Тонн нүүрсээр үндэсний тээврээ зольсон Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдын сургаар барьц алдаж байна

Эрх баригчдын дотоод дахь тэмцэл туйлдаа хүрч бөгс бөөрөө ухалцаж байна. Нүүрсний асуудал уг нь улиг болсон сэдэв. Үе үеийн Засгийн газрын түвшинд яригдаж нүүрсний хулгайчидтай тэмцэнэ гэдэг ч удалгүй өнөөх хулгайчидтайгаа эвээ олчихдог уу, яадаг уу тэгсхийгээд намждаг.

Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд ирүүлсэн мэдээлэлдээ 6.5 сая тонн нүүрсийг Монгол Улс 10 жилийн хугацаанд алдлаа гэсэн байгаа. Тэгэхээр багадаа л 10 жилийн турш үргэлжилсэн хулгайг сүүлийн 7 шахам жил дангаар, тэр дундаа үнэмлэхүй олноор эрх барьж яваа МАН мэдээгүй байсан гэвэл үлгэр.

Өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг.

Бүтэн 10 үргэлжилсэн хулгайн хэргийг Монгол, Хятадын гаалийн байгууллага энэ цаг үед гаргаж шидээд л, өнөөх дээр нь эрх баригчид хальтирч тэшин зодолдоод л… зугаатай байгаа юм шүү.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч. Сангийн сайдаар ажиллахдаа зээлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг гаргаж авлаа. Тэр зээлээр 7 төсөл хэрэгжүүлсэн. Нийт дүн нь 439.6 сая ам.доллар. Хөтөлбөрт өөрийнх нь сонгогдсон тойрог хамрагдсан. Сонгогчдыг хахуульдахад зориулсан мөнгийг жил жилийн төсөвт суулгаж байна. Төсөвт жил бүр суулгаж байгаа тэр мөнгөний задаргааг өнөөдрийг хүртэл танилцуулдаггүй. Энэ бол төсвийн хулгай. Дээр нь хуулийн хулгай нь нэмэгдээд мэргэшсэн хулгайч болж байна” гэх онц ноцтой мэдэгдлийг хийлээ.

Ч.Хүрэлбаатар хариуд нь “Чиний попролт хэтрээд байна. Сайн бодож байж асуудалд хандаарай” гэнгээ “Нүүрсний хулгайг хуульчид дардаг. Хэний ямар ангийн хүүхдүүд байгааг удахгүй УИХ-ын түвшинд сонсгол дээр хэлнэ. Цаашдаа 6-7 жил нүүрсний асуудал яригдана. 2-3 парламент дамжигдаж энэ асуудал хөндөгдөнө” хэмээн Б.Энхбаярыг сүрдүүлэх мэт аягласан нь төрийн түшээд гэж нэвширчихсэн гэмт хэрэгтнүүд бөгөөд бие биенийхээ хэргийг мэдэж буй ч шаардлага гарсан үед тохиролцох маягаар ашиглаад өнгөрдөг байх нь гэх ойлголтыг төрүүлж байгаа юм.  

Б.Энхбаяр гишүүн хуульч. Тэгэхээр Ч.Хүрэлбаатарын хэлсэн нүүрсний хулгайг хуулийн түвшинд аргалдаг ангийнхан Б.Энхбаяртай холбоотой гэж ойлгогдож байна.

Өнгөрсөн 10 жилийн нүүрсний хулгайн лавтай 7 жил нь МАН-ын Засагтай шууд холбогдоно. Тийм ч учраас Д.Амарбаясгалан Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгачихсан юм биш байгаа. Үйл ажиллагааг нь сайжруулан улам бүр хүчирхэгжүүлэх ёстой байгууллага юуны учир татан буугдав!!!

Яг үнэндээ, хөндлөнгийн нүдээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар “нүүрс”-ээ булаалдан зодолдож байна л гэж харагдаад байгаа. Хэн ухаан зарсан нь Бага хурлаар ойрын зайн ноёрхлоо тогтоож чадна.

Гишүүдийнхээ хүндлэлийг хүлээж, хүрээллээ бий болгож чадаагүй яваа Л.Оюун-Эрдэнэд иймэрхүү “цусгүй” тулаануудаас өөр найдах юмгүй байхгүй нь үнэн.

Засгийн газрын тэргүүн болмогц Хятадад айлчилж Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын талаар хэлэлцэн, Монголын үндэсний тээврийг устгах зорилго бүхий нүүрс тээврийн С зөвшөөрлийг худалдан авагч талын саналыг харгалзан олгож байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, үүнийхээ шанд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болоод ирсэн.  

Түүний баталсан Засгийн газрын 362 дугаар тогтоол гээч нь нүүрс тээврээс үндэсний тээврээ бүрэн шахаж зайлуулах суурь болж, тэр гавьяагаар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавиад хоёр талаасаа тохиролцоод авлаа.

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн “Эрдэнэс Монгол”-ын бүтцэд өөрчлөлт оруулж, төмөр замын компаниудыг нэгтгэн удирдлагаар нь Ч.Хүрэлбаатарын цүнх баригч гэгддэг С.Наранцогт томилогдов. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ Увс бүлэглэлтэй нэгдэснээ зарлаж буй хэрэг биз.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан С.Наранцогтын хувьд сайн гэхээсээ саар мэдээлэл ихтэй нөхөр. Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр найдваргүй зээлдэгчдийн үүх түүхтэй нэлээдгүй холбоотой бөгөөд энэ талаарх мэдээллийг жичдээ хүргэх тул түр орхиё.

Нүүрсний хулгайтай зогсолтгүй тэмцэхээ мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ дээрх томилгооноос өмнө “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуягийг шалтгаангүй шахам зайлуулаад нутгийн дүүдээ тамгыг нь шилжүүлснийг бүгд мэднэ.

Б.Ганхуягийн өмнө Тавантолгой төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг хуулийн байгууллагад барьж “өгсөн” гэчихэд хилсдэхгүй. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхантай хамт МАН-ын шинэчлэлийн хороог байгуулж, намын удирдлагуудаа сандаргаж явсан нөхөд.

Тусгаар тогтнолын ордонд хаягтай МАН-ын шинэчлэлийн хорооны Удирдах зөвлөлийн дарга Т.Аюурсайхан бол нөгөө хоёр гишүүд нь. Улсын бүртгэлд тэр гурваас өөр хүн байхгүй.

Т.Аюурсайханыг Н.Багабанди гэж хардаг ч У.Хүрэлсүх чирч яваа гэж болно. Н.Удаанжаргалын нэр дээр дээрх шинэчлэлийн хорооноос гадна Монголын оюутны холбоо, Туулайн хан, Монголын оюутны холбооны дэргэдэх оюутны хөгжлийн сан бүртгэлтэй бол тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Лэндмн ББСБ-ын хувьцаа эзэмшигч гэдгээ мэдүүлсэн байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Конгресс клуб”-тэй ч огтлолцож байгаа юм.

Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад “Мэдээгүй. Хэвлэл мэдээллээр харсан” хэмээн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг саатуулах үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн “Мэдээгүй. Манайд зурагт байхгүй” гэдэг араншинг нь дууриав.

33 хүнийг хамруулж, 24 обьектод нэгжлэг хийсэн ажиллагааг Х.Нямбаатар мэдээгүй байна ч гэж юу байх билээ.

Тэрчлэн Засгийн газрын хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг чөлөөллөө. Тэрбээр Засаг даргаар томилогдохын өмнөх дөрвөн жилд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан нэгэн.

Г.Батзам нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүн. Б.Дэлгэрсайхан АТГ-ын дарга асан Х.Энхжаргалтай сайн найзууд гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Тэд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуульд сурч байхаасаа нөхөрлөсөн гэдэг. Сүүлд Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас чөлөөлж, орных нь хүнийг томилоход оюутан цагийн найзаа өмөөрч, ил цагаан эгдүүцэж байв.

 Х.Энхжаргалын насан багын найз нь УИХ-ын дарга асан М.Энхболд. Үүнийгээ ч 2017 онд АТГ-ын даргаар ажиллаж байхдаа гишүүдийн өмнө нүүр бардам хэлж зогссон.

Сүүлийн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан М.Энхболд нарын уулзаж учрах нь элбэгшиж Сү.Батболдын фракц ч ойр тойронд нь сүүдэгнэх болсныг улстөр сонирхогчид анзаарсан биз.

Тэгэхээр МАН-ын дотоод дахь зодоон нүүрсний хулгайн рингэн дээр өрнөж буй нь аятайхан байхгүй бол аль нь ч шоронд явахад ойрхон шүү гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Т.Доржханд гишүүний хэлснээр нүүрсний хулгайгаар 20 их наяд төгрөгийн асуудал яригдаж байгаа бол Хөгжлийн банкны найдваргүй зээл ердөө 2 их наяд төгрөг гэж байгаа.

Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнэ Увс бүлэглэлтэй гар нийлэхийн тулд Д.Сумъяабазараас татгалзах шаардлага тулгарч Нийслэлийн намын хороог өөр хүнд өгөхөөр яригдаж байна. Үүнд Д.Амарбаясгалангийн хатгаас ч нөлөөлж буй биз.

Хэзээнээсээ таагүй харилцаатай байсан Д.Амарбаясгалан Д.Сумъяабазар нар дээр Ч.Хүрэлбаатар нэмэгдэхээр ямар юмных нь нэгдэл болох билээ. LRT төслийг гацаачихаад “Хотод санхүүгийн эрх мэдэл өгөөд байдаг эцэстээ УИХ-ыг, төрийг шантаажлах байдалд оруулж байна. Тиймээс нийслэлд өгсөн санхүүгийн эрх мэдлийг буцааж авна” хэмээн загнаж суусан Ч.Хүрэлбаатар одоо л Д.Сумъяабазараас салахгүй бол хэний, юуны үр сад болох билээ гэж яваа биз. Тэгээд ч Д.Сумъяабазарын зөвлөхөөр М.Энхболд ажиллаж буй нь хэнд нь ч хэрхэн таалагдах билээ.

Ямартаа ч энэ бүгдийн эцэст нэгэн цагт гутаан доромжилж, элдэвлэн хөөж явуулсан М.Энхболд нь эргэж, ирэх ирэхдээ илүү том, илүү заналтайгаар айсуйд Л.Оюун-Эрдэнэ байх суухаа олж ядан хэнийг, аль фракцийг түшвэл заяа тэгш үлдэхээ тооцон сандарч байгаа нь үг хэл, үйлдэл суудлаас нь илэрхий болж.

Орчуулах »