Мэдэгдэл

2022-07-20
1 min read

Санхүүгийн зохицуулах хороо нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17.1-д заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хууль болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам” зэрэгт заасан нөхцөл, шаардлагыг хангасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх компанийн хүсэлтийг цахим бүртгэл, зөвшөөрлийн систем /www.license.frc.mn/-ээр дамжуулан 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд бүртгэх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Харин 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17.2-т заасан шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд дээрх хууль, журмын шаардлагыг ханган виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй ба тус хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа цаашид эрхлэх боломжгүй болно.

Мөн виртуал хөрөнгө гаргагч этгээдийн хувьд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.2-т “Виртуал хөрөнгийг энэ хуулийн  6.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглоно” гэж заасны дагуу зөвхөн тус Хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах боломжтой болохыг анхаарна уу.

Бүртгэлтэй холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс (51-261674) болон Мэдээлэл технологийн хэлтэс (51-263425)-ээс тодруулах боломжтой.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Орчуулах »