fbpx
/

Дефолт-д тулсан Л.Оюун-Эрдэнэтэй суудал булаалдах “тэнэг”-үүд АЛГА!!!

12 мин уншина

Монгол Улс Үндэсний их баяр наадмын дараа дефолт зарлах хэмжээнд дор орчихлоо. Үүндээ иргэдийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагааг бага багаар эрчимжүүлж эхлэв.

Дефолт гэдэг нь үүргээ биелүүлээгүй гэсэн англи үгнээс гаралтай бөгөөд гадаад өрөө хугацаанд нь төлж чадахаа больсныг хэлнэ. Товчхондоо, дампуурлаа зарлаж байгаа хэлбэр.

Улсын гадаад өр 2022 оны эхний улиралд 33.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум доллар буюу 4.6 хувь, өмнөх улирлаас 87.8 сая ам.доллараар өсчихлөө. Эл түгшүүрийн дохиог Үндэсний статистикийн хороо анх цохисноос хойш УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар ч хэдэнтээ сануулаад авав.

Нийт гадаад өрийн

  • 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбар,
  • 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газар,
  • 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг төв банк
  • 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх эзэлж байна.

Засгийн газрын нийт өр 2022 оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 209.7 (0.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 426.6 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн. Үүнээс гадаад өр нь 1.0 (4.3%) их наяд төгрөгөөр өсчихөөд байгаа.

Өнгөрөгч тавдугаар сард Шри Ланка улс түүхэндээ анх удаа дефолт зарласан. Тус улсын эрх баригчид зээлдүүлэгчдэд хандан хүлээлгийн хугацаанд багтаж төлбөрөө барагдуулах боломжгүй болсон гэдгээ мэдэгдсэн хэрэг. Ингэснээр тухайн улсын эдийн засаг улам хүндэрч, инфляц 40 хувь хүрэх төлөвтэй байгааг эдийн засагчид онцлоод, иргэдээ шатахуун авах дараалал үүсгэхгүй байхыг Засгийн газраас нь гуйж байв. Яг энэ замаар Монгол Улс нэгэнт орчихлоо.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Э.Бямбажав “Төсвийн урхагшсан алдагдал өр зээл өсөх суурь шалтгаан болсоор Монгол Улсыг гадаад өрийн шалгуур үзүүлэлтүүдээр дефолт болох эрсдэлтэй 10 улсын тоонд оруулсан” гэдгийг хэлсэн.

2010 оноос хойш манай улсын гадаад өр 4.5 дахин нэмэгдсэн байгаагаас 5.7 тэрбум ам.доллар нь гадаад зээл буюу хөгжлийн, 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр…

Харамсалтай нь Самурай, Чингис, Хуралдай, Номад, Гэрэгэ, Дим сам, Мазаалай, Сенчири гэх сайхан нэртэй бондуудаар эрх баригчид юу хийв?!!! Төр нэрийн дор хэн хэн улс орноо ийм байдалд хүргэв?!

Чингис бондыг аваад 10 жил өнгөрч…

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийсэн. Ингэхэд МАН дангаараа эрх барьсан мөн онуудад Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ эрс буюу 2018 онд 22.3 хувь, 2019 онд 14.3 хувь, 2020 онд 28.9 хувиар тус тус өссөн байгаа юм. Үүний 44 орчим хувийг зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан байгаа нь эрх баригч намын Засгийн газар хичнээн сул дорой, үрэлгэн, арчаагүй явж ирсний нотолгоо.

Тэд энэ жилээс буюу улс орон нь дефолт зарлахад хүрсний эцэст бондуудын үндсэн төлбөрийг төлж эхэлсэн нь хамгийн том хариуцлага нэхэх шалтгаан. Өмнө нь зөвхөн хүүгийн төлбөрийг төлж байгаад эдийн засаг муудсан энэ үед гадаад өр төлж эхэлсэн нь дарамт болж, дампуурлаа зарлахад хүргэлээ хэмээн гомдоллохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгээ бэлдсэн байгаа ч хариуцлага, ял зэмээс түүний удирдсан намыг аврахгүй.

