ЗХ-ний 167-р ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасан байна. Энэхүү зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж, Цэргийн гавьяаны одонг тус ангийн туганд ёслол хүндэтгэлтэйгээр зүүж өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангахад оруулсан тус ангийн үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицерүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Тус анги нь Монгол улсын баатар, хурандаа генерал Лхагвасүрэнгийн нэрэмжит бөгөөд анх БНМАУ-ын өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн, Даланзадгад-Номгон, Даланзадгад-Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор тухайн үеийн БНМАУ-ын БХЯ-ны сайдын 1973 оны 8-р сарын 07-ний өдрийн “Ардын армийн мотобуудлагын 1 дүгээр тусгай бригадын 2мбтб-ыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулах” тушаалаар сууриан тавьж байжээ. Энэ үеэс хойш Мотобуудлагын тусгай батальон, Мотобуудлагын тусгай хороо, Мотобуудлагын бригад, 2002 оноос Мотобуудлагын тусгай хороо зэрэг бүтэц, орон тоотойгоор Монгол Улсын стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн “Өнөд мөнхийн ариун үйлстэй Өмнөговийн цэргийн хуаран” юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!