“ГЭРЧ”-ийг явуул, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Засгийн газрын тэргүүнийг ОХУ-д Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож, геополитикийн асуудлаар байр сууриа илэрхийлээд ирэх зуурт намтар, боловсролд нь улс даяараа эргэлзсэн, эргэлзээ нь шүүмжлэл доромжлолыг зэрэгцүүлсэн өдрүүд үргэлжилж байна.

Энэ явдалд олон түмнийг буруутгах ямар ч аргагүй.

Эсрэгээрээ Ерөнхий сайд болоод Засгийн газрын хэвлэлийн алба, ялангуяа Хэвлэлийн албаны даргын боловсрол, сэтгэл, ур чадвар, овсгоо самбаа дэндүү дутагдалтай байгааг харуулсан хэрэг болж байна.

Ердийн өдрүүдийг байг гэхэд Орос оронд хөрш Монголын Засгийн газрын тэргүүн хэрхэн хүндлэгдэж, хэр хэмжээний геополитикийн тоглолт хийж чадах нь вэ гэдгийг ертөнц даяар анирдан чих тавьсан эл өдрүүдэд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон эрх баригч намын аппарат хурд хариуцлага хоёрыг ханатал харуулж ажиллах ёстой байв.

Харамсалтай нь тэд чадсангүй.

Тэртэй тэргүй улс нийтээрээ сошиал орчинд ажиллачихдаг, хэрүүлээ хийчихдэг болсон байж “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намтарт эргэлзэх хэрэггүй, тэр Хөрш оронд улс төрийн харилцаанаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийн талаар ярилцаад завгүй байна” гээд чухал төслүүд хөдөлбөл Монголд ийм тийм үр ашигтай гэх мэдээллээр бөмбөгдчих ухаан, хурд, сэтгэл Хэвлэлийн албанд нь дутав.

Магадгүй, хүн амины хэргийн гэрч гэгдэх, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Ганзул олны өмнө гарахаас эмээдэг биз. Карантин-14 контентын талаар ганц тайлбар хийснийхээ дараагаас тэр түмний өмнө байтугай Төрийн ордны коридорт ч үзэгдэхгүй шахам ажиллах болсон нь үнэн.

Арга ч үгүй…

Улс түмний хайртай хоёр бөхийн нэг нь шоронд орж, нөгөө нь энэ ертөнцөөс бүрмөсөн буцсан байхад онц хэрцгий эл явдлын гэрч болон дэргэд нь байсан нөхдийг хэн ч хэзээд ч буруутгасаар, зүхэн адалсаар байх биз.

Тиймээс Ерөнхий сайдынхаа өмнөөс ил гарч, намтар түүхийг нь хамгаалан мэдэгдэл хийх байтугай Засгийн газрын шийдвэр, мэдээллүүдийг ч олон нийтэд хүргэх зориг зүрх Т.Ганзулд дутах нь үнэн. Тэгвэл түүнд өдийг хүртэл Засгийн газрын хэвлэлийн албаны даргын суудалд шигдэн хорогдох шалтгаан юу байна?!

Монгол Улсын Засгийн газар болоод Засгийн газрын тэргүүн ч хүн амины онц ноцтой хэргийн гэрч гэгдсэн хүнийг дэргэдээ байлгасаар байгаагийн учир юу юм бол?!

Хэнд нь ч ямар нэгэн учир битүүлэг шалтаг шалтгаан үгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эргэлзээтэй намтар түүх, шүүмжлэл дагуулсан үйл ажиллагаа, шийдвэрүүдийн өмнөөс итгэл дүүрэн мэдэгдэл, нүүр бардам тайлбар хэлчихэж чадахгүй байгаадаа дүгнэлт хийгээд өргөдлөө өгөөд явах цаг чинь болсон байна, эрхэм Т.Ганзул аа!!!

Эс бөгөөс хил гааль нээгдэж, хэзээ мөдгүй дефолт зарлахдаа тулчихаад байгаа ядарсан улс орны минь эдийн засагт чухал нөлөө үзүүлэх томоохон төслүүд хөдөлж эхлэх болсон энэ цаг үед хамгийн хэрэггүй, хамгийн тээг саад болох хүн нь Т.Ганзул та болох гээд байна.

Онц хэрцгийгээр үйлдэгдсэн хүн амины хэргийн гэрч гэгдэх хэцүү тодотголоос гадна Засгийн газрын тэргүүнийхээ намтарт өөрөө ч эргэлздэг даргатай Хэвлэлийн алба гэдэг бүтэлгүй чимэгтэй байж хэрхэвч болохгүй.

Ерөнхий сайд руу чиглэсэн дайралт эрчимжиж, сошиал орчин тэр чигээрээ доог тохуу болгож байхад “гал унтраах”, эргэлзээ тайлах үйлдэл огт хийгээгүй чинь Хэвлэлийн албаны дарга Т.Ганзул нь ч өөрөө Ерөнхий сайдын боловсрол, намтарт эргэлздэг, итгэдэггүй юм байна гэх дүгнэлтийг төрүүлж байна.

Тиймээс өөрт чинь итгэдэггүй, урагшлах замд чинь тушаа болох “хүн амины онц ноцтой хэргийн гэрч” нарыг явуулах цаг болж, Ерөнхий сайд аа!!!

Т.Ганзулаас гадна түүний ахалсан Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан О.Б нарт Монгол Улсын Засгийн газрын “гал тогоо”-нд ажиллах ёс зүй, эрх, хэм хэмжээ огтоос байхгүй юм…

Тэд гэмт үйлдлийг санамсаргүйгээр харчихсан хөндлөнгийн гэрч нар биш!!!

Найзынхаа амийг хөнөөсөн Н.Түвшинбаяр хэрэг явдлын дараахан өөрөө үхлүүт зодуулсан мэт ухаангүй дүр эсгэн “жүжиглэж” хэвтсэн өдрүүдэд ч үнэнийг хэлэлгүй амаа хамхиад суусан гэрч нар гэдгийг улс нийтээр эрхбиш мэдэх болсон. Ийм нөхөд Засгийн газрын тэргүүний дэргэд бөөнөөрөө шигж, ямар нэг зүйлээс хамгаалуулах мэт чимээ аниргүй бүгэх нь сонирхолтой агаад сэжигтэй байна.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн намтарт эргэлздэг эргэлзээн дээр нэмэгдээд хүн амины онц хэрцгий гэмт хэргийн гэрч нарыг дэргэдээ уясаар байгаад нь ч эргэлзэж, эрэн сурвалжилж үнэн мөнийг хайх асуудал гарч ирэх нь зүй ёсны хэрэг болно.

Тэгээд ч нэгнийхээ аминд хүрэхдээ тулсан аймшигт зодооныг салгах, салгуулах, эмнэлэг цагдаа гээд яаралтай тусламж дуудах самбаа, сэтгэл дутсантайгаа яг адилхан байдлыг Ерөнхий сайд нь сошиал орчинд нүүр нүдгүй “нүдүүлэн” чичлүүлсэн эл өдрүүдэд Т.Ганзул болон Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан О.Б нар гаргаж, өөрсдийнхөө хэр хэмжээний чадвар мөхөс нөхөд вэ гэдгийг дахин харууллаа.

Тиймээс “гэрч” нарыг явуул, Ерөнхий сайд аа!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »