Албан тушаалтанг алгасаад иргэнээ нухчин дарж, өмч хөрөнгийг “дээрэмдэх” чинь зөв үү… ЗАСГИЙН ГАЗАР?!

Хувийн өмчийг хамгаалах ёстой ТӨР эсрэгээрээ халдаж, “тонож”, дээрэмдэж эхэллээ… Үндсэн хуулийн 16.3-т “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн байгаа.

Харамсалтай нь эцэг хуулийн энэ заалтыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ичгүүргүйгээр гишгэчин туучиж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн гэр бүлийн ГОК-оос “иддэг” байсан орлогыг нэг л өглөө таслан хорхойтой араанд нь зуугдсан гэгддэг сахал хочит Д.Эрдэнэбилэгээр эхэлсэн дээрэм эрээ цээргүй үргэлжлэх шинжиндээ орчихлоо.

Нэгийг нь концесс, нөгөөг нь менежмэнтийн хувьчлалаар авсан “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ТӨР нэрийн дор булааж, эцэстээ хувийн оффисыг нь хүртэл “дээрэмдлээ”. Дэндүү увайгүй, ичгүүргүй, эрээ цээргүй явдал биш үү… Буруутай байсан ч аваад зугтахгүйгээс хойш хууль цааз, дүрэм журмын дагуу ажиллаж болсонгүй юу!!!

Зах зээлийн зарчим, дүрмийн дагуу хаана ашиг байна, тэнд бизнесмэн хэтэвчээ нээдэг тогтолцооны дагуу явж ирсэн сахал хочит Д.Эрдэнэбилэгийг нь муу л бол хойд зүгийн хар овоохойн үлгэрээр нүдсээр байгаад хорьчихлоо.

Түүнийг биш түүнд боломж олгосон үе үеийн улстөрч, төрийн өндөр дээд албан тушаалтан, эрх мэдлийн оргилд тамга тэврэн сууж байсан нөхдийг байцаан шийтгэж, буруутган хорихоос ажлаа эхэлдэггүй юм уу…

Хувьчлал хуудуутай явагдсан эсэх шүүхийн тогтоол ч гараагүй байхад бизнесмэнүүдээ нухчин дарж, өмч хөрөнгийг булаан гүйлдэх нь Монгол Улсад аж үйлдвэрлэл хөгжих, үндэсний хөрөнгөтнүүд хүчирхэгжин өндийхөөс айсан, үеийн үед бүх монголчуудыг ташраар нь ядуу, сул дорой байлгахыг хүссэн хэн нэгний хүсэл, сценари мэт сэжигтэй, хардлага төрүүлэм байгаа нь нууц биш.

Төр хууль санаачилдаг, хууль хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг хянадаг субьект болохоос харсан болгон руугаа үсчиж, иргэдийнхээ хөрөнгийг дээрэмдээд, үүнийгээ зөв, шударга, зоригтой байгаагийн шинж хэмээн далийрч болохгүй юм.

Эл тэнэглэл нь хөрөнгө оруулагчдыг үргээн, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бичил хувилбарыг бий болгоход хүргэж буйг эдийн засагчид хатуу анхааруулж байна.  

Хөгжлийн банкнаас зээл авсан МИАТ, Эрдэнэс Монгол, Төрийн орон сууцны корпораци зэрэг төрийн өмчит компаниуд Хөтөлтэй адилхан чанаргүй, найдваргүй зээлдэгчид. Нэмээд төсвөөс угждаг тэлээ хурганууд… Тэдний авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаагүй нь алдагдалтай ажилласан гэх тайлан мэдээнээс тодорхой байхад яагаад захирлуудыг нь шорон гяндандаа хорьж шалган, гэм бурууг хэлэлцэхгүй байгаа юм бэ?!

Хувийн өмчийг бусдад шилжүүлэх, эсвэл төр ямар нэг ажил үйлчилгээ авахад тендэр, дуудлага худалдаа, менежмэнтийн хувьчлал гэсэн гурван арга хэрэглэдэг. Алийг нь ч Хөтөл, Дарханы төмөрлөг, Д.Эрдэнэбилэгийн оффисыг булаахад хэрэглэсэнгүй.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас халааслаад ирэх үеийн УИХ Д.Эрдэнэбилэгээс эл хувийг нь хураан авах ажиллагааг явуулахдаа ядаж л тогтоол гаргуулж байлаа, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Хувийн өмчийг хураана гэхээр алга ташиж байгаа биз, энэ нь эрх баригчид нийгмийн сэтгэлзүйг бэлдэж байгаа нь тэр хэмээн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа хэлж байсныг саная.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэж байгааг ойлгохгүй байна. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Шулуухан хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн Банкны бүх удирдлагыг томилсон. Хоёр намыг ч хоёуланг нь удирдаж байсан.  

