Ж.Мөнхбатын өргөдөл У.Хүрэлсүхийн хилэнг шингээсэн “тэсрэх бөмбөг” аж…

У.Хүрэлсүх сэрчихэж… Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даруулгатай тоглохгүй бол тэрбээр парламентийг тараахаар өндийж буй бололтой. Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл Л.Оюун-Эрдэнэд зориулсан анхааруулга төдий байж.

УИХ хугацаанаасаа өмнө тарж, ирэх есдүгээр сард дахин сонгууль явуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Тэрбайтугай 2023.09.20-ны лхагва гарагт гэх нарийвчилсан өдрийг ч эх сурвалжаас хэлж байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр зөвлөлдөх санал асуулга явуулж эхэлсэн энэ үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл шидчихээд хилийн дээс алхахаар болсон нь түргэдсэн бацааны гоомой үйлдэл хэрхэвч биш. Түүний хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл гэдэг дөрвөн мөр шүлэг шиг танил болчихсон эд. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан Г.Баярсайханыг заамдаж, цохисон хэргээр ялын тогтоол уншуулангаа алдсан бол энэ удаад нүүрсний хэргээр нийгмээс тусгаарлагдахдаа хүрч яваа нөхөр.

Гол нь Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээс хамаарч Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үгүй нь шийдэгдэх сонирхолтой нүүдэл эхэлчихлээ. Түүний асуудлыг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэнэ гэсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдэгдэл үүнийг баталж буй хэрэг.

Арга ч үгүй биз, ээлжит бус зарлах эсэх хөзөр У.Хүрэлсүхийн гарт бий. Түүний үгнээс зөрдөггүй Г.Занданшатарыг хөдөлгөж ээлжит бус чуулган зарлуулна гэдэг Л.Оюун-Эрдэнэд амаргүй даваа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч Ерөнхийлөгчийн гол тоглогчдын нэг.

Тэгэхээр Ж.Мөнхбатын асуудлыг яаравчлуулах нь гай дуудахаас гавьяа болохгүй.

Хуулийн дагуу байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдэх гэсээр байтал УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнөх нэг жил дотор орон гарсан тойрогт нөхөн сонгууль хийхгүй гэх эрх зүйн зохицуулалтыг мөргөөд зогсоно. Товчхондоо нөхөн сонгууль явуулах боломжгүй гэсэн үг. Хуулийн хугацаанд яаравчлуулж зүтгүүллээ ч ганц жилийн настай УИХ-ын гишүүний суудалд суух тэнэг олдохгүй биз.

Ядахад яр гэгчээр Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Батжаргалыг чөлөөлсөн ч орных нь хүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөг хүртэл батламжлалгүй уясаар өөртөө түвэг удчихсан суугаа. 

Нөгөөтэйгүүр Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжгүй болж байгаа юм. Үндсэн хуулийн 69.1-т “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална”. Мөн хуулийн 21.1-т “УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна” хэмээн нарийвчлан зааж өгсөн. Тэгэхээр Ж.Мөнхбатын өргөдлийг хүлээгээд авчихвал УИХ-ын гишүүний тоо 75 болж эцэг хуулийн өөрчлөлт гацаанд орно.

Энэ бүгдийг тооцсон учраас Ж.Мөнхбат өргөдлөө бичихдээ дунд хуруу шүлгээ уншиж, дуу хуур хангинуулсаар бичсэн гэдэгт мөрийцсэн ч алдахгүй биз.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэвэл У.Хүрэлсүхтэй тохиролцоонд хүрч, Ж.Мөнхбатыг нүүрсний байтугай хэргээр нухаж орилуулахгүй гэх ам тангараг өгч таарна.

Ж.Мөнхбатаас гадна УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлээд байгаа. Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлаар Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нар яллагдагчаар татагдсан. Тэднээс гадна Л.Оюун-Эрдэнийн нэрлэсэн А.Адьяасүрэнг мартаж болохгүй.

Ядаж байхад намын эмэгтэйчүүдийн байгууллагыг Д.Сарангэрэлд үлдээхээр У.Хүрэлсүхтэй тохиролцсон хэрнээ Д.Амарбаясгалангийн шахаанд орж Х.Булгантуяаг зүтгүүлсэн гэм нь Л.Оюун-Эрдэнийг тулхтай, нуруутай улстөрч болох чадамжгүй гэх тодорхойлолтод хүргээд зогсохгүй, намын ахмад гишүүдээс түүнийг намын дарга байх эрхгүй хэмээн шүүмжлээд эхлэв.

100 жилийн түүхтэй, олон арван туршлагатай гишүүдтэй атал АН-ын угшилтай, АН-ын гишүүнчлэлтэй нөхдөөр зөвлөхөө хийлгэдэг явдал нь түүнийг намын даргаас огцруулах хангалттай үндэслэл мөн гэж үзэж буй аж.

Тиймээс түүнийг зайлуулах ажил парламентийг тараахаас эхэлнэ гэх улстөрчид нэлээдгүй байгаа юм.

УИХ-ыг тараах эсэхийг гишүүд өөрсдөө шийднэ. Гишүүдийн 51-ээс дээш нь дэмжиж, гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн зохицуулалттай.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламентийг тараах асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Үүний тулд 51 гишүүний гарын үсэг шаардлагатай. Гэхдээ улс төрийн үр дагаврын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх эрсдлүүдийг тооцож байж шийдэх асуудал” гэж байсныг мартаж болохгүй.

УИХ хугацаанаасаа өмнө тарах асуудал хөндөгдөөд албажвал анх удаагийнх биш.

Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын бага хурал 1990-1992 онд анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлж батлаад тарж байсан байдаг.

Энэ удаагийн МАН парламентад 62 суудалтай. 32, 33-аар талцан илүүрхэж явсан туршлага У.Хүрэлсүхэд бий. Тэрчлэн УИХ дахь АН-ын гишүүдийн талаас илүүгийн дэмжлэг түүнд ирнэ. Тиймээс 51 гишүүний гарын үсэг ядах юмгүй цуглачих биз.

Даарин дээр давс болж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй гэсэн Т.Доржхандын үг хаврын жагсаалын суурь болно. Тэгэхээр дотроосоо дэмжлэг авахын зэрэгцээ гаднаас турхирч, парламентийг огцруулах албан бичгийг өргөн барина гэсэн үг.

Хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Гарын үсэг зурсан албан бичиг Г.Занданшатарын гарт очиж, холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцлээ гэхэд сар гаруйн хугацаа өнгөрнө. Улмаар бэлтгэл ажлын тов гэх байдлаар тэгж ингэсээр есдүгээр сард ээлжит бус сонгууль болох тооцооллын дагуу Ж.Мөнхбат өргөдлөө сараачаад шидсэн байх нь.

УИХ-ыг тараах санаачилгыг өмнө нь Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд гаргаж байсныг энэ зуурт саная.

Тэгэхээр дорвитойхон шийдчихгүй атлаа тэрийг ч энийг ч дэлгэнэ, барина хорино хэмээн сүржигнэсээр ирсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “зурлага” энэ хүрээд өндөрлөх нь бололтой. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын дунд тэлээ хурга шиг гүйж, завсар сиймхий бүрийг өөрт ашигтайгаар эргүүлж ирсэн Д.Амарбаясгалангийн араншинд дур гутсан Ерөнхийлөгч тун удахгүй түүнд “ухамсрын шанаа”-г жинтэйхэн өгөхөөр бэлдсэн гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Үргэлжлэл бий…

Орчуулах »