У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үеийн нь асуудлаар буруутгах нь

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан М.Энхболд нарыг АТГ-т шалгуулахаар өгч буй бололтой.

Энэ жагсаалтад өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нар ч нэмэгдэх биз.

Тэрбээр Засгийн газрын 2022.11.30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулангаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн хяналт, шалгалтын талаарх мэдээлэл дээр бараг бүтэн цагийг зориулан бухимдав. Ингэхдээ хэд хэдэн ноцтой зүйл дурьдсаны нэг нь дээрх албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа гэх ойлголт төрүүлэхүйц агуулгыг хэдэнтээ давтлаа. Ингэхдээ тэр хувийн хэвшлийн бизнесийн нэр хүндэд бүдүүлгээр халдан байсхийгээд л Кью эс си, Худалдаа хөгжлийн банк хэмээн нэр цохож ирээд дайраад байснаас бус нэрлэсэн хугацаанд нь төрийн эрх барьж байсан улстөрчдөө оноон дайрч чадахгүй хий л загзагнаж, шилээ шөргөөсөөр мэдээллээ дуусгав.

Улстөрч, тэр дундаа төр түшилцэж яваа хүн ааш аяг, хувийн хорсол заналаа ил гарган минчийтэл бухимдаж, өөрт нь нүүр өгөөгүй бүсгүйг муучлан гүйдэг дорой эрс шиг загнах гунигтай, ишшшш чааваас даа хэмээн гутрам хөөрхийлөлттэй харагддаг аж.

Өнөөдрийг хүртэл албан ёсны хэвлэлийн хурлын индэр, цагийг ашиглаад хувийн хэвшил рүү, бизнес эрхлэгчид рүү нэр заан давчдан дайрч байсан улстөрч нэгээхэн ч байгаагүй тул Д.Амарбаясгалангийн эл үйлдэл дэндүү цочирдом байлаа. Гэм буруутай нь тогтоогдож, улс орныг хохироосон бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хэнбугай байсан ч ял зэм хариуцлагаа хүлээгээд явдаг тул үе үеийн улстөрчид хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад хэн нэгний нэр хүндэд ийнхүү бүдүүлгээр халдаж байгаагүй юм.

Тэр байсхийгээд л “Худалдаа хөгжлийн банк болон Кью эс си компани нь тухайн онуудад засаг төрийн бүх шийдвэрийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргуулж ирсэн” хэмээн уйлан дуугарч байв. Үнэндээ засаг төр гэх эзэнгүй байшин байгаад, тэр рүү хэн дуртай нь гүйж ороод тамга дараад өөрөө өөртөө шийдвэр гаргаад, гаргуулаад явдаг шиг юм яриад зогсч байхаа боль оо, Д.Амарбаясгалаан!!!

Төр нэг ч өдөр эзэнгүй байгаагүй…

Нэртэй устай, онтой сүүдэртэй нь ярь! Эс бөгөөс улстөрчдийг, тухайн үеийн эрх баригчдаа нэрлэн зарлаж чадахгүй юм бол хоосон баатрын дүр эсгэж аж ахуйн нэгждээ чичлэн омгорхох хэрэггүй юм. Чиний цаг дуусахад хэн ч биш болоод бусдын адил утаат жалгандаа л амьдарна. Харин гүтгэн доромжлогдсон аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид чинь татвараа төлсөөр, мянга мянган өрхийг ажлын байраар хангасаар зүтгэж л байна гэдгийг бүү март.

Уг нь мань хүн 2014 оноос хойш УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан үе үеийн эрх баригчид концессын эрхийг хэрэгжүүлэгчээс авлигал авч эрх ашигт нь нийцүүлэн ажиллаж, улмаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч хөрөнгийг шамшигдуулахад дэм болж ирсэн нь хяналтаар ил болсон тул Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өглөө гэх гээд байгаа бололтой. Харамсалтай нь энийгээ хэлчих зориг дутаад, түүнээсээ болж өөрөө нервтэн хүзүү хоолойгоо шөргөөсөөр бууж байгаа юм.

Концессын эрхийг хэрэгжүүлж байсан этгээдүүд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийг 2014-2021 оны турш, нийт долоон жилийн хугацаанд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ажиллуулж 2 их наяд 620 тэрбум төгрөгөөр хохироосон юм байх. Ер нь ийм их хөрөнгөтэй үйлдвэр юм бол яах гэж ч концессын гэрээ байгуулаад хувийн хэвшлээ татан оролцуулж яршиг түвэг удаж байсан юм бол гэж гадны хүн сонсвол гайхах байх даа, Д.Амарбаясгалан дарга аа!!! Гэхдээ наад үйлдвэр чинь 2010 оноос өмнө 14 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 40 тэрбум төгрөгийн тайлан баланстай, 15 тэрбумын өрөнд ээрэгдэж үүд хаалгаа барьдгийн даваан дээр амийг нь аврах сүүлчийн арга гээд концессын гэрээнд орж байгаагүй бил үү.

Яахав, тэр үед Д.Амарбаясгалан дарга улстөрд сураг ч үгүй байсан болохоор мэдэхгүй байж болох л доо.

Тэгэхээр тийм байсан үйлдвэрт хаанаасаа, хэрхэн 2.6 их наяд гараад ирэв ээ… Бараг 3 их наядаар хохироочихоод байхад хэвийн ажиллаад байхыг бодвол Дарханы төмөрлөгийн үйлдвэр хөл дээрээ босчихжээ. Тийм их хөрөнгө санхүүтэй болсныг нь Засгийн газрын ажлын хэсгээс тогтоосон юм бол харин ч ийм болгож өгсөн хувийн хэвшилдээ концессын гэрээний дагуу тэр хэмжээгээр нь Төр өөрөө өртэй болчихож байгаа хэрэг биш юм уу?!

Юун яасан Авлигатай тэмцэх газар билээ…

Хэрэв Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа бол хувийн хэвшлийг биш тухайн онуудад Төр, Засгийн эрх барьж байсан нөхдийг шалгуулахаар өгч байгаа юм байна, тийм үү. Тэгэхээр нийтлэлийн эхэнд дурьдагдсан хэсэг рүү эргээд очих болж байна.

Төр эзэн биетэй… Хэзээ ч эзгүй байгаагүй гэдгийг хатуу тогтооё. Хэн төрийн эрхийг атгаж байсан, тэр эрхийг эдэлж ял ямбыг ч үүрнэ. 

Тэгэхээр Д.Амарбаясгалан сайдын хэлээд байгаа 7 жилийн хугацааны эхэн буюу 2014 он бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байсан үе. Удаах нь Ч.Сайханбилэг. Харин 2016 оноос МАН төрийн эрхэнд үнэмлэхүй олонх болж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол 2017 оноос У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн гэхээр эдгээр нөхдийг Худалдаа хөгжлийн банк болон Кью эс си компаниас авлигал авч, тэдний эрх ашигт нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргадаг байсан гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын одоогийн дарга үзэж байгаа байх нь.

Энэ 7 жилийн хугацаанд нь УИХ-ын даргаар З.Энхболд, М.Энхболд, Г.Занданшатар гурав ажиллаж байсан. Тэд ч хувийн хэвшлийн бизнесийн хэрэгсэл болж, хууль дүрмийг тэдний зүгт хандуулж өгсөн гэсэн үг. Үүн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ч нэмэгдээд жонхуурсан юм болох нь.

Уг нь үүнийгээ л хэлээд, эдгээр нэр бүхий улстөрчдийг Худалдаа хөгжлийн банк болон Кью эс си компанид давуу эрх олгож байсан, ингэхийн тулд авлигал авсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газарт хандлаа гэчихсэн бол утга төгөлдөр, ойлгомжтой, сүртэй ч харагдах байлаа.

Олон нийт ийм байхыг, шударга байдлыг л хүсээд байгаа юм, Д.Амарбаясгалаан!!! Гэтэл чи ч хэлэх гээд хэлж чадахгүй хий л шилээ шөргөөн, шөргөөн бухимдаад байгаа чинь ил байна лээ л дээ, хөөрхий.

Хувийн хэвшил хэзээ ч ганцаараа гүйж ороод төрийн тамгыг өөртөө дараад байхгүйгээс хойш буруутгахаа хүрвэл давуу эрх олгосон гэж үзээд байгаа улстөрчидтэй нь хамтад нь зарлаад, айж хулмагнаад байлгүй нээлттэй шалгуулаад яв. Тэр цагт чи жинхэнэ улстөрч болно. Үгүй бол чаддаг болтлоо цүнх барь. Тэр нь шулуун.

Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага тул Худалдаа хөгжлийн банк болоод Кью эс си компанийг тухайлан шалгах учиргүй. Харин хэн нэг албан тушаалтан, эрхтэн дархтанд авлигал өгөх замаар нөлөөлж төрийн өмчийг, төрийн үйлчилгээг авсан гэж үзвэл шалгаж таарна.

Тийм бол Д.Амарбаясгалан хэнийг тэдэнтэй холбож шалгуулахаар АТГ-т хандав. Түүний үг бүр далд утга дайж байсан тул уртаар амьсгаа авч, хоолойн чичиргээгээ даран байж хэлсэн хэсгийн “Кью эс си нь 240.8 тэрбум төгрөгийн концессын төлбөрийг 2018 онд гаргуулан авсан байдаг. Үүнийг буцаан төвлөрүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл төлөөгүй” гэснийг онцгойлон сонирхъё.

