“Баянгол зочид буудал”, “Талх чихэр”, “Мах импекс”, НИК, АПУ-г луйвраар хувьчилж авсан уу?

“Баянгол зочид буудал”, “Талх чихэр”, “Мах импекс”, НИК, АПУ-г луйвраар хувьчилж авсан уу?

2019.02.28

ЖДҮ, концесс, бонд, тендертэй эн зэрэгцэх томоохон сэдэв бол өмч хувьчлал. Тэртээ 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан байдаг. Гэсэн ч өнөө хэр нь иргэдийн дунд энэ хувьчлал шударга бус болсон, эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд авсан гэсэн гомдол, шүүмжлэл тасардаггүй.

Тиймээс төрийн өмчөөс хувьчилсан 928 обьектод шалгалт оруулж, дүнг Засгийн газар, УИХ-д танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгөөд байгаа. Тэрбээр “Төрөөс хувьчилсан 928 обьектийг өнөөдөр ямар байдлаар ашиглаж байна, үндсэн зорилгоосоо гажсан уу, цэнхэр, ягаан тасалбар, менежментийн хувьчлал шударга явагдсан уу. Үнэхээр аж ахуйн нэгжүүд өнөөдөр ногдол ашиг тарааж чадахааргүй хэмжээний ашиггүй ажиллаж байна уу, эсвэл татвар нуун дарагдуулах замаар ашгаа худал мэдүүлэн өнөөдрийг хүртэл явж ирсэн үү гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй” гэсэн юм.

Улмаар уг шалгалтын дараа 2018-2020 онд хувьчлах тухай үндсэн чиглэлийг ярих нь зүйтэй. Төрийн өмчийг хувьчлах нь буруу биш, гэхдээ эхний хувьчлалтай холбоотой асуудалд дүгнэлт гаргаж, танилцуулсны дараа энэ асуудлыг хөндөх нь зөв хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Ингээд уг шалгалтыг УИХ-ын хаврын чуулганаар танилцуулах үүрэг өгсөн бөгөөд нийт 60 орчим хоног шалгалт явуулах аж.

Ямартай ч хэний ч хөндөж, гар дүрж зүрхэлдэггүй өмч хувьчлалын асуудлыг Л.Оюун-Эрдэнэ гаргаж тавив. Хэрэв тэр “поп”-рохгүй байж чадвал өмч хувьчлал бол ЖДҮ-гээс ч том хөндөж, шалгах ёстой асуудал мөн үү гэвэл тийм. Гэхдээ учир мэдэх хүмүүс түүнийг шинэхэн даргын өвчнөөр өвчилж, попорч байна гэж ярих боллоо. Ингэж дүгнэх нь ч үндэслэлтэй. Яагаад гэхээр, эх нэгтэй, эцэг өөртэй Л.Оюун-Эрдэнийн ах бол Херо-гийн гэх тодотголтой Б.Баатар. Тэр Ерөнхийлөгч Х.Баттулга, их аварга Д.Давгадорж гээд нэр нөлөө бүхий олон хүмүүсийн гар хөл болж явдгийг захын хүн ч мэднэ. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 1992 оны 928 обьектийн өмч хувьчлалаар “Мах импекс”, “Баянгол зочид буудал”, “Талх чихэр” зэрэг компанийг авсан бол их аварга Д.Давгадорж “Аса цирк”-ийг 2009 онд менежментийн гэрээгээр хувьчилж авсан байдаг. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг “ар талаа” хамгаалдаг нөхдийнхөө эсрэг ажиллаж чадах уу гэсэн сонирхолтой таамаг олны анхаарлын төвд байна.

З.Энхболд: Ягаан, цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юу ч олохгүй

“Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг Л.Оюун-Эрдэнийн байр суурьтай холбоотойгоор хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ам дуугарав. Тэрбээр 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд өмч хувьчлалын талаар хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Олны яриагаар бол З. Энхболдыг төрийн өмчийн 14 обьектийг хууль бусаар хувьчилсан гэдэг юм билээ. Тодруулбал, тэрбээр Р.Гончигдоржийн эхнэрт “Говь” комбинатын 60 хувийг үнэгүй бэлэглэж, төрсөн ахыг нь Дарханы “Мах комбинат”-ын даргаар тавьсан гэлцдэг. Харин өөрийгөө улсын өмчөөс нэг ч төгрөг хумслаагүй нэр цэвэр хүн гэдэг З.Энхболд “Би тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүнийгээ ганзагын наймаа хийж олсон” гэж ам бардам ярьдаг.

Ам бардам З.Энхболд энэ удаад бас л яаж ч шалгаад өмч хувьчлалтай холбоотой “Но” олж чадахгүй хэмээн Л.Оюун-Эрдэнээр дайжигнаад авлаа. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Л.Оюун-Эрдэнэ сайдад зөвлөгөө: 28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд (Д.Бямбасүрэн 1990-1992, П.Жасрай 1992-1996 он) хийсэн ягаан, цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн “но” олоход хэцүү. Чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэтийн 51, 49 хувь гээд шалгах ажил зөндөө байна” гэж бичсэн байв.

Гэхдээ энэ дайжигнал улс төрийн үгсэн хуйвалдсан шоу байж ч мэдэх. Олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулж, АН, МАН гэж талцаж харагдаж байгаад МАНАН бүлэглэл ямар том асуудал тарих бол гэсэн айдас, болгоомжлол, хардлага учир мэдэх хүмүүсийн дунд төрөөд буй. Гэхдээ л Л.Оюун-Эрдэнэ хэзээ ч Ерөнхийлөгчтэй, төрсөн ахтайгаа, “журмын ах” их аваргатайгаа тэрсэлдэж үл чадах хүн юм. Ямартай ч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гээд эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудын хувьчилж авсан зарим томоохон компанийн өмч хувьчлалын түүхийг сөхье.

“Баянгол зочид буудал”-ыг 40 сая төгрөгөөр хувьчилсан уу?

Анх “Баянгол зочид буудал” нь1964 онд байгуулагдсан түүхтэй. Засгийн газрын өмч хувьчлалаар тус зочид буудлыг 1991 онд “Женко групп” худалдан авснаар хувьцаат компани болсон. Улмаар Монголын хөрөнгийн биржид 1992 оны гуравдугаар сарын 25-нд бүртгүүлжээ. Анх хувьчлалаар нэгж хувьцааны үнэ 100 төгрөг байсан бол өнөөдөр нэгж хувьцааны үнэ 30 мянган төгрөгт хүрээд байгаа юм. Тэгвэл “Баянгол зочид буудал” ХК 1993-2008 он хүртэл хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд дунджаар 119-340 төгрөг тараажээ. Харин 2010 онд 343 төгрөгийн ногдол ашиг тараасан бол 2009 болон 2011 онд ногдол ашиг тараагаагүй аж. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2018 онд 2017 онд олсон цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 355 төгрөгөөр тооцож, нийт 135.3 сая төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Хөрөнгийн бирж дээрх топ 20 компанийн жагсаалтыг тасралтгүй тэргүүлсээр ирсэн тус компанийг анх 40 сая төгрөгөөр хувьчилж авсан гэж яригддаг юм. Тэгвэл “Баянгол зочид буудал”-ын 2018 оны санхүүгийн тайлангаас харахад нийт хөрөнгө нь 38.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж буй бөгөөд жилийн цэвэр ашиг нь 3.4 тэрбум төгрөг байна.

“БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ” ХК-ИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

“Талх чихэр” ХК-ийн хагас жилийн цэвэр ашиг 751 сая төгрөг

“Талх чихрийн комбинат” нь анх 1984 онд ЗХУ-ын Засгийн газрын техник, эдийн засгийн туслалцаатайгаар Улаанбаатар хотод ашиглалтад орсон Монголын ууган үйлдвэрүүдийн нэг. Засгийн газрын өмч хувьчлалаар 1999 оны арваннэгдүгээр сард тус комбинатыг “Жэнко групп” хувьчилж авч, хувьцаат компани болсон. Тус компани 2012 онд хөрөнгийн зах зээлд нийт нэг сая орчим хувьцааг 11.500 төгрөгийн ханшаар гаргаж байжээ. Тус компанийн санхүүгийн тайланд 2018 оны хагас жилийн байдлаар 751 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж тэмдэглэсэн байв. “Талх чихэр” ХК нь 1993-2011 онд 32-100 төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол хамгийн сүүлд 2018 онд 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 170 төгрөгийн ногдол ашгийг хуваарилжээ.

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр, томоохон хувьцаа эзэмшигчид нь “Женко групп”-ын ерөнхий захирал Х.Баттуул 20, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 19, Баянгол зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Цэндбаяр 19, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 14 хувь, бусад (3980 хувьцаа эзэмшигч) 28 хувийг эзэмшиж байна.

4.5 тэрбумаар АПУ ХК-ийг хувьчилсан түүх

Анх 1924 онд Ардын намын төв хорооны тэргүүлэгчдийн тавдугаар Их хурал, Ардын засгийн долдугаар их хурлаас баталсан “Архины онц эрхийг улсын санд авах тухай” шийдвэр харьяат улсад аливаа уух зүйлсийг өөрсдөө дотооддоо боловсруулан үйлвэрлэх онц эрхийг улсын санд олгож “Идэш тэжээлийн трестийн Архин завод” нэртэйгээр 19 ажилтантайгаар одоогийн APU Company-н үндэс суурь тавигдсан байна. Ийнхүү “Архины завод”, “Архи пивоны завод”, “Архи пивоны комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж иржээ. Улмаар БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоолоор анх “Архи пивоны комбинат”-ыг архи, пиво, ундаа буюу “АПУ“ хувьцаат компани болгон 49 хувийг хувьчилж, үлдэх 51 хувийг төрийн эрх бүхий байгууллага эзэмшиж байхаар тогтоожээ.

Хувьчлагдаагүй үлдсэн 51 хувь буюу төрийн мэдлийн 378867 /гурван зуун далан найман мянга найман зуун жаран долоо/ ширхэг хувьцааг Төрийн өмчийн хорооны 2001 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдрийн 663 тоот тогтоолоор нийтийн дуудлага худалдааны ялагчаар Монгол-Хонгконгийн хамтарсан “Туул интернэшнл” ХХК дуудлага худалдааны үнэ 4,501,000,000 /дөрвөн тэрбум таван зуун нэг сая/ төгрөгийг төлснөөр АПУ ХК-д өмчлөх эрхийг шилжүүлснээр тус компани 100 хувь хувьчлагджээ. Тус компани нь 4000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй 742,877,000 ширхэг зарласан энгийн хувьцаатай бөгөөд биржид хувьцаа нь чөлөөтэй арилждаг Топ-20 компанийн нэг болсон. Хамгийн их хувьцаа эзэмшигч “Туул интернэшнл” ХХК нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн компани юм.

АПУ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл (2019 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар):

20 тэрбумын үнэлгээтэй “Мах импекс”-ийг үнэгүйдүүлж, хоёр тэрбумаар өмчилсөн үү

Томоохон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж эхэлсэн жишгээр 1968 онд байгуулагдсан “Махкомбинат” нь 1992 онд төрийн өмч давамгайлсан “Мах импекс” хувьцаат компани, 1999 оны наймдугаар сард “Женко корпорац” нийт хувьцааны 71 хувийг худалдаж авснаар 100 хувь хувийн өмчит хувьцаат компани болжээ. Тэгвэл “Женко корпорац”-ийн авсан “Мах импекс” компанийн хувьчлал будилаантай, хууль бус болсон гэж хүмүүс үздэг байна. Учир нь УИХ 1999 оны долдугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад “Мах Импекс” ХХК-ийг оруулсан байсан ч 1999 оны наймдугаар сард “Мах импекс”-ийн төрийн өмчийн 51 хувийг 1.9 тэрбум төгрөгөөр Ерөнхийлөгч Х.Баттулга хувьчилж авсан байдаг. Ингэхдээ хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэдэг. УИХ-аас томилсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй өнгөрөөжээ. Энэхүү үйлдлийн цаана Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тухайн үеийн өндөр албан тушаалтнууд байсан гэж ярьдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга “Мах импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, хоёр гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэдэг юм билээ.

