Бүсгүй заяа

Урлаг хэмээх их айлд хэдийнэ өөрийн гэсэн өнгө аялгуу, дуулаачийн чадал, цар хүрээг харуулсан томоохон хэмжээний ариг “амилуулж” үзэгч түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн нэгэн түрлэг бол МУСТА П.Гэрэлмаа билээ. Тэрбээр тун удахгүй “Бүсгүй заяа” тоглолтоороо түмэн олныхоо сонорыг мялаахаар завгүй явахад нь “Ярилцлах танхим”-ынхаа хойморт урин хөөрөлдсөн юм.


Сайхан намаржиж байна уу? Юуны өмнө бие даасан тоглолтоо хийх гэж байгаад тань баяр хүргэе. Манай уншигчдад тоглолтынхоо талаар тодруулна уу?

Миний хувьд, нийслэл болон орон нутагт бие даасан тоглолтоо олон удаа хийж байсан. Энэ удаад Бүсгүй заяа дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэж, ирэх амралтын өдрөөр буюу хагас сайн өдрийн 15.00 цагт МҮЭСоёлын төв ордонд тоглох гэж байна.

Учиралгүй ерөөл гэж байдаггүй гэдэг. Яагаад тоглолтоо энэ дуугаараа нэрлэх болов. Магадгүй та олон газраар ажиллаж, амьдарч явав уу. Бүсгүй хүн, цагаан зээр нутаггүй гэдэг шүү дээ?

Би Говь-Алтай аймгийн уугуул. Гэвч бүсгүйн заяан эрхээр олон газраар гэр бүлийнхээ хүнийг дагаж ажиллаж, амьдарч явна.  Энэхүү “Бүсгүй заяа” гэдэг дуунд маань:

Сэмжин үүлс нь салхины аясаар

Сэмрэнхэн хөвөрсөөр умрыг зорьлоо

Сэтгэлээ дагах хорвоогийн жамаар

Цэрвүүхэн алсад очих боллоо

Гүвээ дагаад алслахын цагт

Гүйж явсан нутаг минь

Тодорсоор л бүдгэрсээр л үлдлээ дээ хө….гэж хүний амьдралын тэр нарийн учгийг энэ л хэдэн мөртөнд уянгалсан байдаг. Миний хувьд залуу насныхаа буюу уран бүтээлийнхээ оргил үеийг МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт 12 жилийг өнгөрүүлсэн байдаг. Мөн Москва, Ленинград хотод гэр бүлийнхээ хүний хамтаар ажиллаж амьдарсан.

Тэрбээр “Бүсгүй заяа” дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэж, ирэх амралтын өдрөөр буюу хагас сайн өдрийн 15.00 цагт МҮЭСоёлын төв ордонд тоглох гэж байна.

Энэхүү сайхан уран бүтээлийн тань зохиогч нь хэн билээ?

Дууг маань МУСГЗ Х.Чилаажав дүү маань одоогоос 25 жилийн өмнө шүлгийг нь бичиж өгч байлаа. Ая данг нь хөгжмийн зохиолч СТА С.Батмөнх бүтээсэн түүхтэй.

Та ажил, амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байв?

Анх 1985 онд дээд сургуульд дулаачийн боловсрол эзэшсэн. Амьдралынхаа ажлын гарааг төрсөн нутгийнхаа Ардын дуу бүжгийн Алтай чуулгаас эхэлсэн. Улмаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байлаа. Хамгийн сүүлд МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт ажилласан.

Тоглолтонд тань нэлээд дуучин, бүжигчин уригдах мэдээтэй. Тухайлбал, ямар уран бүтээлчид таны тоглолтын хоймрыг чимэх бол?

Тоглолтонд маань Алтай чуулгаас төрөн гарсан уран бүтээлчид оролцоно. Энэ удаад МУГЖ Ц.Оюунцэцэг маань ая дууны цэнхэр хадгаа барих болно. Тоглолтыг маань нэвтрүүлэгч Б.Гантигмаа хөтөлж ээжийн тухай шүлэг, найраглалаасаа үзэгч түмэндээ мялаалга өргөнө. Мөн Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин, СТА Б.Лхагвасүрэн болон “Lord” хамтлаг урилгаар оролцоно. Түүнчлэн ХБНГУ-д болох Олон улсын цэнгээнт бүжгийн тэмцээнд оролцохоор явах гэж байгаа “Хатантуул” хамтлагийнхан маань энэ үдэш бүжих болно.

Дуу бүхэн хүний амьдралаас урган гардаг. Тэрхүү дууны утгыг дуучин хүн л амилуулдаг жамтай. Таны уран бүтээлийн голлох сэдэв юу байдаг вэ?

Миний уран бүтээлд цэрэг, эх орны сэдэв их зонхилдог. Ялангуяа нутгийн тухай уран бүтээл олон байна даа. Миний төрсөн нутаг бол хосгүй сайхан. Говийн алтайн нурууны ноён оргилынхоо мөнгөн зулайг ширтэж, энгэрт нь эрхлэж өссөндөө их бахархаж явдаг. Тэр ч утгаараа Алтай нутгийнхаа яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой хамтран нэлээд сайхан уран бүтээл хийсэн. Завхан нутгийнхаа уран бүтээлчидтэй мөн хамтран хэд хэдэн сайхан бүтээлтэй болсон. Тухайлбал, Амилсан бүүвэй дууны маань ая эгшгийг МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багш маань бүтээж өгсөн. Шүлгийг Лава Энхсайхан туурвисан байдаг. Энэхүү дуунуудаа тоглолтон дээрээ дуулж, түмэн олныхоо сонорыг мялаах болно. Би өөрөө айлын хэнз охин. Тийм ч учраас ижий минь их эрт бурхан болсон. Тиймээс би энэ дуугаа ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж бүтээлгэсэн уран бүтээл байгаа юм.

Ойрын үед нутаг явсан уу?

Би чинь нутаг руугаа их явнаа. Саяхан их зохиолч, Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын 100 насны ойн арга хэмжээнд оролцож, нутгийн олондоо ая дуугаа өргөөд ирлээ.

Ингэхэд таныг урлаг гэх их айл руу хөтөлсөн хүн хэн бэ, танайхан удмын сайхан дуу хууртай айл уу?

Аав, ээж минь их сайхан дуулдаг хүмүүс байсан. Аав маань ерөөл магтаал хэлж, тэр дундаа уртын дууг сайхан дуулдгаараа нутаг орондоо алдартай хүн байлаа. Ээж минь богинын дууг их эвлэгхэн дуулдаг байв. Ер нь аав, ээж минь их сайхан дууч хүмүүс байсан болоод ч тэрүү манайхан дунд дуулдаггүй хүн байхгүй. Би л мэргэжлийн сургуулийг нь төгсч, дуучин болсон болохоос дуулах авъяас удамшсан байдаг.

Дуучин хүн дуулсан дуугаараа бас нэг санааг давхар илэрхийлдэг гэж үг бий. Өөрийн тань хувьд тийм зүйл байгаа л байх. Урлагаар хүмүүжсэн хүний хувьд, өнөөгийн залууст хандаж үг хэлээч?

Манай залуус их мундаг болсон. Өөрсдөдөө их арчаатай, оюунлаг, юмыг сурч мэдэхийн төлөө тэмүүлдэг болж. Ер нь хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ИТГЭЛ, ХҮНДЛЭЛ, ХАЙР юм шүү дээ. Энэ гурван зүйлийг хэзээ ч салгаж болшгүй цул нягт байж л бат бөх гэр бүлийн амьдралыг бий болгодог. Зөвхөн хайрлаж дурлаад, хүндэтгэдэггүй бас итгэдэггүй бол, эсвэл хүндэтгэдэг мөртлөө хайрлаж чадахгүй бол, хайрлаж хүндэтгэдэг атлаа итгэж чаддаггүй бол ер нь аль нэг нь дутаж орхивол амьдрал хэврэг болдог жамтай. Тиймээс л эдгээр ухагдахуун маш чухал билээ.

Ярилцахад үнэхээр сайхан байлаа. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.

Танай хамт олонд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

О.СЭЛЭНГЭ


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!