У.Хүрэлсүх:Хямралын үед парламентын гишүүдээс Засгийн газраа бүрдүүлдэг байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа бидлээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулан батласны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  сайдад нэр дэвшигчдийн танилцуулгыг хийсэн юм. Яг одоо Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Үүний дараагаар  хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хэдхэн хоногийн өмнө “бидэнтэй ойлголцох хэрэгтэй” гэж байсан. Албан тушаалаар ойлголцох байсан юм уу, Ө.Энхтүвшин дарга аа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Ойлголцоогүй үлдсэн хүмүүсээ яах вэ. Яагаад дэд сайдаас татгалзаж чадахгүй байна вэ, Ерөнхий сайд аа. Сайд нарын цалинг хэмнэж байгаа гэсэн сэтгүүлчдэд өрөө гаргаж өгөх үү. Нэг хүнд хоёр өрөө хэрэггүй. Сэтгүүлчид өрөөгүй гээд нэг өрөөндөө шахцалдаж байдаг юм билээ.

Нэр дэвшигч Ө.Энхтүвшин:

-Ойлголцож чадсан. Ямар нэг албан тушаалын тохироогоор биш. Үзэл бодол, зарчим, үнэт зүйл, олон түмний өмнө хүлээж байгаа хариуцлага дээрээ ойлголцсон. Би эхлээд энэ Засгийн газарт залуучуудыгаа түлхүү оруулъя гэж бодсон. 6 хүн дээр ярьсан, хөөцөлдсөн. Зарим нь болсонгүй. Тэр шатан дээр журмын нөхөд маань эргэж ярилцаад, “улс орны байдал амаргүй байна. Төрийн ажилд одоо зүтгэ. Одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ” гэж тулгасан. Энэ дагуу шийдвэрээ гаргаад явж байна. Би өөрөө гаргасан юм биш. Журмын нөхдийн шийдвэр. Тиймээс энэ сонголтыг хийж байна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд өмч хувьчлалын асуудлыг шууд хариуцахаар тусгаагүй. УИХ-аас өмч хувьчлалын бодлогыг гаргадаг. Энэ дагуу ажиллана. Ямар нэг дарамт ирээгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад албан тушаал хашиж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Энэ заалтын дагуу би кабинетаа парламентаас бүрдүүлж байна. Мөн Ерөнхий сайд парламентаас биш гаднаас томилогдсон. Би Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ олон зүйлийг бодсон. Улс орны өмнө шийдвэрлэх олон асуудал байна. Тийм учраас би бяртай, чадалтай  сайд нараар танхимаа бүрдүүлэхийг зорьсон. Гаднын жишгийг ч судалж үзлээ. Англи, Герман Австрали, Канад, Сингапур, Малайз зэрэг улс  парламентын гишүүдээсээ Засгийн газраа бүрдүүлж байна. Дан, давхар дээлний асуудал улс төр хийсээр байгаа. Үүнийг цэглэх хэрэгтэй. Би хувь хүнийхээ хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн байр сууринаас хандаж байгаагүй. Тэр дундаа хямралын үед парламентын гишүүдээс Засгийн газраа бүрдүүлдэг байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эрх барьж байгаа МАН-ын бүлэг 65 дотроо хэлэлцээд Засгийн газраа томилох байсан бол эхнээсээ талцах хэрэг байсан уу. Бүлгийн хурал дээр хэрүүл тэмцэл ширүүссэн. Ийм нөхцөл байдалд хүргэж байж энэ хэмжээний тохироо хийх байсан бол харамсаж байна. Засгийн газар тогтворгүй болох нөхцөл байдал эхлэх үед би хамгийн түрүүн саналаа хэлж байлаа. Өнөөдөр бүх зүйл тохирсон гэж байна. Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлээд, уул уурхай дагасан асуудлаа цэгцлээрэй гэж хэлье. Би хоёр тусдаа хуралдаад байгаа бүлгийн хуралд оролцохгүй байгаа. Бие биенийхээ хоолой дээр хутга тавихаар хэмжээний байдалд хүрч байна, МАН-ын бүлэг.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Таныг албан тушаалын төлөө сайд болоогүй гэж бодож байна. Үзэл бодолдоо үнэнч явсны төлөө шалгуулсан. Засгийн газрыг хууль бус ажиллагаа хийсэн гэж огцруулсан. Алдааг нь залруулах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг дэндүү их улстөржсөн. Хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосны улмаас өнөөдөр хүүхдүүдэд мөнгө олгох боломжгүй болсон байна.

Д.Тэрбишдагва:

Тогтвортой сайн ажиллаарай гэж сүүн цацал өргөе. Саар ажиллавал би үгээ хэлнэ ээ. Аяга хагарчихаар цавтай шаазан шиг битгий байгаасай гэж бодож байна. Сүүлийн хэдэн сар шившгээ тарьсан шүү. Цавтай шаазанд цай ууж болдоггүй шүү дээ. Энэ цавыг арилгахад Ө.Энхтүвшин сайдын үүрэг их байх болов уу. Энэ Засгийн газар бяртай Засгийн газар болох тухай яригдаж байна. УИХ-ын гишүүдийг сайд болгосноор бяртай болдоггүй юм аа. Хариуцлагатай, сахилгатай байж л сая бяр сууна. Ард түмний санал авалгүй уначихаад сайдын суудал авах гээд зүтгэж байснаас ард түмний саналаар УИХ-д сонгогдсон хүмүүс сайд болох нь нэг талаараа зөв. Засгийн газартаа бяртай гэдэг үгийг битгий хэрэглээрэй.

Хагаралтай хүндрэлтэй үед Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан хүний хувьд та гагнуурын үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ ан цавыг сорвигүй болтол гагнах хүн бол Ө.Энхтүвшин.

Ө.Энхтүвшин:

Тийм ээ, хийх ажил маш их байна. Төрийн албанд чадвартай, мэдлэгтэй, туршлагатай, шударга хүн л ажиллах ёстой. Чи чадсангүй ээ, яв гэхэд яваад өгч чаддаг хариуцлагатай хүн ажилладаг байх учиртай.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!