Жагсаал: МАНАНТСАН УИХ тар!!!

Ардчилсан намаас зохион байгуулж буй эсэргүүцлийн цуглаан Сүхбаатарын талбайд эхэлж байна. Уг жагсаалд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн дүүргүүдээс иргэд, дэмжигчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм.

Жагсагчид гартаа “60 тэрбумын УИХ тар”,  ЖДҮ-чдэд хариуцлага тооцьё”,  “Бид ЖДҮ-г жигшиж байна” гэсэн бичигтэй лоозон барьжээ.

Орон нутгаас Өвөрхангай аймгаас хамгийн олон төлөөлөл ирсэн гэсэн бол нийслэлийн Баянзүрх дүүргээс өнгөрсөн сарын 29-нд болсон ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас иргэдийн саналыг 50-100 мянган төгрөгөөр худалдан авсан гэж үзэж байгаа тул бухимдлаа илэрхийлэхээр өргөн бүрэлдэхүүнээрээ ирсэн гэж байлаа.

“Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институци хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрх зүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна” хэмээн тус намаас мэдэгдээд буй. МАН-аас 2016 онд дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, ЖДҮСангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нартаа хариуцлага тооцох, өнгөрсөн 3 жилийн хугацаанд юу хийснээ тайлагнахыг Ардчилсан намаас энэ жагсаалаар дамжуулан шаардаж байгаа аж. 

Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн,хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн гэдгийг тэд хэлж байна.

Яг одоо Төв талбайд болж буй жагсаалд оюутнууд нэгдэн ирж байна. Оюутнууд Үндэсний тэтгэлэг болох 70200-г сэргээх, нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, сургалтын төлбөрийн нэмэгдэл, “Оюутан цэрэг” хөтөлбөр  зэрэг оюутан залууст тулгараад  бэрхшээлийн талаар мэдээлэл хийж, яаралтай засч, залруулахыг эрх баригчдаас хүсч байгаа юм. 

АН-ын  дарга С.Эрдэнэ:

-Өнөөдрийн  УИХ-ыг  эрхзүйн чадамжгүй  гэдгийг нотлох 20-30  шалтгаан байна. Бид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг сануулахаар жагсаж байна. АН-ын зүгээс  ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн. Сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байна. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын  төлөө тэмцэлдсээр ирсэн. Тэгэхээр луйврын аргаар албан тушаалыг зарах замаар төрийн эрхийг авсан УИХ тарах ёстой. Шударга хуулийг дээдэлдэг УИХ-ыг шинээр байгуулах ёстой гэж бид харж байна.  Та нар санаж байгаа бол эрх баригчдын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс ганц ч зүйл   биелсэнгүй. Үүн дээр АН дуугарахгүй бол өөр  дуугарах нам алга. Нэгэн цагт АН-д  мөр зэрэгцэн явж байсан хүмүүс сүүлийн үед  уран гоё  донгодох боллоо. Тэд нарт хандаж хэлэхэд та нар байсан байгаагүй бид тэмцэнэ” гэлээ.

 АН-ын  дэд дарга Р.Амаржаргал:

-УИХ ёс  суртахууны үлгэр жишээ байх ёстой. Гэтэл  өнөөдөр байгаа хүмүүс үйлдэл, үйл ажиллагаагаараа төрийг гутааж байна. Үндсэн хуулийн үг, үсэг үзэл санааг мэддэг хүн алга. Үндсэн хуулиа мэддэг байсан бол төрийн тогтолцоог ганхуулсан шийдвэрийг өдөр  бүр   юу гэж гаргах вэ дээ. Бидний шийдвэрийг УИХ сонсох ёстой . Монгол Улсын өмнө их олон сорилт,  асуудлууд байна. Энд цугласан олондоо  талархаж байна .УИХ-ын тараахын төлөө тэмцье” гэлээ.

Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга:

-Бид 30 жилийн өмнө яг  энэ талбай дээр тэмцэж жагсаж байж монголд ардчиллыг авчирсан. Үүнээс хойш монголын ардчилал олон сорилттой  тулгарч ирсэн. Монголын хуулийн салбарыг олон жил удирдсан  нөхөр монголд эрүүдэн шүүх ажиллагаа байдаг юм байна гэж гайхан ярихыг сонслоо. Монголын төрийн албыг дэлгүүрийн бараа шиг үнэд хүргэж  зарах гэж байсныг  бид мэдлээ. Улсын мөнгөнөөс  тэрбум тэрбумаар нь хумсалчихдаа буцаагаад өгчихнө гэж  “томордог”   УИХ-ын гишүүдийг  бид харлаа. Монгол улсын  тусгаар тогтнолыг устгах гэж байна. Бид үүнийг яав ч  тэвчихгүй” гэв.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа:

-Эрх баригчид гурван  жилийн турш олон  амлалт өгсөн. Гэсэн хэдий  ч амлалтуудаа биелүүлэлгүй өдийг хүрлээ. Өмнөх парламентад эмэгтэй гишүүд  нам эвслийг үл хамааран  хүүхэд, эмэгтэйчүүдийн маш олон хуулийг батлуулсан. Гэтэл  энэ парламент гэр бүлийн тухай хуулиа  ч батлуулж чадахгүй байна 2016 онд мөрийн хөтөлбөртөө хүүхдийн  мөнгийг ялгалгүй өгнө гэж байсан  бол өнөөдөр гэр бүлийн байдлыг нь харгалзаж  олгож байна. Өрх толгойлсон ээж, аавыг дэмжих ганц ч зүйл хийсэнгүй. Өнөөдөр эдгээр амлалтуудаа биелүүл гэж бид шаардаж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө амлалтуудыг ядаж 50 хувь биелүүлсэн бол бид дэмжээд ажиллах байлаа”

Эсэргүүцлийн жагсаалд 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн төлөөллүүд оролцож байна. АН-ын гишүүдийн зүгээс “Шударга зөв зүйлийн  төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ  хэлээд эцсийн эцэст Ардчилал мөнх байх ёстой” гэх байр суурийг илэрхийллээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!