fbpx
/

Төсөвт хоёр удаа тодотгол хийлгэсэн Л.Оюун-Эрдэнэ намынхандаа гологдож эхлэв

5 мин уншина

МАН-ын генсэк Д.Амарбаясгаланг Хан-Уул дүүргийн 11-р хорооны ар зайсанд баригдаж буй Zeta төслийнхнөөс “бэлэг” авсан хэмээн намынхан нь хардаж байна. Төслийн эзэн нь Шадар сайд С.Амарсайхан юм байх.

Zeta төслийн хүрээнд баригдаж байгаа хаусын метр.квадратын үнэ 6-8 сая төгрөг. 3-5 давхар бүхий барилгын талбайн хэмжээ нь 208-340.5 мкв. Ингээд тооцвол дунджаар 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй хаус юм. Баргийн хүн худалдаж авахааргүй хаус хорооллын зогсоолын төлбөр гэхэд 40 сая. Нэг айлд 2-3 зогсоол төлөвлөсөн гэж байгаа.

Боловсролын салбар төдийгүй яам, агентлаг гээд төсвийн байгууллагын бичиг цаасны шахаа, гадна дотны хөрөнгө оруулалтыг дангаараа эзэмшдэг гэгддэг Д.Амарбаясгаланд өндөр үнэтэй хаусаасаа “бэлэг” болгосон С.Амарсайхан хариуд нь Ерөнхий сайдын сэнтий хүссэн гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноор хүчтэй яригдаж эхэллээ.

Ипотекийн зээлийн хүү бууруулах асуудлыг улиг болтол хөндөж, МИК гэх мангасын луйвар, түүнд Монголбанк оролцож байсныг илчлэх зэргээр Ерөнхий сайд болчихвол энэ мэтчилэнгээс эхлэн хийх ажил маш их гэсэн мессэжийг байнга өгсөөр ирсэн нь түүний дараагийн Засгийн газрын тэргүүн болох хүслийнх нь илэрхийлэл гэж байгаа.

Монголбанкны удирдлагад Г.Занданшатарын тавиул бий.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнэд буулт хийн байж төвбанкны суудлыг Б.Лхагвасүрэнд хадгалж үлдсэн. Эс бөгөөс хүчтэйхэн тэрсээд ард нь гарч, Ерөнхий сайд болох боломж хангалттай байсан гэдгийг улс төр сонирхогчид мэднэ. Шадар сайд ч үүнийг ашиглан Г.Занданшатарын эмзэг цэгт хатгасаар байгаа билээ.

Магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнд С.Амарсайхан хамгийн зөв хувилбар байж болох л юм.

Л.Оюун-Эрдэнийн чансаа, мэдлэг туршлага дэндүү жулдаж, шинэ байгуулсан хоёр яамныхаа сайдыг ч томилох эрх мэдэлгүй, шахааны шалчийсан хоёр төрийн нарийнтай зүтгэж яваа түүнээс ковидын дараахь эдийн засгийг сэргээх бодлого, чадвар хүлээгээд ч нэмэргүй гэдгийг хангалттай харж байна. Энэ Засгийн газар түүний хувийн компани юмуу гэмээр болж, тэнд ч энд ч ах дүү, хүргэн бэр нь томилогдсоор байгаад намынхан нь шүүмжлэлтэй хандаж байгаа.

Эдийн засгийн мэдлэггүйнх нь төлөөсөнд төгрөг цаас болж, жилийн дотор төсөвтөө хоёр ч удаа тодотгол хийлээ. Жилийн хагас үзэлгүй хоёр удаагийн тодотгол хийнэ гэдэг мань эрд алсын байтугай ойрын хараа байхгүйг харуулж байгаа хэрэг.

Дэлхийн зөнгөөс “хооллож” байх үеэсээ хөтөлж тэмдэглэсэн гэх “Алсын хараа” нь чадан ядаж хэлхсэн зөгнөлт зохиол төдийхөн, хэнд ч хэрэггүй цаас гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэд өрийн дэвтрээсээ өндийж чадахаа больчихсон байхад 10 их наядын хөтөлбөр, 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас авах үлгэрээсээ салаагүй суугаа жижигхэн улстөрч.

Ядаж байхад бодлогын туслалцаа үзүүлэх учиртай зөвлөхүүд нь “БИ ЧАДНА” гэлцсэн хөндий хоосон цээжнүүд байгаа нь харамсалтай.

Хоёр хөрштэйгөө ч эв зүйгээ ололцож чадахгүй яваа Л.Оюун-Эрдэнийн дэргэд С.Амарсайхан аатай, жаатай бизнесмэн мөн. Ашиг тооцож, хөрөнгө босгож чадах туршлагатай ч эр. Зайсангийн амыг өмчилж, өндөр өртөгтэй хаусаар эрх баригчдад эргээд “бэлэг” барих, наймаалцахаас эхлүүлээд амь амьжиргааны асуудал болчихоод байгаа урд хөрштэй олон жилийн бизнесийн түнш. Тиймээс хэл амаа ололцож, хил гааль нээлгэхдээ Л.Оюун-Эрдэнийг дагуулахааргүй хавь илүү гэдэг нь үнэнд ойр үнэлгээ.

Түүнийг дэмжих олон шалтгаан Д.Амарбаясгаланд бий. НИТХ-аас хотын дарга, УИХ-ын гишүүнээс Шадар сайд болтол ард нь бат зогсч ирсэн генсэкт С.Амарсайханыг Ерөнхий сайд болгочих хүсэл хэдийнээс байсан биз.

Тийм ч учраас УИХ-ын 20 орчим гишүүн гарын үсэг зурсан Ерөнхий сайдыг огцруулах бичгийг Д.Амарбаясгалан бэлтгүүлсэн гэдэг бөгөөд өнөөх нь саарал ордны аль нэг өрөөний шүүгээнд бий гэлцэж байв.  

Харин одоо нэгэнт бэлдсэн бичгээ ашиглах цаг нь болж, Шадар сайдын статусаас давж тоглосоор ирсэн С.Амарсайханг дараагийн Ерөнхий сайд, эрх баригч намын дарга болгох ярвигтай нүүдэл эхлэв бололтой.

Latest from Blog

Мэдээ орчуулах »