Зээлийн хүүг бууруулж болно, гэхдээ хүчээр биш

Монголд зээлгүй хүн гэж бараг үгүй дээ.Тийм ч учраас банкны зээлийн хүү бууруулах талаар байнга ярьдаг, шүүмжилдэг. Энэ нь ч аргагүй биз. Өрнөөс өрний оронд, зээлээс зээлийн хооронд амьдардаг хүмүүст энэ бол маш том асуудал, бас дарамт байхаас зайлахгүй.

Гэхдээ зээлийн хүү өндөр байна, буулга гээд шууд буулгачих зүйл биш болохоор яалтай ч билээ. Монголд арилжааны банкнуудын зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Гэхдээ зайлшгүй шаардлага байгааг ч эдийн засагчид хэлдэг.

Тодруулбал, зээлийн хүүг хүчээр буулгаснаар арилжааны банкуудыг эрсдэлд оруулахаас гадна Монголын эдийн засагт ч сөрөг үр дагавар олон гарна.

Зээлийн хүүгийн дундаж одоогоор 18 хувь байгаа. Тэгэхээр эхлээд зээлийн хүү яагаад 18 хувь гэж тогтоод байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Яагаад ийм өндөр байгаагийн шалтгааныг олох, тодруулах хэрэгтэй. Аж ахуйн нэгж ч юм уу, эсвэл иргэнээс санхүүгийн байгууллага мөнгө аваад хөрөнгө санхүү дутсан нөгөөд нь зээлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Ингэхийн тулд эх үүсвэр татах хэрэг гарна. Эх үүсвэрийг ам.доллароор авч үзье. АНУ-ын Засгийн газар 1.75 хувийн хүүтэй эх үүсвэр татчихдаг. Тухайн улсын зээлжих зэрэглэл AAA. Монгол Улсын зээлжих зэрэглэл В. Ийм зэрэглэлтэй улсын Засгийн газар 7.5 хувийн хүүтэй мөнгө зээлж чадна.

Тэгэхээр бид хамгийн багадаа 7.5 хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж чадна гэсэн үг. Ам.долларын эх үүсвэр татсан ч бид дотооддоо төгрөгөөр зээл олгоно. Ам.долларын эх үүсвэрт 7.5 хувийн хадгаламжийн хүү санал болгож буй бол төгрөгт ийм хэмжээнийхийг санал болгож болохгүй.

Зээлийн хүү Монголд өндөр байгаагийн хамгийн том шалтгаан нь тэр шүү дээ. Тэгэхээр зээлийн хүн бууруулахын тулд зээлжих зэрэглэлийг өсгөх тал дээр эхлээд анхаарах хэрэгтэй.

Тэгэхгүй бол шууд зээлийн хүүг буулгаснаар ганц арилжааны банкуудаар зогсохгүй хаа хаанаа эрсдэл үүрнэ. Банкны үйлчилгээ авдаг жирийн үйлчлүүлэгч бидэнд ч эрсдэл учрах магадлалтай. Тиймээс банкуудын зээлжих зэрэглэлийг өсгөх түүгээрээ дамжуулан зээлийн хүүг бууруулахад Засгийн газар, Төвбанк, арилжааны банкууд бүгд хамтрах хэрэгтэй.

Тэгж уг шалтгааныг нь олохгүй шууд зээлийн хүүг хүчээр буулгана гэдэг нь муйхар асуудал. Маш энгийнээр хэлэхэд өндөр халуурсан хүнд юунаас болж халуураад байгааг олж мэдэлгүй шууд халуун бууруулах эм өгч хүчээр халууныг бууруулахтай адил. Гэвч нөгөө хүний эмний үйлчилгээ гармагц эргээд л халуурна шүү дээ. Учир нь юунаас болж халуураад байгаа шалтгааныг илрүүлж, голомтыг дараагүй учраас тэр шүү дээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!