С.Мөнхчулуун: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хятадын хөрөнгө оруулалттай компани Улаанбаатар хотод 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэхийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “НИТХ-ын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны өдрийн хурал дээр Засгийн газрын хэрэг эрхлэгч газраас өгсөн чиглэлийн дагуу Хятад Улсын компани болох “Тяньжин фүүдс” гэдэг компаниар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлүүлнэ гэсэн ажлыг хэлэлцүүлсэн. Үүний хүрээнд “Улаанбаатар агро” гэдэг компани байгуулна гэсэн санал орж ирсэн. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд олонхи нь буцаасан.  Учир нь “хүнсний болон Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь дөнгөж хөл дээрээ тогтож байгаа хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ татаж унагах аюултай. 50 га гэдэг бол Монгол Улсын хүлэмжийн аж ахуй эрхлэлтийн 90 хувьтай тэнцэхүйц том газар” гэсэн шалтгаанаас буцаасан. Гэтэл нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн бичигтэй өөр компаниар дамжуулан хийхээр болчихсон байгаа юм. Тодруулбал, “Улаанбаатар менежмент хөрөнгө оруулалтын” компаниар дамжуулан тухайн ажлыг хийнэ гэж дурдсан байсан. Үүнээс харахад 50 га газар дээр Хятадын хөрөнгө оруулалттай компани ажлаа явуулах нь гэсэн үг. Хятадын 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ ажил явагдана. Энэ мэдээг сонсоод хүлэмжийн аж ахуй эрхлэж буй иргэд надтай холбогдсон. Ингээд бид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байна” гэлээ. Мөн тэд Тяньжин Фүүдс компанид олгох гэж буй 50 га газрыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар хүлэмжийн аж ахуйн зориулалтаар олгохыг хүссэн. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ЖДҮХС-ийн зээлээс олгохыг шаардсан шаардлагын хариуг тав хоногийн хугацаанд авахаа мэдэгдлээ.  


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!