Эв эеийн Засгийн газрыг эвдрэлцүүлэх хөзөртэй нөхөд орж ирэх нь

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдах байсан ч “цугласангүй”. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ кабинетынхаа бүтцийг зурахдаа Сү.Батболдод хэт найр тавьснаар оруулж ирсэнд Удирдах зөвлөл эсэргүүцэл үзүүлж, улмаар хурал цагтаа эхэлсэнгүй. Үүнийгээ АН-ыг Засагт орохыг эсэргүүцэж байна хэмээн тайлбарлаж байгаа юм.  

Удирдах зөвлөлийн гадна хөвөрч буй мэдээллээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нараас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэрээ зүтгүүлж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч горьдлого тээн явна.

Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хувьд Удирдах зөвлөлөөс төдийлөн дэмжлэг авахгүй нь тодорхой болж байгаа бол Х.Нямбаатарыг Ерөнхий сайдын зүгээс зүтгүүлж байгаа. Ингэхдээ, лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаа хэнд ч өгөхгүй хэмээн зөрүүдэлж байгаа нь Сү.Батболдын фракцид таалагдсангүй. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Оюунчимэгийг томилох, эс бөгөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг Д.Цогтбаатарт өгөх хувилбарыг тулгаж байна.

Үүнийг зөвшөөрөхгүй бол Д.Цогтбаатарыг Гадаад харилцаа, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох өөр шийдлийг ч гаргаж тавьж.

Эрчим хүчний сайдад нэр дэвшигчдээс С.Бямбацогтыг жийж Б.Чойжилсүрэнг, Эдийн засгийн хөгжлийн сайдад Ч.Хүрэлбаатарыг гэхчлэн Сү.Батболдоор хөтлүүлсэн Увсын фракц нүүгэлтэн орж ирсэн Удирдах зөвлөлийг бажгадуулж байгаа юм байх.

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар МАН төрийн эрхэнд байвал эвдрэлцэж, цөөнх болоход нь эвлэлддэг, ая эв нь таарвал нэгнийхээ араас “хутга шидэхэд” бэлэн нөхөд. 2012 онд мань хоёр сонгуулийн луйврын хэргээр Авлигатай тэмцэх газрын хаалга сахихад улс төрийн тохироогоор нам нь гишүүдээ сугалж, үйлийн лайтай туслахуудад нь ял үүрүүлэн галыг дарсан.

2016 онд МАН олонх болоход мөнөөх хоёр аймгийн Засаг даргын томилгооноос улбаатай муудалцан хэвлэлийн хуудас, чуулган, байнгын хорооны хуралдаан зэрэгт үг хэлэх бүртээ нэгийгээ хэмлэн зоолж байсныг мартах хугацаа болоогүй байна.

Өдгөө ч эвсэж, гар нийлж ажиллаж чаддаггүйг нь Увс аймгийн хөгжлийн индексээр харчихад болно. Тэгэхээр энэ хоёр нөхөр хоёулаа Л.Оюун-Эрдэнийн тунхаглаад буй “Эв эеийн Засгийн газар”-ыг эвлүүлэх бус эвдрэлцүүлэн тараах нь ойлгомжтой юм.

2020 оны сонгуулиар Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар 15 сар ажилласан бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болж дотоод өсөрхлөө дарж байсныг Удирдах зөвлөл нь мартаагүй биз. Нам доторх хагарлын үед хоёр талд ажиллаж, нэг нэгнийхээ эсрэг чулуу нүүлгэж явсан гэсэн үг.

Ч.Хүрэлбаатарын тухайд Хотгор шанагын асуудлаас гадна ХААН банкны эзэмшигч Савада Хидеог “дарамталсан”, төрийн албыг ураг төрлөөрөө төлжүүлэн дэлгэрүүлсэн гээд олон бараан түүхтэй. Монгол түмнээрээ, улстөрчдийн хэллэгээр хар массаараа Ч.Хүрэлбаатарт дургүй. Түүнийг энэ Засагт ороод ирвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөдийн бараа харалгүй шүүмжлүүлэх биз.

Б.Чойжилсүрэнгийн тухайд ч Тосон бумбын нуруунд “халдсан”, хороолол босгож хотыг цементжүүлсэн, эхнэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд фургон шахсан гээд асуудал мундахгүй. Наанадаж “Хурд”-ын барьж байгаа барилгаас унаж бэртсэн, нас барсан хүний тоо даанч олон. Ч.Хүрэлбаатараасаа дутахгүй олны зүхэл дунд хэдийнэ орчихсон кадр.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Х.Болорчулуун, Ж.Мөнхбат нарын нэр давхар яригдаж буй ч төдийлөн дэмжлэггүй байна.

Алин ч байлаа гээд Л.Оюун-Эрдэнийн барж идэхгүй, барьж дийлэхгүй ланжгарууд Засгийн газрыг бүрдүүлэх нь. Түүнд Х.Нямбаатараас нь өөр чаа гэх хонь, цавчаад загнах хань үлдэхгүй нь ойлгомжтой боллоо.

Үргэлжлэл бий…

Орчуулах »