Бүтээн байгуулалтыг “булаах”-д Хөгжлийн банк зүгээр л ШАЛТАГ

Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэж… Сүүлийн үест төрийн өндөрлөгүүдийн айлчилсан үйлдвэрийн эзэд шоронгийн хаалга татаж, аж ахуйн нэгж нь “дээрмийн машин”-д хэрчигдэж буй нь жихүүцэл төрүүлж байна.

Хамгийн сүүлийн жишээ нь “Дархан арьс ширний цогцолбор” ХХК.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020.09.17-нд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус компанийн хэрэгжүүлж буй төслийн бүтээн байгуулалттай танилцаж байв. Түүнээс жил хүрэхгүй хугацааны дараа 2021.05.23-ны өдөр дараагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “айлчилсан”. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан, З.Мэндсайхан нар ч ирээд буцсан.

МАН-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа Дархан арьс ширний цогцолбор төсөл байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар ч ийш чиглэж У.Хүрэлсүх “Дарханд 6000 ажлын байр бий болгох энэ төслийг МАН заавал хэрэгжүүлнэ. Арьс ширний цогцолбор 2024 он гэхэд ашиглалтад орно. Гүйцэтгэгч та бүхэн чадлаараа хичээгээрэй. Төр дэмжинэ” хэмээн попорч байв.

Одоо харин эсрэгээрээ өнөөх төсөл гацаж, Төр дэмжих бус дээрэмдэж байна.

Сонгуулийн өмнө “долоогоод”, сонгуулийн дараа “дээрэмдсэн” нь

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийг 2018.09.05-нд Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Лидер капитал” ХХК хамтран байгуулав. Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2018.12.21-ний өдрийн 106 дугаар тогтоол ч бий.

Төслийн хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулж, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн суурь тавигдан уул уурхай гэх хазгар таягтай Монголын эдийн засагт тулгуур багана бий боллоо хэмээн дээр, доргүй хөөрцөглөж байв.

Эмээлтэд өмхийрч, малчдын хотонд бөгсний цаас шиг хаягдаж байсан арьс ширээ боловсруулдаг болсноор эдийн засаг сэргэж, 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байртай болох байлаа.

Харамсалтай нь барилгын ажил 86, дэд станцын угсралт 95, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80, дотор дулааны шугам 50, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй явсан бүтээн байгуулалтыг эрх баригчид нам зогсоолоо.

“Дарханы арьс ширний цогцолбор” ХХК бүтээн байгуулалтыг хийхдээ орон нутгийн буюу Дарханы 20 орчим компанийг гүйцэтгэгчээр ажиллуулж, өнөөдүүл нь өөрийн хөрөнгөөр болон банк, банк бус байгууллагаас зээл авч зүтгэсэн байдаг.

Ингээд “Дарханы арьс ширний цогцолбор”-той нийлээд 20 орчим компани харалган төрийн бодлогогүй шийдвэрээс хаалгаа барихдаа хүрээд байна.

Баруун, зүүн гараараа хоёр өөр тогтоол үйлдэн залилан, дээрэм хоёрыг зэрэг шахам хийж, Шинэ сэргэлтийн бодлогынхоо эсрэг ажиллаж яваа эрх баригчдын эсрэг ард түмэн эрслэн босоход ойрхон байгаа.

ТЭЗҮ нэрт мөнгө угаалт уу

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Дархан арьс ширний цогцолбор” компанийн бүтээн байгуулалттай танилцсанаас яг хоёр сарын дараа буюу 2020.11.18-ны өдөр 185 дугаар тогтоол гээчийг гарган “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулав.

Тогтоолд зааснаар тухайн төрийн өмчит компани нь Дархан арьс ширний цогцолбор төслийн эзэмшил, ашиглалтыг хариуцах, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хариуцах үндсэн чиг үүрэгтэй байгаа юм. Улмаар дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах, гадаадын зээл тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт даалгасан байдаг.

Харамсалтай нь эл тогтоол худал хуурмаг, заль мэх төдий байсан бололтой.

Тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит компани юун дэд бүтэц шийдэж, хөрөнгийн эх үүсвэр олж өгөх манатай өөрсдөө “Дархан арьс ширний цогцолбор” төслийн яг дэргэд 25 га талбайн хогийг 60 сая төгрөгөөр цэвэрлүүлээд жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр барина гээд суугаад авсан нь даанч увайгүй.

Тэрчлэн Италийн ИМАГРО компанид 921 сая төгрөг төлөөд ТЭЗҮ хийлгэсэн нь шилэн дансанд бий.

Ингэж цагаандаа гарч байхаар ядаж бидний хийлгэсэн ТЭЗҮ-г авч төсвийн мөнгө хэмнэхгүйдээ хэмээн хувийн хэвшлийнхэн арга ядан халаглаж байна.

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК олон улсын жишигт нийцсэн цогцолбор байгуулахаар Испанийн ИПАП Инженеринг компаниар ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрийн технологийн схем хийлгэж, Швейцарийн Huni компанийн зөвлөгөөн дор салбартаа тэргүүлэгч Итали улсын Deltacque компаниар арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийлгэсэн байгаа юм.

Тиймээс төр хувийн хэвшлийн ажлыг булааж байгаа юм бол нэгмөсөн булааж ТЭЗҮ-г нь хүртэл аваад тэрбум төгрөгийг хэмнэчихгүй яагаа вэ.

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас эхэлсэн “мэх”

Төрийн “дээрэм”-д Улсын бүртгэлийн газрын ажилтнууд ч холбоотой болж таарна. Ижил нэрээр аж ахуйн нэгж байгуулахыг хуулиар хориглосон. Гэтэл 2018 онд байгуулагдсан “Дархан арьс ширний цогцолбор” ХХК гэх хувийн хэвшлийн нэрийг давхардуулан 2020 онд төрийн өмчит компани байгуулсан нь өөрөө ноцтой факт.

Тэрчлэн дүрмийн сандаа 20 тэрбум төгрөгтэй хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлсэн ч Шилэн дансанд 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэсэн байгаа нь залилан мэхлэлтийн онц ноцтой факт. Үүнийг нь мөн л Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэж авсан байдаг.

Эл бүгд дээр нэмээд хамгийн хөгийн нь Засгийн газрын 2020.11.18-ний өдрийн 185 дугаар тогтоолоор үндсэн үйл ажиллагааг нь “Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцэд дэмжлэг үзүүлэх, тухайн төслийн эзэмшил, ашиглалтыг хариуцахаар тодорхой заасан байтал яг сарын дараа санаа нь өөрчлөгдөж 2020.12.23-ны өдөр Төрийн өмчит компанийнхаа дүрмийг өөрчлөн, “үйлдвэр барих, ашиглалтад оруулах” болгосон байгаа юм.

Энэ хоёр тогтоол хоёулаа У.Хүрэлсүхийн гараар үйлдэгдсэн байгаа нь анхнаасаа хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг “дээрэмдэх” санаатай байсан юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байна.

ДЭЭРЭМ, БУЛААЛТ, ХУЛГАЙ гэдгээс өөрөөр юу гэж нэрлэх вэ

Хувийн хэвшил 180 га талбайд арьс ширний цогцолбор барих бол төрд 25 га талбай байхад хангалттай юм байх. Хувийн хэвшил жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах бол төр 4.4 сая арьс боловсруулаад бусдыг нь хаяна.

Монгол Улс 180 000 малчин өрхтэй. Жилдээ 15 сая орчим арьс шир гардаг.

Тэгэхээр төр 4.4 саяыг нь боловсруулаад 11 саяыг нь хог дээр хаях аж. Тэрчлэн ийм бага хүчин чадалтай үйлдвэр барих хэрнээ цэвэрлэх байгууламж барихад 40 тэрбум төгрөг шаардлагатай гээд ТЭЗҮ-г нь тэрбум төгрөгөөр хийлгэсэн байх жишээтэй.

Гэтэл хувийн хэвшлийнхний 10 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зардал нь 40 тэрбум төгрөг.

Иймд хувийн хэвшлийн хүчин чадлаас даруй 4 дахин бага хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр 4 дахин их үнээр барихаар улайрч, шунан дайрч байгааг ДЭЭРЭМ, БУЛААЛТ, ХУЛГАЙ гэдгээс өөрөөр юу гэж нэрлэх юм бол!!!

Шинэ сэргэлийн бодлого, Алсын хараанд Төр хувийн хэвшил хоорондоо өрсөлдөхгүй, хамтарч ажиллана гэж тодоос тод бичсэн нь ард олноо хууран мэхэлсэн явдал байх нь уу?!

Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг зогсоож, улмаар үйл ажиллагааны зорилго чиглэлийг нь булаахад хүрч буй Төрийн өмчит компанийн анхны захирал нь Н.Цэрэнбат. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын суудлаас мултраад байсан түүнийг тухайн үед генсэк Д.Амарбаясгалан томилуулж байж.

