Өнөөдөр 185 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгоно

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэврийг өнөөдөр арилжааны 6 банкаар дамжуулан олгох нь. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийг банкинд очиж бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг нийгмийн даатгалын байгууллага, арилжааны банкуудаас сануулж байгаа. 

Зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна. 

Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдрөөс 446.4 мянган иргэнд 185.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгох аж.

Иймд банкинд дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг өнгөрөгч сарын 14-нөөс эхлүүлж улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээжээ.

Ингэхдээ Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдон мэдээлэл хүргэж байгааг НДЕГ-аас мэдээллээ.

Тэтгэвэр олголтыг ХНХЯ, агентлагийн албан хаагчид хянаж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллах юм байна.

Орчуулах »