Охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг цуглуулж, түүгээр сүрдүүлэг хийдэг этгээдийн талаар сэрэмжлүүлэг олон нийтийн сүлжээгээр түгэв. “Том компанийн нүүр царай болгоно” гэх мэт утгатай захидлыг залуу, царайлаг охидууд руу илгээж өгөөш бэлддэг бололтой юм, тэд. Охидтой харилцсан харилцааг зурган хэлбэрээр оруулжээ. Мэдээл­лийг сайтар нягтлахгүйгээр харахад үнэхээр л булай бүхнийг үйлдээчин байх бөгөөд цахим ертөнцийнхний хэллэгээр “ичтэл нь шейр хий”-мээр. Гэтэл хэд хоногийн дараа хэрэгт энэхүү хэрэгт шалгагдаж буй гэх нөгөөх хүн маань “Хэн ийм юм зохион байгуулсныг мэдэж байна.

Манай байгууллагын болон миний бизнесийн нэр хүндэд халдлаа. Буруутай этгээдийг хуулийн байгууллага шалгаж байгаа” хэмээн мөн л мэдээллийн цахим хуудсаар дамжуулан том гэгчийн ярилцлага өгчээ. Хэн нь буруутай болохыг хэлж мэдэх арга алга. Хууль шүүхээс эцэслэн шийдэж, гэм бурууг нь нотлоогүй бол түүнийг гэмт хэрэгтэн гэж үздэггүй.

Интернэт гэх шидтэй зүйл бидний хэрэглээнд нэвтрээд 10 илүүхэн жил болсон ч ус, тэжээл мэт болж түүнгүйгээр нэг өдрийг ч өнгөрөөж чадахгүй болтол ижилдэн дасчээ.Үүнийг бичигч би бээр аймгийн төвд байх гэрийнхэнтэйгээ холбоо барих гэж Төв шуудангийн холбоонд дугаарлаж зогсогсдын нэг. Цахим ертөнц гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй ч “Google map”-ээр амьдарч буй хашаа, төрөлх нутгийнхаа төв гудамжийг хараад гайхширч байсан бол өдгөө хаа холын Америк , Солонгосд байгаа найзтайгаа цахим ертөнцөд байх нүүр номын хуудсаар дамжуулан хажуудаа байгаа мэт ярьж байна.
Мэдээллийн технелоги асар хурдтай хөгжин гар утсанд байх жижигхэн аплекэйшний тусаар огт таксигүй компани тээврийн үйлчилгээ үзүүлж, зочид буудалгүй компани аяллын иж бүрэн үйлчилгээг нэвтрүүлж байна. Шинэ гарсан гар утсыг үйлдвэрээс нь шууд захиалан авах боломжийг зөвхөн цахим ертөнц л олгож байна. Гэрийн тавилгаас өгсүүлээд цуглуулгадаа нэмэрлэх төмөр машиныг хүртэл гадагш гарахгүйгээр худалдан авч болно. Бөмбөрцөг дэлхий маань хэдийнэ хавтгай болж, тэр хэрээр бизнест төдийгүй хүн хоорондын харилцаанд хил хязгаар үгүй болжээ.

Шинээр гарсан эерэг сайн бүхэн сүүдэртэй байдаг болохоор зууны нээлт болох интернэтэд ч мөн адил сул тал, дутагдал бий. Асар хурдан хугацаанд хүний санаанд багтамгүй их түгдэг учир түүнийг нь ашиглан дээр өгүүлсэн шиг бусдын нэр төрд халдах явдал урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэв. Сүүлийн үед их гарах болсон насанд хүрээгүй хүүхдүүд амиа егүүтгэх гэсэн оролдлогын дийлэнх нь цахим ертөнцөд гадуурхагдагсад болохыг харуул­сан судалгааны талаар манай сайт өмнө нь нийтэлж байсан.

Санхүүгийн луйвар, залилан, айлган сүрдүүлэх, садар самуун сурталчлах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэмт хэргүүд ч энэ орчинд өрнөх болж. Гадны улсын иргэд Монголын банкуудын АТМ-ээр их хэмжээний гүйлгээ хийсэн, өндөр зэрэглэлийн дэлгүүрүүдээс үнэтэй хувцас, тансаг бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн гэх мэт хэргүүдийн бүртгэл бий. Хуулийн байгууллагаас “И-мэйлээр ирсэн их хэмжээний мөнгө хожлоо” гэх захидлын цаана залилангийн үйл ажиллагаа байгаа гэдгийг сануулсаар байтал манайхан хууртсаар. Баянзүрх дүүргийн иргэн Д ийм захидал аваад 5000 ам.долларыг нэрийг нь ч бүтэн мэдэхгүй хүнд шилжүүлжээ. Ингэхдээ өөрөө мөнгө гаргаад зогсохгүй хамаатнаасаа “удахгүй сугалааны тохирол аваад буцааж өгнө” хэмээн зээлсэн нь бусдыг давхар хохирооход хүргэжээ. 60 сая төгрөгийг ийм байдлаар алдсан хүн байна гэхээр энэ хэрэг ямархуу их хохиролтой болох нь харагдана. Бидний хэнэггүй бас гэнэн занг ашиглан залилах гэсэн ийм оролдлого хэд хэд гарчээ.

Хонконг, БНХАУ, Англи, Малайзын зохион байгуу­лалт­тай гэмт бүлэглэлүүд манай бизнесийн байгууллагын интер­нэт дэх хамгаалалт сул байгааг анзаарч довтолгоо өрнүүлдэг аж. Худалдаа, үйлчилгээний компанийн түнш байгууллагын өмнөөс харилцаж, төлбөр хүлээн авах банк, дансны дугаар өөрчлөгдсөн” хэмээн өөрийн дансаар мөнгө хүлээн авсан тохиолдол ч байх юм. Луйврын бүлэглэлүүд өөр өөр улсад байх авч, үйл ажиллагаагаа нэгтгэн явуулдаг, үндэстэн дамнасан хэлбэртэй байдаг нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд бэрхшээл учруулдаг аж.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл “Цахим орчинд олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа. Дэлгэцийн араас ганц товчлуур дараад хүний нэр төрд халдах, айлган сүрдүүлэх, санхүүгийн хохирол учруулах гээд улам өргөн хүрээг хамрах боллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дурьдагдсаны дагуу Цахим гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа” хэмээсэн.

Үүний бэлтгэл ажил болгож, ГХУСАЗЗ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичгийн хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээллийг солилцох, хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлууд хийгдэх аж. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг тодорхой болгохын тулд ХЗДХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ хамтарч ажиллах байнгын ажлын хэсэг байгуулж, 2017 оны төлөвлөгөөгөө өнөөдөр баталж байгаа юм.

Дээрх байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад интернэт аюулгүй байдлаа хангах, гадаад харилцаа хариуцсан ажилтнууддаа энэ төрлийн мэдээллийг өгөх, олон нийтийг хүүхдүүдийнхээ интернэт дэх хэрэглээг хянаж, өөрсдөө ч анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!