Портер нүүрс 150-250 мянган төгрөгөөр борлуулагдаж байна

0
712

Нийслэлийн зүүн хэсгийнхнийг мод нүүрсээр хангадаг Цайз зах хэзээд л хөл хөдөлгөөнтэй хүн машин хоёр сүлжилдэж байдаг газар. Энэ захын хөдөлгөөнөөс болж Шар хад, Цайз, 16 чиглэлийнхэн өдрийн аль ч цагт авто зам дээр нэлээд түгжрэлд зогсоцгоодог. Авто машины худалдаа хийдэг болон айл өрхүүдийн амин чухал хэрэгцээ болсон нүүрс түлээ, баридлгын материалын төвлөрсөн хоёр том зах шил шилээ дан энэ чиглэлд ажиллаж байгаа нь түгжрэл үүсэх, замын ачаалал хэтрэх гол шалтгаан болдог. Захуудыг нүүлгэх тухай яриа үе үе өрнөдөг ч шийдлээ ярьж биелэлээ олоогүй байсаар дахиад л өвөл эхэллээ. Энэ тухай яриа ч төрийн аль ч шатанд дахиал л “мартагдав” бололтой.
Мод, нүүрснээс эхлээд барилгын элдэв материал, тоосго, блок борлуулж амьдардаг олон иргэн тус захыг түшиглэн амьдарч идэх хоолтой ажлын байртай явна. Харин иргэдийн нөгөө хэсэг нь энэ захын байнгын үйлчлүүлэгчид. Цасны түрүүч орж орой өглөөдөө жаварлаж эхэлсэн болохоор нийслэлийн зарим айл өрх өвлийн бэлтгэлдээ оржээ. Өчигдрийн байдлаар тус захаас нүүрс модоо нөөцөлж авч байгаа иргэд чамгүй их байсан бөгөөд нүүрсний ченжүүдийн хувьд орлогынх нь “үүд” нээгддэг үе ирж байгаад баяртай байгаагаа нуусангүй ээ. Захын гол хаалгаар оронгуут “нүүрс авах уу, мод авах уу, тэвшээрээ ачсан нь ч байна, өндөрлөж ачсан нь ч байна. Хүргэж өгье хаана вэ” хэмээн бие биенээсээ өрсөх тэд худалдан авагчдаа ер тайван байлгахгүй юм. Үргэлж л хойно урдаас нь дагаж өөрсдийн “бараагаа” рекламдана. Зарим нэг тэвдүүхэн үйлчлүүлэгч тулгамдуухан сурталчилгаанд нь бүслэгдэхдээ бушуухан хэлсэн үнэнд нь аваад гарч байгаа бол зарим нэг нь байгаа хэддээ тааруулчихъя. Дахиад жаахан буулгачих. Үнэтэй байна гээд захыг хэдэнтээ тойроод гарах.

Өчигдрийн байдлаар амралтын өдөр байсан болоод ч тэр үү нүүрс түлээгээ бөөгнүүлж байгаа хүн зон харьцангуй их байгааг ченжүүд хэллээ. Мөн портерийнхоо тэвштэй тэгшилж ачсан Багануурын нүүрс 150 мянгаар борлуулагдаж байсан бол арай ахиухан овоолж ачсан нүүрс 200 мянган төгрөгөөс буухгүй байв. Харин яг ижил хэмжээтэй Налайхын нүүрс арай өндөр үнээр буюу 180-250 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. ЗИЛ-130 маркийн авто машины тэвшээр тэгшилж ачсан Налайхын нүүрс 1 сая 300 мянган төгрөгөөр борлуулагдаж байв.
УНИ 58-36 дугаартай портерийн жолооч С.Бат-Энхийн хэлснээр “Энэ жил Багануурын нүүрсний эрэлт их байгаагаас гадна уурхайн амнаас гарч байгаа үнэ хөдөлдөггүй учраас зах зээл дээр борлуулагдаж байгаа үнийн хувьд тэгтлээ нэмэгддэггүй онцлогтой. Харин энэ жилийн хувьд Налайхын амнуудаас гарч байгаа нүүрсний хэмжээ эрс багассан, нүүрс нь бүхэлгүй сорчлогдож илт жижгэрсэн, ам бүхэн хувийнх учраас янз бүрийн үнээр ачигддагтай холбоотой зарах үнэ харьцангуй өндөр зэргээс хамаарч Налайхын нүүрсний борлуулалт муудсан” гэсэн юм. Түүний хувьд Багануурын нүүрсийг гурав дахь жилдээ зарж байгаа аж. Тэрбээр “Одоо л бидний орлогын үүд нээгддэг улирал эхэлж байна. Энэ жилийн хувьд нүүрсний үнэ айхтар их өсөхгүй болов уу. Налайхын нүүрс л жаахан үнэтэй зарагддаг юм. Түүнээс Багануурынх бол тун боломжийн. Иргэд ч дуртай авдаг болжээ. Миний хувьд одоогийн байдлаар өдөртөө нэг портер нүүрс зарж байна. Цас ороод хүйтэрчихвэл борлуулалт сайжирдаг. Багануур хот хоёрын хооронд 2 цаг л явдаг болохоор нүүрсээ зарсан л бол эргээд уурхай руу явдаг” гэлээ. Харин ууттай нүүрс зардаг жижиглэнгийн ченж Н.Ганхуягаас цөөн зүйл тодрууллаа.
Н.ГАНХУЯГ: НЭГ ШУУДАЙ НҮҮРСНЭЭС 200 ТӨГРӨГИЙН АШИГ ОЛДОГ
-Та зарж байгаа нүүрсээ нэг шуудайг нь хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ?
-Портер нүүрс аваад, шуудайлаад зарахад нэг бүрийн өртөг нь 1800 төгрөг болж байна. Бид 200 төгрөгийн төлөө л хүйтэнд хөрч зогсож байна даа. Бидэнд нүүрс авч ирж зардаг улсууд өндөрлөгөөтэй явбал Замын цагдаа зогсоогоод торгодог болсон гээд жаахан үнэтэй зардаг болсон. Нэг ковш гэдэг маань, орон сууцны халуун усны ванн гэсэн үг юм. Ийм хэмжээтэй нүүрсийг 50 мянган төгрөгөөр зарж, бид шуудайлдаг. Налайхын уурхайд нуралт ч билүү болоод хаачихсан юм гэсэн. Тэгээд хувиараа олборлолт хийж байгаа мань шиг ядарсан амьтад л зарж борлуулж байгаа шүү дээ.
-Энэ жижиг шуудайнд ойролцоогоор хэдэн кг нүүрс ордог юм бэ?
-Бид шуудайгаар нь л ярьдаг болохоос нарийн хиллэж үзээгүй юм байна.
-Ер нь аль уурхайн нүүрс илүү борлуулалттай байдаг вэ?
-Иргэдийн хувьд нүүрсний үнийг боломжийн байна гэж хэлж байгаа ч Багануурын нүүрс удаан дулаанаа хадгалдаг, цогших нь удаан учраас Багануурын нүүрсийг хэрэглэгчид олширч байгаа шиг санагддаг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!