Цэцэрлэгийн хүчин чадал 4110, сургуулийн суудлын тоо 4260-аар нэмэгдэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

            Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газрын  Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ц.Тулга, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал, доктор Д.Сүрэнчимэг, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үйл ажиллагааг нээж  үг хэлэн Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тогтмол хамтран ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банкны удирдага, хамт олонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, орчин нөхцөлийг сайжруулах,  сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургуулийн менежментийг боловсронгуй болгох, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдаад сүүлийн жилүүдэд манай улсын бага, дунд боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд бодит дэмжлэг болж чадсан, олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэнийг тэмдэглэн хэллээ.

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн урт хугацааны үр нөлөө нь боловсролын хүртээмж, тэгш байдал, чанарыг дээшлүүлэх, шууд үр дүн нь эдийн засгийн хүндрэлийн үед суурь, бүрэн дунд боловсролын хүртээмж, чанарыг хадгалахад чиглэгдэж байна. Төсөл дараах 5 чиглэлээр багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Улаанбаатар хот болон 4 аймгийн төвд 23 цэцэрлэг, 10 сургуулийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр барьсан болон өргөтгөсөн сургууль, цэцэрлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн хүрээнд цэцэрлэгийн хүчин чадал 4110, ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоо 4260-аар нэмэгдэнэ.

Цэцэрлэг, сургуулиудын барилгыг шинээр барих болон өргөтгөхдөө эрчим хүчний хэмнэлттэй, гамшигт тэсвэртэй, суралцагчдын нас, хүйс, тусгай хэрэгцээт боловсролын шаардлагыг хангахуйц  шинэлэг шийдэлтэй зураг төслөөр гүйцэтгэхээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх “Ногоон барилга”-ын шийдлээр гүйцэтгэх нь тус төслийн томоохон онцлог юм.

 Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлтэд үндэслэн сургуулийн удирдлага, багш, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг шат дараатай  зохион байгуулна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог шалгалт өгсөн даруйдаа шууд мэдээллэдэг болох зорилгоор шууд засалтын технологийг нэвтрүүлэн шалгалтын үр дүн, засалтын талаар иргэдийн дунд үүсдэг буруу ойлголт болон шалгуулагчид үүсэх чирэгдлийг арилна. Ингэснээр их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт зохион байгуулах боломжтой болох юм. Цаашлаад шалгалтын мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийн сургалтын хөтөлбөр боловсруулалт, хэрэгжилт, үнэлгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн менежмент нь тус төслөөс хүлээгдэж буй нэгэн томоохон үр дүн юм.

 Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа хийж, түүнд тавигдах шаардлагыг боловсруулан сургуулийн өмнөх боловсролын хэрэглэгдэхүүнээр хөдөө орон нутгийн цэцэрлэгийн 30 хувь нь хангагдана. Мөн бага боловсролын казах хэлний сурах бичгүүдийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

 Ерөнхий боловсрлын сургуулийн менежментийг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн болон багшийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих онлайн сургалтын хөтөлбөр боловсруулж, удирдах ажилтнуудын 70 хувийг танхимын болон онлайн хэлбэр хосолсон сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

БСШУСЯ-ны зүгээс 2021 он хүртэл буюу богино хугацаанд өргөн цар хүрээтэй ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийг зөв зохистой, үр дүнтэй ашиглан  төслийг чанартай хэрэгжүүлэхэд талууд идэвх санаачилгатай хамтран ажиллаж, салбарт хэрэгжиж буй бусад төслүүдтэй уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг  чухалчилан үзэж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!