Б.Нямлхагва: Глобус компанийн уршгаар сумд хилийн цэсийн маргаантай болчихсон

Улаанбаатар хотоос 147 км зайд орших Төв аймгийн Угтаалцайдам сумын, хэвийн ажиллагаатай 640 хүүхдийн сургуулийг нурааж 320 хүүхдийн сургууль барихаар төсөвлөчихсөн. Мөн зэргэлдээ сумдтай хилийн цэсийн маргаантай байгаа зэрэг асуудлаар Засаг дарга Б.Нямлхагватай ярилцлаа.

-Зуншлага сайхан уу, хур бороо хэр элбэг байна вэ?

-Сайхаан. Хур бороо бага байна даа.

-Газар тариалангийн бүс нутаг Угтаалцайдам хуурайдуу сэрүүн зунтай. Энэ жил хур бага, гантай зун болж мэдэх нь гэж нутгийн хөгшчүүл ярьж байна?

-Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр 2017 оны гантай жил дахин тохиох магадлалтай гэж байсан. Одоогоор ямар ч чийг алга.

-Тариалалт хүндрэх нь ээ?

-Тариалалт өнөөдрийг хүртэл жигдэрсэнгүй. Тариаланчид өмнөх жилүүдийн тарьж байснаа бодвол энэ жил багасгаж байна. Гантай зун болж мэдэх тул болгоомжлохоос аргагүй.

-Таван ханатай гэрт цэцэрлэг ажиллаж байх юм. Нүдний гэм болсон баймаар юм аа?

-XXI зуун гарчихаад байхад таван ханатай гэрт цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа сум манайхаас өөр байхгүй байх. Цэцэрлэгийн барилга 3 жилийн өмнө актлагдсанаас хойш хүүхдүүд маань гэрт хичээллэж эхэлсэн. Уг нь улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барихаар өнгөрсөн жил шав тавьж барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас барилгын материалын үнэ өсч, барилгын асуудал удаашралтай байна. Тиймээс энэ жил ашиглалтад орж чадахааргүй болчихлоо.

-Хөрөнгө оруулалт нэмэх шаардлага бий болсон гэсэн үг үү?

-Тийм. Хэрэв 2023 оны төсөвт үлдэгдэл хөрөнгийг тусгаж өгвөл барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Тэнгэрийн долоон од” ХХК өөрт байгаа боломжоо ашиглаад бүрэн дуусгаад өгье гэсэн. 2023 оны төсөвт үлдэгдэл мөнгийг нь тавиулж чадвал шүү дээ.

-Өнгөрсөн жил суманд бүтээн байгуулалтын ямар ажил хийгдэв?

-2021 онд аймгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дээврийн засварын ажлыг “Ихэр түрүү” ХХК хийж гүйцэтгэсэн. 2021-2022 онд он дамнуулж мөн аймгийн хөрөнгө оруулалтаар 90 сая, Сум орон нутгийн хөгжлийн сангаас 60 сая гээд нийт 150 сая төгрөгөөр Соёлын төвийн дээврийн их засварын ажлыг хийж дууслаа.

-640 хүүхдийн сургуулийн барилгыг нурааж, суурин дээр нь 320 хүүхдийн сургууль барих юм байна. Хүчин чадал хоёр дахин буурахаар хүүхдүүдээ багтаах уу?

-Сумын ерөнхий боловсролын сургууль ирэх жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Улсын төсөвт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Одоо ажиллаж байгаа 640 хүүхдийн сургуулийг буулгаж оронд нь 320 хүүхдийн сургууль шинээр барихаар 2023-2024 онд 3 тэрбум төгрөг тавьсан юм билээ.

Мэдээж хүчин чадлыг бууруулахаар 2, магадгүй 3 ээлжээр хичээллэх шаардлага үүснэ. Хүн ам өссөн үед 3 ээлжээр хичээллэхээс өөр гарцгүй болох байх.

-Сургуулийн барилгын насжилт 33 жилийн түүхтэй байсан. Онцгой байдлын газрын акт хэзээ гарсан юм бэ?

-Өмнөх Засаг даргын үед акт гарсан гэж сонссон. Бидэнд харуулж, үзүүлсэн зүйл байхгүй. Сургуулийн нэг хананд цууралт үүссэн. Үүнээс улбаатай акт үйлдсэн гэсэн мэдээлэл бий.

-Сумын удирдлагад энэ талаар танилцуулаагүй гэсэн үг үү?

-Үгүй ээ.

-Сургуулийн шинэ барилгын талаар яаж мэдэв?

-УИХ-ын гишүүн Ц.Туваантай уулзахад “Танай сумын сургуулийг акталж, 320 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барихаар төсвийг нь шийдвэрлэсэн” гэж хэлэхэд мэдсэн.

-Сумын удирдлагын хувьд сургуулийг актлах шаардлага бий эсэх дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоогийн 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг буулгах биш их засвар хийгээд явбал сум орон нутагт ч хэрэгтэй. Улс оронд ч эдийн засгийн хувьд хэмнэлттэй л дээ.

-Сум хоорондын хилийн цэсийн маргааны талаар тодруулья. Баянхангай болон Цээл сумтай хилийн цэсийн маргаан хэдийнээс гарах болов?

-Барилга хот байгуулалтын яамнаас 2012 онд орон нутгийн хилийн цэсийг баталгаажуулах тендэр зарлаж, 5 компани шалгарсан байдаг. Үүний нэг нь “Глобус”. Уг компани манай сумын хилийн цэсийг тэмдэглэлжүүлэхдээ Мэргэн давааны овоог тал газар гэж тэмдэглэсэн. Үүнээс болж урд талын Баянхангай сум хооронд хилийн цэсийн маргаан үүссэн. Мөн хойд талын Цээл сумтай 1, 2 дугаар шонгийн маргаантай.

-Мэргэн давааны овоо нь танай сумын нутаг уу?

-Тэгэлгүй яахав. 1982 оноос Мэргэн даваа овооны дэргэд амьдарч байгаа казах өвгөн 40 гаруй жил эндээ нутаглан амьдарч ирсэн хугацаагаараа ч гэрчилдэг. Гэвч маргаан тасардаггүй. “Глобус” компанийн хариуцлагагүй байдлаас болж хоёр сумын дундах маргаан үүсчихээд байна даа.

-Угтаалцайдам сум 100 жилийн ойгоо удахгүй тэмдэглэнэ. Цээл сум танайхаас тасарч гарсан байх аа?

-Угтаалцайдам сум 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Баянхангай, Цээл сумд 1976 онд манай сумаас тусгаарлаж гарсан. Угтаалцайдам анхдагч гэсэн үг. Хамгийн том сангийн аж ахуйдын нэг. Хүн амын хувьд энэ жил 2806 хүн тоологдсон. Цээл сумтай хүн ам ойролцоо, харин Баянхангай сумаас хэд дахин илүү хүн амтай юм.

-Хүн амын нягтаршил ихтэй юм?

-Газар нутгийн хувьд Төв аймгийн бусад сумдаа бодвол бага. Хүн амын нягтаршил ихтэй. 

-Угтаалцайдам сум газар тариалангийн бүс нутаг. Бэлчээрийн даацын асуудал толгойны өвчин болсоор ирсэн. Энэ жил хичнээн толгой мал тоологдов?

-Малын хөлийн даац 23 дахин их. Энэ жил 132000 толгой мал тоолуулсан. Даацаараа 50000 толгой байх ёстой ч 2-3 дахин хэтэрчихсэн гэсэн үг.

-Малын хөлийн татварын хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хууль батлагдвал асуудал шийдэгдэх болов уу?

-Тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг доод тал нь 10000 төгрөг байхаар хэлэлцэж байгаа. Хууль батлагдвал тариалангийн бүс нутагт амьдарч байгаа иргэд эрчимжсэн мал аж ахуй руу орох байх. Хүссэн хүсээгүй ийм сонголт үлдэнэ. Түрүүчээсээ үүлдэр угсаагаа сайжруулаад орж байна.

-Баянхангайгаас Угтаалцайдам хүртэл засмал замтай болно гэж яриад 10 гаруй жил болж. Олон жилийн яриа биеллээ олох нь гэтэл сөөм газар л зам тавих бололтой. Тийм үү?

-Хатуу хучилттай засмал зам тавигдана гээд 15-16 жил яригдаж байна. Энэ жилийн төсөвт 25 тэрбум төгрөг тавигдсан. Энэ мөнгөөр ойролцоогоор 30 км зам тавьж хүрэх үү, үгүй юү болчихоод байгаа нь үнэн.

-Энэ мөнгөө 4 хэсэг хувааж өгнө гэж дуулдсан?

-Нийт 122 км авто замын төсөв нь 130 тэрбум төгрөг юм. Үүнээс зөвхөн энэ жилийн төсөвт тусгагдсан нь 25 тэрбум. Баянхангайгаас-Талын уул бригад, Талын-Уулаас-Угтаалцайдам, Угтаалцайдамаас-Цээл, Талын-Уулаас-Заамар сум гэхчлэн 4 тендэр зарлагдаад байгаа. Гэхдээ Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын удирдлагууд нэг байр суурин дээр нэгдэж, 25 тэрбум төгрөгөөрөө зөвхөн Баянхангай сумаас хэдэн км болдог юм, тэр хүртэл нь ханатал зам тавиад өгөөч гэсэн хүсэлт гаргасан. 4 хэсэг тендэр зарлачихаар чинь Дарханы зам шиг энд тэндгүй сэндийчээд хучилтаа ч хийхгүй, тариалангийн талбай дундуур машин тэрэг сүлбэлдэж давхидаг, энд тэндгүй байгаль дэлхий сүйтгэн тариа ногоон дундуур явах вий гэх сэрэмжлэл бүх сумдын удирдлагуудад бий.

-Барилга хот байгуулалтын сайдтай уулзаж байх шиг байсан. Ямар ажил амжуулав?

-Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын хэрэгжүүлж байгаа инженерийн дэд бүтцийн сумын төвийн цэвэр, бохирын шугам Угтаалцайдам суманд хэрэгжиж, зураг төслийн ажил нь явагдаж байгаа. Сайд нутгийн иргэдтэй уулзаж, Угтаалцайдам суманд ашиглалтад оролгүй 32 жил болсон 2 давхар хоёр барилгын дэд бүтцийн зураг төслийн асуудлыг шийдэж өгсөн юм. 

-Юуны зориулалтаар ашиглаж байсан барилгууд вэ?

-Элеваторын ажилчдын орон сууц байсан. Сүүлд сумын мэдэлд ирсэн болохоор бид үргэлжлүүлэн босгож, ашиглахаар зэхэж байна.

-Зориулалт нь?

-Нэгийг нь үйлчилгээний төв, нөгөөг нь төрийн албан хаагчдын орон сууцаар ашиглана. Сум орон нутагт ажиллаж байгаа залуу боловсон хүчний орон сууцны асуудал хүнд. Тэднийхээ нийгмийн асуудлыг шийдэхэд дэм болно гэж үзэж байгаа. 

Орчуулах »