НӨАТ-ын буцаан олголтоор 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ

2022-07-04
1 min read

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм. Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Харин сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг Засгийн газраас зогсоогоод байгаа. Гэвч энэ оны 12 дугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгаа хэмээн Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгдлээ.

Орчуулах »