2022-05-06
1 min read

 Япон “COVID-19” цар тахлын улмаас тогтоогоод буй хилийн хяналтын арга хэмжээнүүдээ ирэх зургаадугаар сараас үргэлжлүүлэн сулруулж, “Долоогийн бүлэг”-ийн бусад оронтой ижил түвшинд хүргэнэ гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт мэдэгджээ.

Японд халдварын нөхцөл байдал тогтворжиж байгаа бөгөөд Засгийн газар “COVID-19”-ийн арга хэмжээнүүдийг “үе шаттайгаар” сулруулахын өмнө нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөнө гэж К.Фүмио Лондон хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Өнгөрсөн оны сүүлээр Япон улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон нь хэтэрхий хатуу гэх дотоод, гадаадын шүүмжлэлд өртсөн юм. 


Түүнээс хойш Засгийн газар холбогдох дүрэм журмыг шат дараатайгаар сулруулж, одоогоор өдөрт 10 мянга хүртэлх хүнийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөөд байна. Ийнхүү зорчих иргэдийн хувьд бизнес эрхлэгч, техникийн дадлагажигч, оюутнуудаар хязгаарлагдаж байгаа бөгөөд гадаадын жуулчдыг хүлээн авахыг зөвшөөрөөгүй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг сулруулахыг бизнесийн салбарынхан уриалсаар байна. Саяхан Японы Засгийн газрын ажлын хэсэг зорчих хөдөлгөөний хяналтыг “аль болох ойрын хугацаанд” хэвийн болгоно гэж мэдээлжээ.

Цар тахал дэгдэхээс өмнө Япон улс аялал жуулчлалыг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч болгон хөгжүүлэх сонирхолтой байсан бөгөөд 2020 онд гадаадын 40 сая жуулчин татах зорилт тавьж байсан юм.

Гэвч дэлхийн эрүүл мэндийн хямралын үеэр бусад орнуудын адил хилийн хяналтын хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр дээр дурдсан зорилтдоо хүрч чадаагүй байна. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »