БИДНИЙГ ЁОЛКДОХ ЗУУРТ АЙМГУУДЫН УТАА БУУРУУЛАХААР 1.0 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛЖЭЭ

-“УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ, ААВУУД” ТББ-Д УДАА ДАРАА МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН БАЙХ ЮМ-

Нийслэл хот утаандаа угаартаж, бахардаж үхэх шахсан хүнд бэрх өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хөдөө орон нутгийнхны утаа, агаарын бохирдолтой тэмцэж явсан бололтой. Улаанбаатараас илүү угаартай, бохирдол ихтэй аймаг, сумд нэлээд бий юм байх. Учир нь тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр маш олон, өндөр дүнтэй гүйлгээнүүдийг хам хум, яаран сандран хийж БОАЖ-ын яаманд төсөвлөгдөж ирсэн хэдэн төгрөгийг талын нэг тараан шидэлж. Товчхондоо, хувийн компанийн эсвэл хувийн хэтэвч дэх хэдээ зарцуулж буй мэт хайр гамгүй хандсан байх юм. Нийслэлийн хэмжээнд утаатай тэмцэх ганц ч ажил хийгээгүй, ганц төгрөг ч зарцуулаагүй атлаа орон нутаг, аймгуудад тийм их хэмжээгээр цацсаны учир юу вэ. У.Хүрэлсүх өмнөх засаг, өмнөх удирдлагуудаа цэвэрлэхийн тулд тойрон хүрээлэгчдэдээ буруу зөвгүй ЖДҮ-гийн мөнгө хуваарилсан гэдэг шиг мань Н.Цэрэнбат мөн өөрийн хэмжээнд ийм үйлдэл хийсэн юм биш биз. Тийм биш бол бүх аймагт бус цөөхөн хэдэн аймагт цойлдож тараасныг хэрхэн ойлгох вэ. Тухайлбал, тэрбээр Архангай аймагт 100.0 сая, Увс аймагт 150.0 сая, Ховд аймагт 200.0 сая, Хэнтий аймагт 40.0 сая, Өвөрхангай аймагт 110.0 сая, Дархан-Уул, Орхон аймагт тус бүр 200.0 сая буюу нийт 1.0 тэрбум төгрөгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хуваарилж шилжүүлсэн байх юм. Мөн эл өдөр Хэвлэл мэдээллийн хөгжлийн төв, Мэдээллийн Пи Ар агентлаг, Утааны эсрэг аав, ээжүүд гэсэн ТББ-уудад 100 шахам саяыг хуваан өгсөн байна. Тухайлбал, “Утааны эсрэг аав, ээжүүд” нэрт Төрийн бус байгууллага гэхэд өмнө буюу өнгөрөгч оны наймдугаар сард 41 сая 851 мянган төгрөг Байгаль орчны яамнаас гаргуулж авсныгаа “Бид гэр байшингаа дулаалцгаая” гэсэн сургалт явуулах гэж авсан. Сургалтын материал хэвлүүлэх, тараах зэрэгт энэ мөнгө зарцуулагдсан гэж байсныг уншигчид санаж буй байх. Гэтэл тус ТББ-ынхан тухайн үед олон нийтэд илтэд худал мэдээлэл өгч байсан бололтой. Учир нь “Гэр байшингаа дулаалцгаая” сургалтад ашиглагдах брошур, танилцуулах материалын зардалд тусад нь 10.0 сая төгрөгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ахын “Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэрт БОЯ-наас шилжүүлсэн баримт бас байна. Тус “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ руу наймдугаар сарын 41 саяас гадна өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хоёр удаагийн шилжүүлгээр тус бүр 17 сая 936 мянган төгрөг, 2018 ондоо нийт 80 гаруй сая төгрөгийг зөвхөн сургалт нэрээр шилжүүлсэн байх юм. Энэ чинь зориулалтын бусаар зарцуулсан зардлууд биш үү, Н.Цэрэнбат сайдаа!!!

-ОЙН ХОРТОН ШАВЬЖ УСТГАХААР 3 ТЭРБУМЫГ ШИЛЖҮҮЛЖ, ШИНЭ ЖИЛИЙН ӨДРҮҮДЭД ШИЛМҮҮСТ МОД ТАРИАЛЖ СУУЖЭЭ-

Түүнчлэн Н.Цэрэнбат сайдтанаас байсхийгээд мөнгө шилжүүлэх дуртай, бүр тэрбум тэрбумаар нь шилжүүлдэг хоёрхон газар байх аж. Тэдгээрийн нэг нь “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар. Өвөлжин, зунжин ой хээрээ хамгаалаад, шилмүүст ойг мянга мянган га-гаар нь нэмж тариалаад, хортон шавьж устгах бодисыг тэрбумаар нь худалдан авч цацдаг тус газрын захирал Довдонцэрэнгийн Мөнхбат гэх нөхөр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр гэхэд огт амрах чөлөөгүй мөнгө шилжүүлж, цацсаар сууж. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хүн гэгддэг мань эр өмнө нь Гааль, Татвар хоёр нэгдсэн нэг байгууллага байх үед Татварын байцаагчаар л ажиллаж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, байгаль, ой усны талаар түй ч ойлголтгүй нөхөр юм байх. Тиймдээ ч тэр үү, хортон шавьж устгах бодисыг “Чингис капитал”, “Агротрейд импекс”, “Неүвчемикалсервис” нэрт гуравхан компаниас л хэдэн зуун сая, бүр зарим үед 3 тэрбумаар нь авч байсан нь анхаарал татаж, хардлага төрүүлнэ. Тус төвд 3 тэрбум 507 саяын өртөг бүхий хортон шавьж устгах бодис нийлүүлсэн гэх “Чингис капитал” ХХК-ийн ард Д.Мөнхбат захирал өөрөө байдаг гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Өнөөх “Чингис капитал” компани нь газар тариалан эрхлэх чиглэлийн компани атлаа Дулааны цахилгаан станцид нунтаг азбест, Тавантолгойд туршилтын барьцалдуулагч эд, Увс аймгийн Дулааны II станцид сүлжээний усны насос, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд кабел дамжуулагч утас, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сандал, хогийн сав хүртэл нийлүүлж байсан хүртээмжтэй сүрхий компани юм. Завсаргүй, завгүй тендэрт ялж бараа материал голохгүй нийлүүлдэг тус компани дөнгөж энэ он гараад Монгол шуудан компанид гялгар уут, илгээмжийн хайрцаг хүртэл нийлүүлэхээр болсон гэж байгаа. Энэчлэн тус компаниас 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр 3 тэрбум 507 саяын өртөг бүхий химийн бодис худалдан авч, Байгаль орчны яамны хамаг хөрөнгийг өдөр шөнө, өвөл зунгүй зөвхөн шавьж устгах, ойжуулах ажилд зарцуулах хэрнээ яасан үр дүнд хүрч өгдөггүй “Ойн судалгаа хөгжлийн төв” юм. Улсынхаа нийслэлийн утаа, агаарын бохирдлыг бууруулахад “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-д өгсөн хэдэн төгрөгийг л тооцдоггүй юм бол өөр нэг төгрөг ч зарлагдаагүй Н.Цэрэнбат сайд хүртэл яахаараа сар бүр амжилт, үр дүн муутай ажилладаг “Ойн судалгаа хөгжлийн төв” рүү ийнхүү тэрбум, тэрбумаар нь мөнгө шилжүүлж суудаг билээ. Анхаарч, шалгах л асуудал. Хамгийн их хардах, заавал шалгах ёстой нэг зүйл нь их хэмжээний мөнгийг сар бүрийн сүүлийн өдөр шилжүүлдэг нь сонин. Дээрх 3 тэрбумыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-ны өдөр, аймгуудын агаарын бохирдлыг бууруулах 1 тэрбумыг арванхоёрдугаар сарын 27, мөн “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-ын мөнгө бас л 27-ны өдөр гэхчлэн. Тэрбайтугай, агаарын бохирдол, утаатайгаа тэмцээрэй гэсэн Арабуудын буцалтгүй тусламжийн 1.0 сая ам.долларын зарцуулалтыг өнгөрөгч оны 9-р сард багш нар ажил хаялт зарлан нийгэм бужигнах үеэр хийсэн байдаг. Энэ бүгд яалт ч үгүй л “Чоно борооноор.., Н.Цэрэнбат үймээнээр” гэчихмээр харагдаад байгаа юм даа.

-НИЙСЛЭЛИЙН УТААНД АНХААРААГҮЙ САЙД 590 САЯАР УАЗ ФУРГОН АВСАН УУ-

Увс, Ховдоос сонгогдсон гишүүд ОХУ-аас УАЗ фургон, УАЗ 469 маркийн автомашинууд оруулж ирдэг бололтой. Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группээс гадна сүүлийн үед “УАЗ МЕГА” ХХК УАЗ-ын нийлүүлэлтэд хүч түрэн орж ирсэн. Саяхныг хүртэл газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, багаж төдийхнөөр гаршсан байсан “УАЗ МЕГА” ХХК гэнэтхэн л яам, агентлагуудад хэдэн зуун сая, тэрбумаар ОХУ-д үйлдвэрлэгдсэн автомашинууд нийлүүлж эхэлсэн бөгөөд тус компанийн ард БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг байдаг гэх яриа газар аваад байгаа. Компанийн нь захирал Мягмарсүрэн гэж хүн Увс аймгийн Түргэн сумын харьяат, мөн Цэрэнбатын аав Намсрай гуай Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нь тэднийг холбодог гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч ойн хортон шавьж, гал түймэр гэхээр л ухаанаа тавьчихдаг сайд маань Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах зориулалтын багаж, хэрэгсэл болон техник, тоног, төхөөрөмж худалдан авах 590 саяын өртөг бүхий тендэрт “УАЗ МЕГА” ХХК-ийг зүтгүүлж, ялуулсан гэж байгаа. Ой хээрийн ажилдаа ийнхүү 590 саяын техник хэрэгсэл авсан атлаа утаа багасгаж, агаарын бохирдол бууруулахад зориулж Э.Ууганбаяр гэх жаахан хүүд 14 саяар ганц автомашин авч өгсөн байгаа юм.

-Ц.ЦЭНГЭЛ ДАРГЫН ЭМЧИЛГЭЭНД АНХААРЧ, С.БАЯСГАЛАНГ 2 УЛС РУУ НЭГ ӨДӨР ЗЭРЭГ НИСГЭВ-

… Ерөөс Н.Цэрэнбат сайд утаа бууруулж, агаарын бохирдолттой тэмцэхэд л хойрго хүн шиг байгаа юм. Түүнээс ажилтнууддаа шинэ жилийн бэлэг сэлт авахад 10.0 сая, 45-хан минутын телевизийн бичлэг хийлгэхэд 10.0 сая, тэрбайтугай өөрийнхөө нэрэмжит шагналын цомыг нэг бүрийг нь 1.5 саяар бодож “Дээж манлай” компаниар 6 ширхэг цом хийлгэсэн байх юм. Манзушир хийдэд цагийн 9.6 саяын өртгөөр тухалж, ганц удаагийн үдийн хоол идэж тансаглан, “Интернэйшнл медикал центр” компаниас хагас зуун саяар эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ авсан байна. Түүнчлэн түүний цэргүүд нэг өдөр хоёр өөр улс руу зэрэг нисэх чадамжтай нь гайхалтай. Тухайлбал, С.Баясгалан гэж хүнийг Испани, Фижи улс хоёр руу нэг өдөр зэрэг нисгэсэн байгаа юм. Хөөрхий, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн эмчилгээ оношилгоонд байнга анхаарч, нааш цааш аялах гэсэн ажилтнуудынхаа зардлыг тогтмол “даах” нь уярмаар. Мөнөөх мазаалайн хөшөө, бэлэг дурсгалдаа ч тогтмол мөнгө зарах аж. Гэхдээ л энэ бүгд бидний татварын мөнгө бөгөөд бид өвөлдөө угаартаж үхчилгүй эрүүл саруул хавартай золгох эрхтэй учраас БОАЖ-ын яаманд нэн даруй шалгалт оруулж, эдгээр зориулалтын бус байж мэдэх зардлуудыг хянах цаг нэгэнт болжээ.

4 Сэтгэгдэлүүд


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!