Ам.доллар амны цаас шиг байхад бонд босгож, хөрөнгө татчихсан. Гэтэл өдгөө жолоогүйгээр өссөн ханшийн зөрүүнд дарлуулж суугаа нь зүгээр л эмгэнэл. Ядаж байхад ганц ч бүтээн байгуулалтгүй. Эсрэгээрээ бүтээж, босгочих гээд зүтгэж яваа бизнесмэнүүдээ нухчин дарж, яллаж, хурааж эргүүтэхийн дээдээр эргүүтэж яваа.

Б.Жавхлан сайд Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрөөс 137 сая ам.доллар үлдсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусна. Гэрэгэ бондын төлөх хугацаа 2023 онд бол Хуралдай бонд 2024 онд, Номад бонд 2026 онд төлөгдөнө гэдгийг хэлсэн.

Гэтэл “Алсын хараа” гэх судалгаа, тооцоогүй Л.Оюун-Эрдэнийн мөрөөдлийн дэвтрээс өөр хөгжлийн бодлого түй ч үгүй МАН-ын эрх жаалуудын гараар өндийх аядаж байсан цементийн хэдэн үйлдвэрийн амыг барьчихлаа.

Гангийн үйлдвэртэй болох мөрөөдөл хүртэл тэдний тоглоомын шоо болоод дууссан.

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Монгол Улс өрөө нэмсээр байвал хоёр, гурван жилийн дараа эх орноосоо хөөгдөх нөхцөл байдал үүснэ” гэж мэдэгдсэнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болохгүй. Тэрбээр “Монголын төр бонд гаргаад эргэн төлөхдөө дахиад л бонд гаргадаг. Өрийг өрөөр дарсаар байгаа энэ байдал Монгол Улсыг дефолт зарлахад хүргэж дампуурал руу хөтөлж байна. Сангийн яам, Төсвийн байнгын хороо улсын өрийг 2024 оны сонгууль хүртэл аргацаасан төдий явж байгаа нь үнэн” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн.

Ам нээх бүртээ дефолт зарлах тухай сануулж буй түүний мэдэгдэл юун наадам манатай шүү гэдгийг хатуу анхааруулж байна.

Дефолт зарлачих л юм бол түүний хэлснээр бид 2-3 жилийн дараа эх орноосоо хөөгдөнө. Олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох эрхгүй болно.

Энэ аймшигт нөхцөл байдлын ирмэгт тулсан эрх баригчид сандралдан Азийн хөгжлийн банкнаас 655 сая ам.долларын зээл авахаар байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдааныг урагшлуулж байна. 2 хувийн хүүтэй 25 жилийн хугацаатай аван хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх санаатай чичрэлдэхийн оронд, хувийн хэвшлүүдээ нухчин дарж, шорон гянданд хүссэн үедээ хугацаа хязгааргүйгээр чихчихээд байхынхаа оронд тэднийхээ дэмжлэгийг авч, дуу хоолойг сонсох хэрэгтэй Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн ноёд!!!

Дефолт зарлахаас урьтаж, ОУВС-ийн хөтөлбөрт дахин хамрагдах боломж Монгол Улсад бий гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. 2016 он шиг. Гадны хүмүүсээр эдийн засгаа базуулж, санхүүгийн сахилга батад нийтээрээ суралцана гэсэн үг. Цалин нэмэх, хасахаа бусдаас асууна.

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, түүний танхимын гишүүд өлсгөлөн жингэр шиг улам бүр өм цөм үмхэлж буй нь новшийн, ой гутам.