240.8 тэрбумыг зүгээр гүйж ороод авчихгүй, хэн нэгний зөвшөөрлийн дагуу авах тул Д.Амарбаясгалан энэ хэсгийг хэнд зориулан хэлэв. 2018 онд хэн Засгийн эрх барьж байв?!

Түүний онцгойлон сийгүүлсэн эл онд Г.Занданшатар УИХ-ын дарга, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байж. Тэгвэл Кью эс си компани болон үргэлж буруутгагддаг Худалдаа хөгжлийн банк нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт авлигал өгч концессын төлбөр гэгдэх 240.8 тэрбумыг авсан гэсэн үг үү?!

Ийм сэжиг, хардлагын үндсэн дээр хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ гэж ойлгож болох уу.

Төртэй, Засгийн газартай холбогдсон аливаа гэрээнд хувийн хэвшил дангаар буруутгагдаж яллагдана гэж хэзээ ч байхгүй. Тиймээс Кью эс си-д холбогдох утасны нөгөө үзүүрт хэн яваад байна, түүнийг нь мэдсээр байж ил зарлаад хэлчихгүй атал аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг цохон чичлэх нь ямар нэг санаа агуулсан шантааж, сүрдүүлгийн хэлбэр биш биз!

Ингэж хардахын учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдээллийнхээ төгсгөлд “АТГ богино хугацаанд дүгнэлтээ гаргаж, шүүхэд шилжүүлнэ гэж харж байгаа. Засгийн газрын зүгээс АТГ-т холбогдох шаардлага баримт материалыг хүргүүлсэн. Тиймээс богино хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ” гээд хэлчихсэн. Магадгүй, энэ нь ч намын Бага хурлаас өмнө амжуул гэсэн “даалгавар” байж болох уу?!

Ийм хардлага яагаад байж болохгүй гэж…

Авлигатай тэмцэх газрын даргыг ард түмний саналаар сонгодоггүй тул үнэмлэхүй олноор төрийн эрх барьж буй намын удирдлага АТГ-ын дарга нарт нөлөөлөхгүй ажиллаж чадна гэдгийг хэн хэрхэн батлах юм бэ?! 

Ер нь бол дараалсан сонгуульд ялалт байгуулсан гэх гавьяагаар намын дотооддоо хаан, заан болж, улмаар хэнд ч дийлдэшгүйгээр хүчтэй, хурдтай өндийж байсан тул барын зулзагыг бага дээр нь гэдгийн үлгэрээр намынхан нь Д.Амарбаясгаланг генсэкийн суудлаас дэвшүүлэн зайлуулж буй нь хэнд ч ойлгогдохоор байгаа. Мань эр ч үүнийг эсэргүүцсэндээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын томилгоо хийгдэх үед Монголоос гарч хэсэг эзгүй байсан гэдэг.

Өдгөө намын шинэ генсэкээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар яригдаж, дэмжигдэх нь ч тодорхой боллоо. Тэрбайтугай Зүүний хүчний холбоог У.Хүрэлсүхтэй аав талаараа ах дүүсийн холбоотой гэгддэг Сангийн сайд Б.Жавхлан тэргүүлэхээр яригдаж байна. Тэгэхээр цаашдаа Засаг хөдөлбөл дагаад унаж, унах унахдаа байнд ч, банзанд ч үгүй буух хувь тавилан Д.Амарбаясгаланг хүлээж буй тул тэр хамгийн түрүүнд хэнд гомдож, хэнд хорсох бол…

Мэдээж У.Хүрэлсүх. Өөр хэнд ч биш…

Тиймээс 2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн нь төмрийн хүдрийн баяжмалын асуудлыг ийн сөхөж, болохгүй бол Салхитын мөнгөний ордоор тэтгэвэрийнхний зээлийг тэглүүлж мөнгөний баяжмалаа Трафигурад нийлүүлэх болсон зэргээр нь буруутгаад Ерөнхийлөгчөөс нь эргүүлэн татуулах кампанит ажлыг төсөөлчихсөн яваа ч юм билүү, хэн мэдлээ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь бүхлээрээ багтдаг хойно…

Тэгээд ч эрх баригч намын бага хурал болохын өмнө буюу ирэх бүтэн сайн өдөр зарлагдаж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаал У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн суудлаас буутал үргэлжлэх сценаритай гэгдэж байгаа нь тохиолдлын гэж үзэхэд хэтэрхий үнэмшилгүй хэрэг болох биз.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »