ШИНЭ ЗАХИРАГЧ СЭНТИЙДЭЭ ЗАЛАРСНААС ХОЙШ НЭГ Ч ТААТАЙ МЭДЭЭ ДУУЛДСАНГҮЙ

-Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хотын дарга С.Амарсайхан нараас хариуцлага нэхье, Ерөнхий сайдаа-

Монголчууд хэтийдсэн сүсэг, бишрэлтэй улс. Тиймдээ ч сүүлийн үед өдөр алгасалгүй дэгдэж буй гал түймэр, дөрвийн дөрвөн сайхан залуугийн харамсалтайгаар амиа алдсан эмгэнэлт явдал нь Нийслэлийн Засаг даргын суудалд увайгүйтэн шунаж тэчьяадсан, гол ус бут бургас сэндийчсэн гэх нөхөр заларснаас боллоо гэлцсэн жигшил, зэвүүцэл олны дунд газар авч буй нь нууц биш. Үнэндээ С.Амарсайхантанг хотын захирагч болсны дараахан хотын захиргааны байр шатаж, Богд ууланд түймэр дэгдэв. Тэрбайтугай, хэзээ ч дуулдаж байгаагүйгээр 20-иод айлын зуслангийн газар байшин шатаж, улмаар байсгээд л хэн дуртай нь очиж попорч, миний хийлгэж буй ажил хэмээн цээжээ дэлдэн шоудаж байсан цэвэрлэх байгууламж дөрвөн хүний халуун амийг авч одлоо. Үйлдвэрлэлийн осол гарч, олон хүн хийд хордож, тэр олон ажилтны амь эрстээд байхад Хотын шинэ дарга гуай гүйж хүрээд газар дээр нь ажиллаж, цаг тутам мэдээлэл өгч ажиллахын оронд алсаас ажлын хэсэг томилсон болж, албан өрөөндөө шигдсээр суугаа нь даанч өрөвдөлтэй. Үйлдвэрийн ослоос болж угаартан, улмаар лаг шаварт живж амиа алдсан ажилтнуудын харамсалтай, эмгэнэлтэй явдлын албан мэдээллийг осол болсноос хойш бүтэн 6 цагийн дараа үлгэн салган өгсөн болсон нь үнэндээ дэндүү их хардлагыг төрүүлж байна.

Otgonbayar Jadambaa-н зураг.

Бурхан болоочдын ар гэрийг оруулахгүй, доторх нөхдийг ч гаргахгүй олон цаг болсон нь ослын талаарх бодит мэдээллийг гуйвуулж, хэргийг хэдэн инженерт тохоод замруулахвий гэхчлэн олон сэжиг, таамгийг шидэлж болж байгаа юм. Юутай ч Хотын захиргааны байр, Богд уул, олон арван айлын эд хөрөнгө өдөр алгасалгүй шатаж, эцэстээ хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэн амиа алдсан залуусын эмгэнэлтэй ослын хариуцлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан зайлшгүй хүлээж, юун түрүүнд огцрох нь зүйд нийцэх биз ээ.

Цэвэрлэх байгууламжийн осол зурган илэрцүүд

Харамсалтай, гэнэтийн ослын хэрэг гарах бүрт албаныхан амиа хоохойлж бурууг бусад руу чихэж хурган дарга, даамлууддаа хариуцлага үүрүүлдэг жишиг тогтоод удсан нь үнэн. Дээрх ослын тухайд ч тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан хөдөлмөр хамгааллын инженерүүд хэргийн буруутан болж хариуцлага үүрэх нь тодорхой болсон гэдгийг ойрын эх сурвалжаас өгч байгаа.

Тиймээс хариуцсан салбарт нь дөрвийн дөрвөн хүн амь насаа алдаж таван хүн гүн хордлогын улмаас үхэлтэй тэмцэлдэн байхад Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хотын дарга С.Амарсайхан нар албан өрөөндөө бүгээд байлгүй гарч ирж толгой гудайлган уучлал хүсээд, улмаар хариуцлагаа хүлээж, ядаж л хүн чанар, хүнлэг сэтгэл ханхалсан нэгэнд ажлаа өгөх ёстой.

Хариуцсан салбарт нь, тодруулбал, Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарахад сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Хорих ангид цагдан хоригдож байсан эмэгтэй амиа егүүтгэхэд ШШГЕГ-ын дарга асан Ц. Амгаланбаяр нар ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгцгөөсөн. Эрхэм Х.Баделхан, С.Амарсайхан нараа!,  хөөгдөөд буусан хөөрхий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболд гэхэд л албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэрт НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн даргаар ажиллаж байсан Э.Дагиймаа нарынхаа хамт очиж эмгэнэл илэрхийлж байсан юм шүү. Харин хотын шинэ дарга С.Амарсайхан болоод Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан та нөхдөд тэр дайны ухаан, хүн чанар даанч үгүй бололтой.

Иймд хөдөлмөр хамгааллын инженерүүдээс гадна С.Амарсайхан, Х.Баделхан нарт ч хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулна уу, Ерөнхий сайдаа!!! Эс бөгөөс Захирагчийн сэнтийд заларснаасаа хойш нэг ч таатай мэдээ дуулгаагүй шинэхэн мээрт албан тушаал нь ахдаж, ажил урагшлуулах чадлаас гадна хохирогчдын ар гэрийнхэн болоод хотын иргэдээсээ уучлал гуйчих сэтгэл, хүн чанарын хэлтэрхий дутаж буй бололтой.

4 Сэтгэгдэлүүд

  1. сэтгэцийн өөрчлөлттэй арга ядсан лалрын хар сайтууд, хар пр-чдыг бүгдийг нь зайлуулмаар байна. ниймийг толь ч гэх шиг.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!