Нийтээрээ хэмнэлтийн горимд шилжчихээд байхад Сангийн сайд Б.Жавхлангийн ОХУ-д хийх томилолтын зардал нэрээр “Сангийн сайд, ОХУ-ын томилолтын зардал” гэсэн гүйлгээний утга бүхий 12,961,890₮-ийн болон 8,529,740₮-ийн (нийт 2 удаагийн 21,491,630₮) шилжүүлгийг Сангийн яамнаас “Амаржаргал” гэх хувь хүний данс руу шилжүүлсэн байх жишээтэй.

Томилолтод Б.Жавхлан дэд сайд С.Мөнгөнчимэгтэй хамт явсан бөгөөд С.Мөнгөнчимэгийн онгоцны тийзэнд 5,163,000 төгрөгийг “Бэйтрэвел” ХХК-д Сангийн яамнаас мөн шилжүүлсэн. Ингэн ингэн явчихаад олигтой үр дүнгүй ирсэн.

Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай хамт ОХУ-д дахин ажиллахдаа ОХУ-ын төв банк болон Сангийн сайд нартай уулзсан байдаг. Түүнийг найрсгаар хүлээн авсан ч шийдэгдсэн ганц ч асуудалгүй, ганзага хоосон ирсэн байгаа.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд

  • А-80 шатахуун 12,090 тонн,
  • АИ-92 шатахуун 48,998 тонн,
  • АИ-95 шатахуун 4,950 тонн,
  • Дизель түлш 70,621 тоннын л нөөцтэй байна.

Уул ус, хөдөө гадаагүй наадамлаад дуусахад, уруулан дахь хуушуурын тосоо арчиж гүйцээгүй байхад Улс орон минь дефолт зарлаж, Засгийн газар шатахуунгүй болсон мэдэгдэл хийж мэдэх нь.

Нөхцөл байдал иймдээ хүрчихээд байхад эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй, тайга дундуурх 318 км замыг 225 тэрбумаар тавьж, 2313-хан хүнтэй Бэрх тосгонд Кембриджийн сургалттай 600 хүүхдийн сургууль барина гэж Ерөнхий сайд нь далийрч суух үнэхээр эмгэнэл.

Бэрх тосгоныг өөд татна гэхээс өөрөөр улс орноо, эдийн засгаа аврах ямар ч төлөвлөгөө Засгийн газарт алга. Эрх баригчдын оролцоотойгоор хувийн хэвшлүүд хаалгаа барьж, ажлын байргүйгээс ажилгүйдэл нэмэгдэн архидалт, гэмт хэрэг, хулгай залилан газар авах нь тодорхой боллоо.

Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 3\2 нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын авсан чанаргүй зээлүүд байхад төр улам бүр бизнест хутгалдан дампууруулж байна.

Монгол Улс хэдийнэ долларын нөөцгүй болчихсон!!!

Хөрөнгө оруулалт болон татварын хууль нь тодорхойгүй, дээрээс нь хөрөнгө оруулагчдыг хулгайч луйварчнаар дуудан барьж цагдсаар хөрөнгө оруулалтыг нам зогсоочихсон.

Эрчим хүчний салбар уналтад орох суурийг Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Э.Болормаа нь тавиад өгчихлөө.

Ийм байдалд орчихсон Засгийн газрын эрх мэдлийг булаалдах сонирхол туршлагатай фракц бүлэглэлүүдэд төрөхөө байж, харин ч Л.Оюун-Эрдэнийн тойргоос хальж дөлж байна. Нөгөөх нь үүнийг үл анзааран, гэнэт олдсон эрх мэдлийн бялуунд манарч Бэрх тосгоны тойргоос гарч сэтгэж чадахгүй дарцаглан, хэцүүдсэн үед түшиг нь болж тулах хэдэн татвар төлөгчдөө нугаслан яллаж яваа нь хөөрхийлөлттэй.

Ядахад яр болж, ямар ч туршлага чадваргүй нөхдөөр танхимаа бүрдүүлсэн нь засч, залруулж болшгүй гачлан юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Latest from Blog

Мэдээ орчуулах »