БНХАУ гэдэг хүссэнээрээ жонглёрддог хувийн хэвшил чинь биш, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Хувийн хэвшлүүдээ гишгэх газаргүй болтол зовоож, улсын хөгжлийн алсыг харах байтугай алсад хүрэх замын чөдөр болж яваа Л.Оюун-Эрдэнийн зан тавигдахгүй бололтой. Түүний дараагийн бай “Ундрах говь” ХХК болж, цаашлаад хөрш улс руугаа онилж байна.  

Монгол Улс жишиг боомттой болох хэнд ашиггүй байгааг, хэний эрх ашгийг хөндөөд байгааг хэлээд өгчих, Ерөнхий сайд аа!!!

Боомтын тоог нэмэгдүүлэхээр бас л танктай цэргүүд орж ирэх гээд байна уу?!… Улс орнууд боомт байтугай улс орноо холбосон гүүрэн замууд бариад түүнээ дагасан жижиг асуудлыг толгой өвдөхгүй шийдчихээд, дэлхийд загвар болон гайхагдаж байна.

Гэтэл хэний эрх ашгийг хамгаалж, хаацайлаад хоёр улсын хооронд хийсэн гэрээ хэлэлцээр болоод найрсаг харилцаандаа сэв суулган дэвсэлж байна вэ.

Хичнээн ичгүүртэй, хичнээн жижигхэн “тархитай” Засгийн газар гээч вэ?!

Цагаандэл уул-Өлзий боомтыг нээх ажил Монгол Улсаас анхлан гаргасан хүсэлтийн дагуу 2014 оноос эхэлж, 2018 онд боомт дагасан хүнд даацын автомашинд зориулсан автозамын концессийн гэрээ ч байгуулагдсан юм шүү дээ. Энэ хооронд Хятадын тал хэдийнэ ус, цахилгаан, зам, харилцаа холбоогоо шийдээд бүтээн байгуулалтаа хийгээд зогсохгүй манай талд хэдэнтээ мөнгөн болоод барилгын бараа материал зэрэг холбогдох туслалцааг үзүүлсээр ирлээ. Мөн хугацаанд Монголын талаас туршилтын нээлт, нэвтрүүлэлт хийж үзмээр байна хэмээн хэдэнтээ санал тавьсныг ч БНХАУ-ын тал зөвшөөрч, нээсээр ирэв.

Хоёр улсын хооронд ингэтэл ажил удаж удчихаад одоо болохоор боомт нээхгүй, илүүдэж байна, тухайн бүс дэх 7 малчин айлын амьдрал хэцүүдэх нь, ганц үлдсэн Борзонгийн говио хайрлая гэхчлэн утга учиргүй, галзуу солиотой хүний үйлдэл гаргахаасаа ичээч, Монгол Улсын Засгийн газар!!!

Борзонгийн говь чинь боомт хүрэх замаас хамаагүй зүүн тийш гэдгийг адгийн тэнэг ч газрын зургаас хараад ойлгочихно. Тэрчлэн энэ ормын бүс дэх уул уурхайн лицензүүд амь орж, байгаль орчин сүйтгэж эхэлнэ гэх айдас тэврээд хэр удаан хэвтэх гээ вэ…

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж авч явж чадахгүй юм бол, байгаль орчноо нөхөн сэргээгээд хамгаалчихаж чадахгүй юм бол, боомт орчмын бүс дэх хэдэн малчдын асуудлыг шийдэж чадахгүй юм бол Уул уурхайн яам, Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яам гэх хамаг мөнгө үрсэн яамдаа татан буулгачихаач!!!

Салбар салбартаа хамаарах бодлогыг боловсруулчихаж чадахгүй орон нутгийн Засаг ноёдын аманд багтсан мэдлэг, боловсролоор сох дутуу сайд нараа солиоч, Л.Оюун-Эрдэнэ ээ…

Ерөнхий сайдынхаа, Засгийн газрынхаа “Алсын хараа 2050” гэх хөтөлбөрийг ганцхан аймгийн Засаг даргаар баллуурдуулчихсан суугаа МАН ирэх сонгуулийг хэрхэн давах гэсэн юм бол.

Бүхэл бүтэн намаараа хэлэлцэж, хэлэлцэж хийсэн боомт хүрэх авто замын концессыг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж гээч ганц нөхрийн гараар булшлуулахдаа хүрсэн нь дэндүү эмгэнэлтэй юм.

Шинэ боомт нээцгээе гэж хэлэлцэж тохирсон 2014 онд чинь л БНХАУ-ын тал замаа тавьчихаад, барилга байгууламжуудаа барьчихаад хүлээгээд байна. Гэтэл дангаараа 8 жил тасралтгүй олонх болж, Засгийн эрх барьчихаад өнөөг хүртэл шалдан нүцгэн уйлалдаж суугаа нь дэндүү ичгэвтэр юм.

Зам барих зурвас газрын зөвшөөрөл олголгүй авто замын ажил гацааж, жишиг боомттой болгох том зорилготой Л.Оюун-Эрдэнийн амлалтыг долоон малчин айлын уйлагналтаар тасчин хаяж буй Р.Сэддорж Монгол Улсын эрх ашигт чөдөр тушаа болж байгаагаа ойлгож байгаа юу. Боомт баригдсанаар Монгол Улсын уул уурхай болон Баруун Нарангийн уурхайн борлуулалт нэмэгдэж, нүүрсний борлуулалт дөрөв дахин өсөх нэн чухал үр өгөөжийг хааж боосноороо Р.Сэддорж нь аймаг ахлах бус хариуцлага тооцуулж, ял зэм сонсох учиртай биш үү?!

Монгол Улс боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгддэж байгаа нь үнэндээ шившиг юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч тавдугаар сарын 27-нд Өмнөговь аймагт ажиллахдаа нутгийн иргэдэд Цагаандэл уул-Өлзий боомтыг нээнэ гэсэн 2014 оны Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлнэ хэмээн амлав… Улмаар боомтын асуудлыг судалж танилцуулах ажлын хэсэг байгуулж зоргоороо авирлалаа.

Түүний энэ тавьтаргүйтлийнх нь дараахан Хятадын талаас хоёр улсын хооронд хэлэлцэж тохирсон асуудлыг эргэн сануулж, Боомтын үйл ажиллагааг нээхэд бэлтгэн босгосон бүтээн байгуулалт, тэр хүрээндээ Монголын талд оруулсан хөрөнгө оруулалтаа ч сануулсан албан тоотыг явуулав.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хувийн хэвшлүүдээ “заазалж”, бизнесийн орчинг нь хаан боогдуулж, түрүүчээсээ өмч хөрөнгийг нь шүүхийн шийдвэргүйгээр, нөхөн олговоргүйгээр хурааж байгаа. Харамсалтай нь Цагаандэл уул-Өлзий боомтын асуудлыг хувийн хэвшлүүд шигээ нугачин дарж болно гэж бодсон бололтой.

Үгүй юмаа, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! Чи ганцаараа, дур зоргоороо шийдчихэж болдог юм биш. Энэ боомтын асуудал хэдийнэ Монгол Улсын Засгийн газар, Өмнөговь аймгийн Засаг ноёны хэр хэмжээнээс давж, хоёр улсын хоорондын асуудал болчихсон.

Боомт нээлгэхгүй гэвэл эхлээд БНХАУ-ын талаас өгсөн хөрөнгө оруулалтыг буцааж, БНХАУ-д учруулсан хор хохирлыг барагдуулж, 2014 оноос хойш хийгдсээр ирсэн тус улсын бүтээн байгуулалтын нөхөн төлбөрийг олгох хэрэгтэй болох байх.

БНХАУ өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж ирсэн бүхнээ Л.Оюун-Эрдэнийн үгээр ороод хаячихгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас шат шатанд нь тохирсон албан тоотуудыг ирүүлсэн биз.

Тус улсад ч мөн адил боомтын бүс дэх малчдын асуудал зэрэг өчнөөн асуудал байсан байж таарна. Тэд элдэвлэж гоншигнолгүй бүхнээ шийдчихээд хүлээж байхад манай улс ямар ичгэвтэр, ямар сул дорой жижиг асуудал ярин уйлалдаж, Ерөнхий сайд нь “Бодь интернэшнл” гэх ганц компанийн эрх ашигт автчихсан сууж байна аа?!

Цагаандэл уул-Өлзий боомт ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсийг экспортлох шинэ гарц нээгдэж, борлуулалтын хэмжээ нэмэгдэн, тухайн зам дагуу байрлах ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, бүс нутаг цаашлаад улс орны эдийн засаг өсөх нь тодорхой.

Үүнд “Бодь интернэшнл” гэх компани юуны учир тээг саад хийн, Монгол Улсын Засгийн газрыг ямар хэмжээний өрөнд унагахдаа хүрээд байгааг үргэлжлүүлэн хүргэнэ.

Ямартай ч Цагаандэл уул-Өлзий боомт ганц улсын асуудал биш болчихсон, болилоо гэхэд 2014 оноос хойш БНХАУ-аас боомтод зориулан хийгдсэн бүх хөрөнгө оруулалтын зардлыг Монголын Засгийн газар төлж болзошгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг эрх баригчдад сануулъя.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »