалангийн эрин айсуй

МАН намрын сонгуульд бэлтгэж, сурталчилгаагаа эхлүүлэв бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хуваарилах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний үнийн өсөлт гэхчлэн олон нийт рүү чиглэсэн 10 гаруй асуудлыг бөөндөн Засгийн газарт чиглэл өгөв.

Энэ оны төсвийн төсөлд Засгийн газраас Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох санал оруулж шуугиан тариад зогсохгүй 16-18 насныхныг бүрмөсөн хасах тухай ч хөндөгдөн, ташраараа дэмжиж байсан МАН-ын гишүүд сууриараа эргэчихэж.

Хувьцааны ногдол ашиг болох 25000 төгрөг нь инфляцийг хөөрөгдөнө хэмээн шүднийхээ завсраар сийгүүлж суусан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сарын дараа байр сууринаасаа ухарчихсан, мөнөөх мөнгөнийхөө хэмжээг өсгөөд зогсохгүй, ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн мэдээлэл цацагдаад эхэллээ.

Үүнтэй зэрэгцэн сонгуулийн холимог тогтолцооны талаар сэтгүүлчдэд сургалт явуулж, олон нийтийг мэдээлэлжүүлэх ажиллагааг ойрын өдрүүдэд хийхээр Сонгуулийн ерөнхий хорооныхон гүйлдэж байна.

УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь Л.Оюун-Эрдэнэд өнөөдөртөө хамаагүй болж, хэнийг түдгэлзүүлэх бол гэдэг түвэгтэй асуудалд ээрэгдэж байгаа. Түүнд зориулсан тоглолт эхэлж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанаар гуравхан минутын дотор эцэслэж орхисон бол тэрбээр Т.Аюурсайханыг сайдаас нь чөлөөлсөн ч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь “татуулж” хариу барив.

Нэгэн үе гар нийлж явсан Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өдгөө салаа замын эхэн дээр зогсч байгаа. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын хувьд Т.Аюурсайхан тэсрэх бөмбөг болчихсон. Т.Аюурсайхан ч гал ус хоёрын зааг дээр зогсч байгаа гэхэд хилсдэхгүй биз. Түүнд бүрэн эрхтэйгээ байх нь юу юунаас чухал гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч, Т.Аюурсайхан ч мэдэж байгаа.  

Ядаж байхад УИХ-ын гишүүдийн олонх нь бүрэн эрхээ дуусгах сонирхолтой байгаагаа намын даргадаа удаа дараа илэрхийлчихсэн энэ үед сайн муу, сайхан муухайг нь хэнээс ч илүү мэдэх Т.Аюурсайханаас салбал Л.Оюун-Эрдэнийн тэмцэл утгаа алдана.

У.Хүрэлсүхийн шанаадалтаас бултах аргагүй зайд зогсч буй түүнд нэг л гишүүн дутахад тэгтлээ хүссэн тогтолцооны өөрчлөлт нь дашийншог болно.

Тиймдээ ч АТГ-аас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д өргөн барина гэж байсан нь таг чиг болоо биз.

Засгийн газраас хорхойтой шүд сугална гэх мессэж ч нам гүм болж.

Харин нэгэнт газар авахуулсан нүүрсний хэргээр далимдуулж тойрог булаах, мандат “сугалах” аргыг ашиглахаар орой үдшийн цагаар арын өрөөндөө сэм бүгэх болсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын зарим нэг хөзөр дэлгэгдэж, намын дотоодод үймээн үүсгэж буй бололтой.

Говь-Алтай аймгаас Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Архангай аймгаас Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Булган аймгаас Ц.Анандбазар, Өмнөговь аймгаас Н.Наранбаатар, Х.Мандахбаяр, Завхан аймгаас Б.Баярсайхан нарыг сугалж, шинэ хүмүүс оруулж ирэхээр тохирсон юм байх. Завхан аймгаас Б.Баярсайханыг мултлах захиалгыг Ц.Цэрэнпунцаг, түүний хүргэн болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Э.Долгион нар өгч, шаардлагатай бол санхүүжилтийн дэмжлэгийг намдаа хэд нугалаад өгөх ам өчгийг өгсөн дуулдав. Ц.Цэрэнпунцагт Завхан руу өөр хүн хөтөлж очих хүсэл эртнээс байсан бөгөөд тэр нь АН-ын нэр дэвшигч гэдэг сонирхолтой мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

АН дотооддоо учраа олсон бол хамтарсан Засаг байгуулахаар тохиролцсон байсан гэгдэж буй энэ үед тэгтэл далий мэдээлэл ч биш.

Л.Гантөмөрийг дарга болгох эцсийн шийдвэрийг Х.Баттулга гаргасан. Тэрбээр БНСУ-аас ирмэгцээ С.Баярцогтын хэргийг Цэц рүү барьж гүйсэн явдлыг хэн хүнгүй санаж буй биз. Улмаар санал хураалтын өдөр Х.Баттулгын “квот”-оор ҮБХ-нд суудаг гэгддэг нөхөд орж ирээд саналыг хагалсан гэж байгаа. Л.Гантөмөр хариуд нь эхний “тохироо” болгож хамтарсан Засгийн газарт Х.Баттулгыг сайдад томилуулах байсан гэдэг.

Энэ бүхний цаана МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг байсан гэх бөгөөд Дээд шүүх АН-ын даргад Л.Гантөмөрийг бүртгэх болсон нь ч эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн нөлөө гэлцэнэ. Улмаар Х.Баттулга Төв шуудангийн урд орших С.Зоригийн хөшөөтэй намын байраа Л.Гантөмөрт хүлээлгэн өгснийг бид мэднэ.

Х.Баттулгын хүлээлгэн өгсөн байр нь Шинэ Дэвшилт Холбоо ба “Голомт”-ын Д.Баясгалангийн эзэмшил. Намын гэрчилгээ нь С.Эрдэнээс Ц.Туваанд, Ц.Туваанаас О.Цогтгэрэлд, О.Цогтгэрэлээс Х.Баттулгад очоод сураг алдарч байсан ч Л.Гантөмөр гэх дүрээр цэгцэндээ орох нь уу гэмээр болж байв.

Харамсалтай нь Л.Гантөмөр байр ч үгүй, намын гэрчилгээ ч үгүй “хөөгдлөө” гэдэг мэдээлэл өчигдрөөс эрчтэй тарж эхэллээ.  

Тэрбээр Х.Баттулгатай тохирсон ч Ц.Элбэгдоржоос нүүр буруулж чадаагүй байж. Ардчилсан залуучуудын холбоо, Г.Батхүү агсан, Д.Зоригт нарын дэмжлэгээр улс төрийн босго алхаж байсан энэ эр 2009 оноос Нэг ардчилал фракцийг үүсгэсэн. Уг фракцийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэмждэг, бүр клубийг нь байгуулж өгснийг улстөр сонирхогчид мэдэх биз. Л.Гантөмөр ч 2014 онд өгч байсан ярилцлагадаа “Нам гэдэг ганц л лидертэй байдаг юм байна. Тэр нь Ц.Элбэгдорж” гэж байв. Тэрчлэн Н.Алтанхуягийн Засгийн газар унахад дараагийн нь Ерөнхий сайдаар гурван хүн яригдаж байсны нэг нь Л.Гантөмөр. Тухайн үед түүнийг Эбэгийн дэмжлэгээр энэ хүрч яваа гэж шуугиж байв. Тэгэхээр ийм хүнд итгэж суухыг бодоход Х.Баттулга бас л болоогүй яваагийн шинж.

Эбэгийн “өсгөж”, өндийлгөсөн Л.Гантөмөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэх хүртэл харин ч хол явлаа.

Одоо сонгууль хаяанд ирчихсэн. Сөрөг хүчингүй тоглолт бүр МАН-ыг сульдааж, намын дотооддоо хөлөө жийлцэхэд хүргэж байгаа. Ийм үед тойрогтоо хэнтэй очих, хэнийг унагаж хэнтэй парламентад орж ирэх гээд Ц.Цэрэнпунцаг байтугайгийн бодох асуудал биз. Ядаж байхад МАН-ын дарга атлаа АН-ын батлах өвөртөлсөн нөхдөөр зөвлөхөө хийлгэчихсэнийг хэлэх үү, Л.Оюун-Эрдэнийн тархины манараа арилж өгөхгүй нэг талаас Д.Амарбаясгалан, нөгөө талаас У.Хүрэлсүхэд шанаадуулсаар хийсэн алхам бүр нь буруутан, адлагдаж явна.

Эцэстээ АН-ын асуудалд хутгалдан, Л.Гантөмөртэй хөөцөлдөж явах хойгуур төдийгөөс өдийг хүртэл сонгууль удирдан туршлагажчихсан Д.Амарбаясгалан аль хэдийнэ өөрийнхөө сценарийг зураад, өгөө аваагаа тэнцүүлчихээд шүдээ чигчийлж суух биз.

Юун Л.Оюун-Эрдэнэ… юун У.Хүрэлсүх…

Д.Амарбаясгалангийн эрин үе албан ёсоор тоологдож эхлэх цаг тун удахгүй гэчихэд хэтийдсэн төсөөлөл, хэлбэр төдий мэдээлэл болчихгүй нь үнэн юм.

Орчуулах »