Түүний ноёрхолд цэг тавих цагийн зүү нь Д.Амарбаясгалан

Д.Амарбаясгалангийн улстөр тун сонирхолтой өрнөж байна. Тэр сөрөг хүчнийг босгоход анхаарал хандуулж, урт холын замыг хөтөлгөө морьтой туулах нь.

Ч.Сайханбилэг АН-ын Үндэсний бодлогын дэд хорооны даргаар томилогдож, С.Баярцогт мөхлийн ирмэгт тулсан АН-д аврагчийн дүрээр эргэн ирэх болсон нь тохиолдлын хэрэг биш.

Тэрчлэн Б.Баатарын найруулгатай Л.Оюун-Эрдэнийн алсын хараа 2050 нь 50 оныг үзэх байтугай 20 хүрэхгүй хоногийн дараа дуусах бололтой.

АН-ын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар томилогдсон Ч.Сайханбилэг эх орондоо ирснээр тэдний сценарид цэг тавигдана. Түүнийг угтаж авах улаан хивс болгож намын залуучууд нь С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг “шоронд” илгээх илгээлт өвөртлөөд суулт зарлачихлаа.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “Үнэндээ С.Эрдэнэ дараагийн дарга сонгох үйл явцад санаатай, санамсаргүйн байдлаар саад учруулахаа болих хэрэгтэй. Д.Сумьяабазар, Х.Нямбаатар хоёр С.Эрдэнийн ард байгаа” гэж бичсэн нь анхааралгүй үлдээчих жиргээ биш.

О.Баасанхүү Н.Энхбаяраас С.Эрдэнэ рүү урваад багагүй хугацаа өнгөрсөн. Хэдийгээр улстөрийн урваа шарваанд гаргуун ч хуульч хүн гэсэндээ үг үйлдлээ цэнэж дуугардаг нэгэн. Тэгэхээр С.Эрдэнэтэй ойр байсан түүний жиргээнээс С.Эрдэнийн ард Л.Оюун-Эрдэнэ байдаг гэх тойруу утгыг түвэггүйхэн ойлгочиход болж байгаа юм.  

Нэг нам дангаар эрх барьж буй уйтгартай улстөрөөс элэглэл, элийрлийн дүр болсон С.Эрдэнийг түлхэхдээ Л.Оюун-Эрдэнийг хавчуулаад шидчихэж байгаа нь бас ч гэж гоё.

С.Баярцогтод оногдуулсан 10 жилийн хорих ялтай хэргийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй дахин улс төрд авчрах эрх мэдэл зөвхөн эрх баригч намд л бий гэдгийг захын чавганц гадарлахтайгаа. Тэгэхээр МАН-ын өршөөл нигүүслээр С.Баярцогт АН-ын дарга болох үүд хаалга нээгдэж буй харагдавч үнэн чанартаа Рио Тинто Монголын эрх баригчдыг сөрөг хүчинтэй юутай нь шатрын хөлөг дээр өрчихсөн суугаа байх нь. Рио-гийн гарт МАН-аас Н.Багабанди, АН-аас Ц.Элбэгдорж тэргүүтэн атгуулаастай явдаг гэлцдгийг мартаж болохгүй. Тиймээс АТГ-ын үүдэнд майхантай суулт зарлачихсан залуусыг Ц.Элбэгдоржийн тавиулууд гэх нэр хоч өгөөд олон түмний зүгээс төдийлөн дэмжихгүй байгаа.

Ил өрнөх АН-ын эл үзэгдлүүдийн цаана МАН-д бас их бага тоглолтууд хийгдсээр байна.

Сайдын суудлаас татгалзаж, Тусгаар тогтнолын ордныхоо зургаан давхраас гардаггүй байсан Д.Амарбаясгалан Төрийн ордны III давхарт өрөөтэй болж, Л.Оюун-Эрдэнийн гал тогоог “авсан” нь энэ намрын сонирхолтой улстөр. Түүнийг “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”-ынхаа эсрэг ажиллаж, алхам тутамдаа хувийн хэвшил, аж үйлдвэрлэлүүдийг булаацалдах зэргээр өлөн загнаж буй Л.Оюун-Эрдэнийг зайлуулахаар Засгийн газарт орж ирсэн гэлцэж байна. Нөгөөтэйгүүр М.Энхболдын тохироо ч гэгдэж буй юм.

Сүүлийн үед Төв аймгийг ойр ойрхон зорих болсон М.Энхболд нийслэлийн намын хороог, Д.Амарбаясгалан намын төв аппаратыг атгаж, С.Амарсайханд Ерөнхий сайд, Ц.Чулуунзагдад намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг өгөхөөр эцэслэсэн гэх хувилбар эрчтэй яригдаж байна.

Л.Оюун-Эрдэнийн У.Хүрэлсүхээс шилжүүлэн авч тохижуулсан, тоглоомын өрөө шиг Засгийн газрын кабинетад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз нөхөд, Д.Амарбаясгалангийн баг, Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь цөөнх гэсэн бүрэлдэхүүн ажиллаж байв. Харин шинэчилсэн буюу өнөөдрийн танхимыг М.Энхболдын хүрээлэл, Д.Амарбаясгалангийн баг, Сү.Батболдын фракц давамгайлаад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн балиашгууд тойргоос гарсан байдалтайгаар бүрдүүлсэн.

Генсэкийн титмээ тайлаагүй байгаа Д.Амарбаясгалан Засгийн газрын гал тогоонд орж ирүүтээ Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг өөрчлөн, яамдыг хяналтандаа авч эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнээс илүү хүчтэй байгаагаа харуулсан тоглолт биз.

МХЕГ-ын 28 чиг үүргийг задалж яамд руу хуваан, гомдол мэдээлэлд хяналт тавих эрхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар авна. Зөвхөн энэ эрх нь л яамдыг хяналт, шалгалт нэрийдлээр эрхшээлдээ байлгах хангалттай шалтаг шалтгааныг Д.Амарбаясгаланд бүрдүүлээд өгчихөж байгаа юм. Үүгээрээ тэр тогловол тоглож, өрвөл өрчих нүүдэлтэй улстөрч болсон гэдгээ харууллаа.

Н.Тавинбэх, А.Ариунзаяа нарыг золигт гаргаж, Шадар сайд С.Амарсайханыг үлдээх тохироог Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн. Энэ нь хоёр хүнээр ганц суудал авч үлдсэн юм шиг харагдавч С.Амарсайханыг хотын дарга болгосон тактикаараа Гүйцэтгэх засаглалын тэргүүн болгох хожлын өрөг байж мэдэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайхантай хэл амаа ололцдоггүй, нийлж ажиллаж чаддаггүйг нь кабинетийнхан битгий хэл салбар агентлагийнхан андахаа байсан.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын цэвэрлэгээнд хамгийн түрүүнд С.Амарсайханыг нэрлэж байсан нь тэр биз.

Тэрчлэн Д.Амарбаясгалангийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн замд дахин нэг тээг тавьсан нь Ж.Сүхбаатар. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хороон даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар хотын дарга Д.Сумъяабазар ажиллана хэмээн Д.Амарбаясгалан тодотгосон нь эрх мэдлийн далайцаараа Ж.Сүхбаатар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын дээр сууж, байр сууриа илэрхийлнэ гэдгийг зарласан хэрэг болов.

Ингэж тэрбээр LRT-гийн төсөл дээр ашиг сонирхол нэгдэж, бие биеэсээ хараат бус байж чадахгүйд хүрсэн гэгдэж буй Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын дур зоргоороо авирт чөдөр тавилаа.

2013 онд Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар нар намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд өрсөлдөж Ж.Сүхбаатар ялагдал хүлээсэн. Ингэхдээ “Т.Бадамжунайн бүлэглэлийн мөнгөнд уналаа. Луйврын өрсөлдөөн болов” гэж намынхаа босгыг өшигчиж гараад МАХН-д элсэж байв. Улмаар 2016 оны сонгуульд нэр дэвшиж ялагдаад улс төрийн тавцангаас арчигдаж явахад нь МАН-д авчирсан хүн бол Д.Амарбаясгалан. Тэгэхээр сүүлийн үест шинэ маягийн хотын фракцийг толгойлон ажиллаж буй Ж.Сүхбаатарын үг хэл, үйлдэл шийдэл нь хот дээр тавьсан Д.Амарбаясгалангийн өрөг гэчихэд хол зөрөхгүй биз.

Ирэх сард болох намын бага хурлаар Ц.Чулуунзагд, А.Ариунзаяа нарын нэгээр намын гол тогоог удирдуулах тохироо явагдаж байгаа. Хэн хэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хүмүүс гэгддэг бөгөөд Говь-Алтайн угшилтай залуус.

Ийм байдлаар улстөрийн нүүдэл хийн урагшилж яваа Д.Амарбаясгалан намынхаа томоохон бүлэг фракцуудын дэмжлэгийг хэдийнэ авчихаж. Үүн дээр нэмээд хувийн хэвшлүүдээ заазлан “дээрэмдэж”, нус нулимсыг нь баран барьж хорьж буй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлээс салахын түүс болсон бизнес эрхлэгчид түүний талд байна.

Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын ноёрхолд цэг тавих цагийн зүү яваад эхэлчихэж.

Өсөхийн өлөн арилдаггүй, хургандаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байна гэдэгчлэн ганц бизнес эрхэлж үзээгүй, нэг хүний нийгмийн даатгал төлж цалинжуулж яваагүй Л.Оюун-Эрдэнийн “махны машин”-аас бизнес эрхлэгчдийнхээ зовлон жаргалыг салгаж, улсын төсөв, захиран зарцуулалтын эрхийг хурааж авах нь цаг хугацааны л асуудал болчихож.

Браво, Д.Амарбаясгалан…

Орчуулах »