НИК-ийн хувьчлал ба шатахууны үнэ тэнгэрт хадсан нь

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 33 дугаар тогтоолоор “Нефть импорт хангамж”-ийн нэгтгэлийг Нефть импорт концерн (НИК) болгон өөрчилсөн. Улмаар Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1994 оны долдугаар тогтоолын дагуу НИК хувьчлалд хамрагдаж, төрийн өмч давамгайлсан (хувьцааны 80 хувийг төр эзэмшсэн) хувьцаат компани болсон. “Петровис” ХХК нь 1997 оны тавдугаар сарын 15-нд Ш.Отгонбилэг агсан, Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нарын санаачилгаар үүсгэн байгуулагдаж газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Төрийн өмчит НИК ХК-ийг хувьчлахад “Петровис” ХХК хамгийн өндөр үнийн санал өгснөөр нийт хувьцааны 80 хувьд ногдох хувьцааг худалдан авч, НИК ХК “Петровис”-ийн охин компани болсон түүхтэй. НИК ХК-ийг одоогийн УИХ-ын гишүүн О.Содбилэг удирддаг юм. Тэгвэл УИХ-ын намрын чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмч хувьчлалтай холбоотой асуудлаар О.Содбилэг гишүүнд хандаж хэлсэн үгэндээ НИК гэж компанийг та нар хувьчилж авсан шүү. Та нар тэр бензинээ хямдруулаарай. Та нар баян болсон шүү. Хангалттай баяжсан шүү. Хааяа ард түмнээ бодож байгаарай” гэж хэлсэн.

НИК ХК хоёр жилд 8200 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгосон байна. Бүтэн жилд хоёр кг гурил авах мөнгөний төлөө бид өмчөө хувьчилсан гэж үү хэмээн ард иргэд бухимддаг. Уг нь НИК 50 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан аж. Засгийн газар тухайн үед 28 тэрбумын худалдааны татварын өрөнд орсон учир энэ өрийг нь төлнө гээд Ж.Оюунгэрэл үнийг нь 22 тэрбум болгон бууруулаад, дараа нь худалдааны татварын 22 тэрбумыг төлөөгүйн дээр зургаан тэрбум төгрөг болгон хувьчилсан гэх яриа гарсан. Ингээд 50 тэрбумын үнэлгээтэй НИК-ийг зургаан тэрбум болтол нь үнэгүйдүүлж авсан Ж.Оюунгэрэл захирал, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар өнөөдөр ард иргэдийг түлшний үнээр дарамталж сууна.

МИАТ, “Монгол шуудан”, “Мэдээлэл технологийн газар”, “Хөрөнгийн бирж”, “Төрийн банк” зэрэг 27 компанийг хувьчлах уу

Төрийн өмчийн хорооноос 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай бичгийг Засгийн газарт ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, МИАТ, “Монгол шуудан”, “Мэдээлэл технологийн газар”, “Хөрөнгийн бирж”, “Төрийн банк” зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг хэлэлцүүлэх чиглэл гарсан байна. Гэхдээ дээр дурдсан өмч хувьчлалын үр дүнг нэгтгэж, шалгасны дараа энэ компаниудын өмч хувьчлалын асуудлыг авч үзэх юм. Иймд манай сонин 1992 онд хувьчилсан 928 обьектийн томоохон хувьчлал болон ирэх жилүүдэд хувьчлахаар төлөвлөөд байгаа компаниудын талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно.

Үргэлжлэл бий…

ЭХ СУРВАЛЖ: “АРДЧИЛАЛ ТАЙМС”


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!