Ахиад 3 гишүүн өргөдлөө өгч, тоглолт У.Хүрэлсүхийн багт шилжих бололтой

Ж.Мөнхбатын араас Т.Аюурсайхан бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарт хаяглаад шидчихлээ. Түүнийг УИХ-ын нэр бүхий гишүүн “нүүрсний хэрэгт” цоллож, үүнээс хойш удаа дараа гүтгэсэн мэдээлэл цацагдаж буй тул бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулчихъя өө гэж.

Гэхдээ эрхэм гишүүдийн өргөдөл ердийн нэг шоу болж харагдаад байгаа нь үнэн. Тэд хаврын чуулганы хуралдаан болтол бүрэн эрхтэйгээ байна.

Засгийн газрын тухай хуулийн 21.5-д Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэсэн байгаа.

Харин 2020.05.13-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр тус хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана” гэчихсэн.

Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар нэгэн үе гар, мөр нийлж, намын удирдлагуудынхаа өөдөөс чулуу нүүлгэж явсан хөдсөн дээлтүүд.

Гарын таван хуруу хэмээн өөрсдийгөө хөөргөн, албан тушаал амласан ч авахгүй гэж бардамнаж явсан нөхөд өдгөө гэдсэндээ хөлөө жийлцэж, гэмтэй гэмгүйн алин үл болох бужигнаж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигач, хулгайчидтай тэмцээд байгаа юм уу, эсвэл улстөр хийж бүлэг фракциудын “дайн” өдөөчихөөд байгаа юу гэдэг ойлгомжгүй.

Тухайлбал, Т.Аюурсайхан өргөдлөө өгөхийн өмнөх өдөр МАН-ын, тэр дундаа Д.Амарбаясгалангийн ойрын хүрээнийхэн гэх шошготой нөхөд Т.Аюурсайханы муу муухайг харуулсан постуудыг гэнэтхэн цацлаад эхэлсэн. Ингэхдээ Н.Багабанди, Ө.Энхтүвшин нарыг хөгшин төгцөг, зөнөг өвгөн улс төрөөс зайл гэж байсныг нь эргэн сануулж, үүнээс хойш хэрхэн хөлжсөнийг нь, Ж.Мөнхбат шиг өргөдлөө өгөх зориггүй арчаагүй эр, албан тушаалаасаа огцор гэх байдлаар ижил цаг минутад дайраад эхэлсэн нь увайгүй, арчаагүй улстөр болж харагдсаныг хэлэх хэрэгтэй.

Тэр тусмаа үг, өгүүлбэр өөр ч утга агуулга нэгтэй эл дайралтыг МАН-ын гишүүд сошиал сүлжээнд цацаж байсан нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын захиалга юм биш байгаа гэх хардлагыг шуудхан төрүүлж байв.

Суман мөндөр шиг тэрхүү дайралтын маргааш Т.Аюурсайхан өргөдлөө өгсөн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг муухай харагдуулж байгаа юм.

Сүүлийн үест Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж ажлаа өгсөн ч Д.Амарбаясгалангийн арын өрөөнөөс салахаа больсон гэх шуумтай эл явдал зэрэгцсэн нь Ц.Нямдорж хорхой идсэн араандаа зуугдсан нөхдөөс хариу авч эхэлсэн нь энэ бишүү гэсэн хардлагыг ч төрүүлж байна.

Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа Ц.Нямдорж болон түүний хүү Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нарт хариуцлага тооцох шаардлагыг Л.Оюун-Эрдэнэд удаа дараа атгуулж, шахаж шаардаж явсныг уншигчид мартаагүй биз. Ц.Нямдорж хариуд нь “Т.Аюурсайхан чи улстөржиж өөртөө оноо цуглуулдаг  өвчнөөсөө хэзээ ангижрах вэ” гэж унтууцан, улмаар мань эрс чуулганы хуралдааны үеэр хэд хэдэн удаа арцалдаад авсан байдаг. Үүнээс төдий удалгүй Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын хэргэмээс нь буулгаад хаячихсаныг бүгд мэднэ.

Энэ бүх байдлаас үүдэн Засгийн газар үнэхээр гэмт бүлэглэлүүдтэй тэмцээд байна уу, эсвэл намын дотоод дахь эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцдаад байгаа хэрэг үү гэх асуулт эрхгүй төрж байгаа. Учир нь Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар нь үнэхээрийн гэм буруутай байгаад, нотлох баримт хангалттай бол цахим орчинд хэн ч биш болтол нүдэж, балбасан балбаагүй ялаа үүрч, хариуцлагаа үүрэх л болно. Улстөржүүлж, цаг мөнгө үрэх нь илүү ажил баймаар.

Ямартай ч бөөн сүржигнээний эцэст Т.Аюурсайхан өргөдлөө өгөв.

Түүнийг кабинетаасаа явуулах эрх Л.Оюун-Эрдэнэд, УИХ-ын бүрэн эрхээс бүр мөсөн чөлөөлөх эсэх нь Г.Занданшатарын мэдэлд бий.

Хяслантай нь, Л.Оюун-Эрдэнийн тэчъяадан дэмжиж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийе гэвэл парламентаас шүд сугалах хориотой. Тиймээс Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар даажинтайгаар өргөдлөө шидсэн нь энэ биз. Тэднээр тогтохгүй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, А.Адъяасүрэн нар өргөдлөө өгөхөөр нэгдэж эхэлсэн гэх мэдээлэл саарал ордноор тархаж эхэллээ.

Тавын таван УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзвал энэ парламент юу болж хувирах нь тодорхой. Ямартай ч хаврын улстөр ширүүхэн өрнөж, Үндсэн хуультай манатай болох шинжиндээ орчихлоо. Тэгэхээр энэ нь намраас хойш өөдийн бараа үзэлгүй нүдүүлж ирсэн У.Хүрэлсүхэд тун таатай нөхцөл болно гэсэн үг. Тэр ч утгаараа Т.Аюурсайханы өргөдөлтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн баг хэдийнэ хөдөлж эхэлсэн гэгдэж байна.

Үнэндээ зөв нүүвэл бүх тоглолт, бүлэг фракцтай юутайгаа түүний тойрогт орж ирэхээр харагдаж байхад юу ч хийлгүй өнгөрвөл тэнэгийн цаадах тэнэг болж, үлдсэн он жилүүддээ сувинер төдийхөн сүүтийж, даамжирвал хугацаанаасаа өмнө татуулах хувь заяанд хаягдаж үлдэх нь үнэн юм.

Орчуулах »