Н.Цэрэнбат нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байхдаа авлигын хэд хэдэн асуудалд хутгалдаж, Авлигатай тэмцэх газраас холбогдох баримтыг ил болгож байв. Мөн ЖДҮХС-гаас хамаарал бүхий гурван ч компани нь зээл авсан байсныг хэвлэлийн хуудсуудаас харж болно.

Түүний дараа Ц.Гансүх томилогдсон. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж түүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн гарын “даа” гэдэг. Ц.Нямдорж “Арван хувийн Даваасүрэн” гэж чуулганы хуралдаан дээр цоллож байсныг энд шигтгэе. Тендэр бүрээс 10 хувь хүртэж гаршсан гэсэн утга юм билээ. Өдгөө төрийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” компаниас 11 тендэр зарлаад байгаа нь анхаарал татах өнцөг мөн.

Улсын бус увайгүйчүүдийн АЛСЫН ХАРАА

Ийнхүү хувийн хэвшлээ дэмжиж ажиллана гэх У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын үг амьдрал дээр олны дэмжлэгийг авах гэсэн хууран мэхлэлт, зальжин арга байж хэмээн дүгнэхэд хүргэж байна. Алсын хараа 2050 нь ч улс орны бус унхиагүй энэ эрчүүдийн л АЛСЫН ХАРАА төдий байсан байх нь.

Хөрөнгийг хэрхэн босгов гэх асуудлыг хойш тавиад, юуны түрүүнд Оросын мэдэлд байсан Эрдэнэтийн 49 хувийг оруулж ирсэнд нь талархах байтал холбогдох нөхдөд нь ял үүрүүлэнгээ алдан далийрч яваа эрх баригчид цементийн үйлдвэрүүдийг самарч, өдгөө “Дархан арьс ширний цогцолбор”- руу ийнхүү давшилж байна.

Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг Засгийн газар нь давуу эрхээр дэмжиж, дэд бүтцийг нь хариуцан шийдвэрлэж өгдөг дэлхийн жишгийг тэд сөрж, сөрөх сөрөхдөө хүсэл шуналаа гүйцэлдүүлэхийн тулд Дарханы арьс ширний цогцолбор газрын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал  асан Д.Болормаа нарыг цагдан хорьчихоод байгаа нь бүр гутамшиг.

Шалтгаан нь, Хөгжлийн банкнаас авсан 15 тэрбум төгрөгийн зээл гэх өөрсдийн нь бодлогын алдаа завхралаас үүсэн төлөх хэцүү, байх нэг хэцүү болчихсон зээлийн асуудал.

Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжлийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх үндсэн чиглэлтэй байгуулагдсан банк.

Тэр дагуу буюу Монголыг хөгжүүлэх хөгжлийн зээлийнх нь шалгуурт тэнцээд зээл авсан байдаг ч цар тахлын хүнд үе, нэмээд У.Хүрэлсүхийн баруун, зүүн хоёр гараар үйлдэгдсэн хоёр өөр тогтоолын гэмээс үүдэн эргэн төлөлт саатсан л төдий…

Гэвч энэ нь эрх баригчдад зүгээр л шалтаг болж өгч байна.

Зориудаар, зохиомлоор үүсгэсэн “шалтаг, шалтгаан”-аа үндэс болгоод Хөгжлийн банкны харилцагч, зээлдэгчдийг хуулийн байгууллагаар сүрдүүлж, бүтээн байгуулалтуудыг нь булаагаад байгаа юм биш байгаа гэх хардлага эрхгүй төрж буй нь нууц биш.

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн удирдлагууд төрийн өндөрлөгүүд, холбогдох яам, тамгын газруудад дугуй ширээний ард сууж асуудлаа ярихыг хүссэн албан бичгийг хэдэнтээ хаяглаж байгаа ч хэн ч хариу өгөлгүйгээр захирлуудыг нь барьж хорин увайгүйтэж буй нь дээрх хардлагыг улам бүр лавшруулж байна.

Тэгэхээр хувийн хэвшлийнхэн Хөгжлийн төлөөх авсан зээлээ эргэн төлж чадахгүйд хүрч буй шалтгаануудаа үндэслэлтэйгээр гаргаад хариуцлагыг хохиролтойгоо өөрсдөө үүрэх бус эрх баригчдаас сөргүүлэн нэхэх цаг нэгэнт болж…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »