Нийслэлийн идэш ихдээд ажил багадаад байна, Ерөнхий сайд аа!!!

Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хориглосон. Харамсалтай нь хуулийн энэ заалтыг Нийслэлийн Засаг дарга уландаа гишгэж өмнө нь Хэвлэл мэдээллийн алба гэж байсныг Сургалт судалгаа, олон нийттэй харилцах гэж нэрийг нь өөрчлөөд зогсохгүй ГАЗАР, АГЕНТЛАГ болгон өргөтгөв.

Улс орон нь дефолтод орохдоо тулж бүсээ чангалаад, ард иргэд нь дампуурчихын наахнуур татвар төлж амь зогоон байхад эрхэм мээр ийнхүү үрэлгэн загнаж, зоргоороо авирлаж байгаа нь зөв үү, Ерөнхий сайд аа!!!

30 хүний орон тоотой батлуулсан энэ нүсэр алба одоогоор 17 алба хаагчтай, хагас жилийн дотор хийж гийгүүлсэн ширхэг ч ажилгүй атлаа 1 тэрбум 97 сая төгрөгийг залгичихаад сууж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Гадаадын иргэн харьяатын газар зэрэгт хэвлэлийн төлөөлөгч хийж явсан Г.Хонгорзул гэж эмэгтэйгээр даргалуулсан энэ газар

  • Цалинд 73 сая
  • Нэмэгдэл цалин 12.9 сая
  • Унаа хоолны хөнгөлөлт 12.2 сая
  • Урамшуулалд 5.1 сая
  • Бичиг хэргийн материалд 7.9 сая
  • Шатахууны зардалд 10.8 сая,
  • Шуудан холбоо, интернетийн төлбөрт 3.1 сая
  • Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлст 7.6 сая төгрөг
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хураамжид 509.2 сая төгрөг зарцуулчихаад сууж байна.

Ямар их тансаглал вэ… Юу хийдэг, хийсэн гэж шатахуун, хоол хүнсэнд арав хорин саяар нь зарцуулна вэ?! Ийм их хүнтэй алба байж бусдаар ямар ажил гүйцэтгүүлээд хагас тэрбумыг шидэлнэ вэ… Өөрсдөө хийж чаддаггүй юм бол энэ газрыг татан буулгаж, цомхтгох хэрэгтэй биш үү!!!

Энэ нь багадаад Мэдээлэл авах, түгээх хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахад 1 тэрбум төгрөг зарцуул хэмээн хотын дарга Д.Сумъяабазар 2022.02.22-ны өдрийн А/246 тоот захирамжаар эрхлүүлсэн байна.

Нэг тэрбум төгрөг гэдэг 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв.

Гэтэл үүнээс зөвхөн 6-р сард гэхэд л

  • 2022.06.03-нд “Тактижент” төрийн бус байгууллагын данс руу 6 сая (Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо)
  • 2022.06.03-нд “Пиндола партнерс” ХХК-ийн данс руу 6 сая
  • 2022.06.13-нд “Ийгл Бродкастинг” ХХК-ийн данс руу 10 сая
  • 2022.06.15-нд       Ийгл Бродкастинг ХХК-ийн данс руу 10 сая төгрөг
  • 2022.06.16-нд       Ийгл Бродкастинг ХХК-ийн данс руу 10 сая төгрөг
  • 2022.06.20-нд “Эн Ти Ви броадкастинг” ХХК-ийн данс руу 7.5 сая төгрөг гэхчлэн тарааж…

Тэдгээр нь чухам ямар байгууллагууд вэ гэж хайлт хийж үзэв.

“Тактижент” төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь Бүгд найрамдах социалист вьетнам улсад их, дээд сургууль төгсөгчдийн хамтын ажиллагаа, хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, Эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуйн салбарт судалгаа хийх, сургалт уулзалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах.

Байгууллагын тэргүүн нь Ц.Дарханбат.

Тэрбээр Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэлтэй. Удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхдөл өмнө нь Х.Мандахбаярын тэргүүлж байсан Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан нэгэн.

Пиндола партнерс ХХК нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, нийгэм, эдийн засгийн социологийн судалгаа хийх үйл ажиллагааны эрхтэй.

Компанийн захирал нь Ж.Дарханбаяр.

Түүний нэрээр Монголын мэргэжлийн америк хөлбөмбөгийн холбоо, Ай Эм Эйч Пи, Ай Ти Эн Ти ХХК-иуд бүртгэлтэй. Энэ утасны үзүүр Авто тээврийн цахим мэдээллийн төв төрийн бус байгууллагатай холбоно.

Харин “Эн Ти Ви броадкастинг” ХХК-ийн захирал нь А.Баярбат.

Өнөөх алдарт NТV-гийн А.Баярбат гэсэн үг. Их олимп нэгдэл төрийн бус байгууллагыг С1-ийн Д.Ариунсэлэнгэ, Боловсрол телевизийн Н.Мэндбаяр нараас гадна А.Баярбат эзэмшдэг.

2021 онд Токио 2020 зуны олимп арилжааны телевизүүдээр гарсан. Үүний гол ивээн тэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ажилласан бөгөөд 10 хоног үргэлжилсэн энэ наадмын шууд дамжуулалтад зориулж Эрдэнэт үйлдвэрээс 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр 1.7 тэрбум төгрөгийг “Их олимп нэгдэл” төрийн бус байгууллага руу шилжүүлсэн байдаг. 

Тэрчлэн цар тахлын үед Улсын баяр наадмыг зохион байгуулах нэрийдлээр “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-аар дамжуулан 4.5 тэрбум халаасласан өлөн бүлэглэл, спортын нэрээр мөнгө угааж байгаа гэх шуугиан намжаагүй үргэлжилж байгаа. Энэхүү бүлэглэлд Их олимп нэгдэл төрийн бус байгууллага ч хавчуулагдан нэрлэгддэгийг энд тэмдэглэе.

Нөгөө талаас нь хөөвөл, “Голомт”-ын Д.Баясгалангийн “Монголмасс медиа” компанийнх нь Улаанбаатар, Баянзүрх, 5-р хороо, Кино үйлдвэрийн гудамж 78 тоот хаяг дээр “Туг нэтворк”, “Эйшн бокс”, “Гэр контент” группүүд давхар бүртгэлтэй байдаг.

“Эйшн бокс”, “Гэр контент” группийн захирал Найдансүрэнгийн Мэндбаярыг ухвал “Их олимп нэгдэл” ТББ гарч ирдэг.

Тэгэхээр Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газарт зарцуул гэж өгсөн тэрбум төгрөг жинхэнэ хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудад бус хотын мээр Д.Сумъяабазар болон Г.Хонгорзул нарын тойрон хүрээлэгчид руу урссан болж таарах нь…

Үүнийг батлах ноцтой фактуудыг нягтлан шалгаж буй тул үргэлжлүүлэн мэдээлнэ.

Татвар төлөгчдийн мөнгийг хүссэн нь тоншиж, гулгитал зарцуулчихаад ард иргэдээ ТЭГШ СОНДГОЙ хэмээн махлан зовоох эрхгүй юм.

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »