Н.Сувдмаа: Менингококкийн халдвар авсан хүүхдийн амь нас нэг, хоёр минутаар хэмжигддэг

Сүүлийн үед цахилгаан менингит өвчний халдвар гарч байгаа талаар эмч нар мэдээлэл хийж байгаа. Улсын хэмжээнд энэхүү өвчнөөр таван хүүхэд өвчилсөн гэсэн мэдээлэл бий бөгөөд нэг хүүхэд нь эндсэн хэмээн цахим орчинд тархаад байна.

Тэгвэл энэхүү цахилгаан менингит өвчний талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, “Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгж”-ийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

Менингококкт халдвар гэж яг ямар өвчнийг хэлээд байна вэ?

-Менингококкт халдварын хамгийн түргэн явцтай хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж ярьдаг. Менингококкт халдвар нь менингококкын үүсгэгчээр үүсгэгддэг. Эх уурхай нь өвчтэй хүн нян тээгч байдаг. Агаар дуслын замаар дамждаг.

-Маш хурдан явцтай гэлээ. Тэгэхээр яг ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах ёстой юм бол оо?

-Менингококкт халдварын гол шинж тэмдэг нь гэнэт огцом өндөр халуурах, дагзны хөшөнг, таталт, шалтгаангүй бөөлжих гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Мөн бүтэн биеийн үзлэг хийх юм бол цэгчилсэн цусархаг тууралт гарсан байдаг. Менингококкийн халдвар авсан хүүхдийн амь нас нэг, хоёр минутаар хэмжигддэг. Тиймээс таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх юм бол яаралтай 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар дуудлага өг. Маш хурдан эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийн эцэг эхчүүд маань онцгой анхаарах хэрэгтэй.

 -Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Энэ өвчин агаар дуслын замаар дамждаг учраас онцын шаардлагагүй бол бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх нь чухал. Мөн хоолой амны хөндийг эрүүлжүүлэх шаардлагатай. Ер нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндсэн арга нь ерөөсөө л эрүүл мэндийн сахилга бат. Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт. Тийм учраас хоолой нь өвддөг, архаг ангинтай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно.

Яагаад гэвэл халдвар хүний хамар, залгиур буюу хоолойд байдаг учраас нян үржиж буй орчныг өөрчлөх ёстой. Ингэж нянгийн орчныг өөрчилж чадвал менингококкийн нян маш амархан үхдэг. Түүнчлэн гарын ариун цэврийн маш сайн сахих хэрэгтэй. Мөн 2 хүртэлх насны хүүхэдтэй аав, ээжүүд заавал хийх товлолын дархлаажуулалтдаа заавал хамрагдах ёстой. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хоцорсон бол нөхөн дархлаажуулалт орж байх хэрэгтэй. Мөн 5 хүртэлх насны хүүхдүүддээ А витаминыг уулгах хэрэгтэй. А витамин нь дархлаа дэмжихээс гадна халдварт өвчний үед хүндрэлээс сэргийлэх онцгой ач холбогдолтой байдаг. Ялангуяа тууралтат халдвараас сэргийлэх онцгой ач холбогдолтой байдаг. Хүйтэн сэрүүний улирал амьсгалын замын өвчлөлийн улиралчлалын үе байдаг. Тухайлбал, тууралтат халдвар салхин цэцэг, интервирусын халдвар, томуу томуу төст халдварын дэгдэлтийн үе байгаа. Мөн нэгдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын хооронд менингококкт халдвараар өвчлөх магадлал нэмэгддэг. Тиймээс эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сэрэмжлүүлгийг хүргэж байгаа.

-Хэдээс хэдэн насны хүмүүс өвчлөөд байна вэ?

-Бага насны хүүхдүүд халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Ер нь амьсгалын замын халдвар өөрөө агаар дуслын замаар халдварладаг учраас хамрах хүрээ нь ихэвчлэн бага насны  хүүхдүүд байдаг. Аливаа халдварт өвчин өөрийн гэсэн улиралчлал, хандлага, хөдлөл зүй, насны онцлогтой байдаг. Тэр ч утгаараа бид жил бүрийн хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд улиралчилна гэж үзээд урьдчилан сэргийлж, эрт сэрэмжлүүлэх сургалт сурталчилгааг эрчимжүүлдэг.

-Нэг хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Одоогоор хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!