Эрдэнэт, Монголросцветмет, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол гомдох эрхтэй хүн биш.

Д.Эрдэнэбилэг энэ асуудалд олон оролцогч байгаа гэж хэлж байна билээ. Би нэвтрүүлгийг нь харсан. Энд бүх хууль хяналтын байгууллагынхан, шүүгчид байсан. Үүнийг ТЕГ-ын дарга нь удирдан зохион байгуулсан” гэх ноцтой бөгөөд өөрийнхөө хэр хэмжээг харуулсан өрөвдөлт мэдэгдлийг хийсэн.

Д.Эрдэнэбилэг гэх хүн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн Банкны бүх удирдлагыг томилох эрх бүхий албан тушаалтан мөн бил үү, эрхэм Ерөнхий сайд аа!!!

Юу ярьж, юу хэлж буйгаа мэдэж, ойлгож байгаа юу ТА…

Тэрчлэн Эрдэнэт, Монголросцветмет, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсан ажиллагааг тухайн үеийн ТЕГ-ын дарга удирдан зохион байгуулсан гэх ойлголтыг тус мэдэгдлээрээ өглөө.

Тийм юм бол яагаад тухайн үеийн ТЕГ-ын даргыг саатуулж, шалгаж, хорьж цагдахгүй байгаа юм… Энэ чинь онц ноцтой гэмт үйлдэл биш үү… Д.Эрдэнэбилэгийн гар хөл болсон гэдгийг нотолчихсон юм бол тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Монголбанкны ерөнхийлөгчийг яагаад шалгахгүй байгаа хэрэг вэ…

Тэднийг алгасаад Д.Эрдэнэбилэгийг шоронд хийх, тогтоол шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь зөв юм уу, Засгийн газрын тэргүүн ээ!!!

Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Монголбанкны ерөнхийлөгчийг шалгах гэхээр намын гал тогоогоо, өөрийн зөвлөх Х.Баттулгыг баг командтай нь самарчих гээд хэцүү байна уу?

Тэгж зүрхлэхгүй, тухайн үеийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохоос бүгдийг эхлэхгүй юм бол нэг ч өдөр төрийн алба хашиж үзээгүй хувь иргэнтэй жөтөөрхөлцөж байгаа чинь өчүүхэн, өрөвдөлтэй харагдаж байна. Нөгөөтэйгүүр, үндэсний хөрөнгөтнүүдийг нухчих дарах, аж үйлдвэрлэлтийг өсч өндийлгөхгүй дампууруулах далд санаархалтай юм биш байгаа гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгааг ч нуух юун.

Хувьчлал хуудуутай явагдсан юм бол 90 оноос, эрх мэдэл атгаж байсан төрийн албан тушаалтнуудаас ажлаа эхэл… Дараалал чинь буруу байна, дараа дараагийн бизнесмэн, бүтээн байгуулагчдын эх орондоо юм бүтээх, хийх хүсэл зоригийг мохоож байна!!!

Зарлаагүй л болохоос хэдийнэ дампуурчихсан Хөгжлийн банкийг аврах нэрийн дор эцэг хуулиа эрээ цээргүй гишгэчих хэрэггүй, БОХИР, БОДЛОГОГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА.

“Хөтөл-”ийг хятадууд авчихсан байхад энэ хүн улсдаа авч үлдсэн. Хэрвээ тэгээгүй бол Хөтөлийн цементийн үйлдвэр “Петро чайна Дачин Тамсаг”-ийн араас орчих байсан. “Петро чайна”-г хамгаалдаг улстөрч цөөнгүй бий. Ийм хамгаалалтад орчихсон бол бид өнөөдөр “Хөтөл” дээр яаж ч томрох гээд чадахгүй. Хоёрт Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэрүүд кластер гээд байгаа нь бодитой тайлбар. Зэс хайлуулах үйлдвэр барья гэвэл шохой, цемент, бөөрөнцөг хэрэгтэй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Энэ утгаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэт гурвыг нийлүүлж кластерийн системээр ажиллавал зардал маш их хэмнэгдэнэ. Монголд ашигтай байхгүй юу. Гэтэл өнөөдөр гурван тийш салгачихлаа л даа. “Эрдэнэт”, “Хөтөл”-ийг Монголд авч үлдэх явцад алдаа байсан л байх. Гэхдээ том агуулгаараа энэ үйлдвэрүүдээ Монголдоо авч үлдсэн нь зөв байсан. “Эрдэнэт” Оросынх, “Хөтөл” Хятадынх байсан бол бид өнөөдөр баларч байгаа. “Хөтөл” Хятадынх байсан бол үнийн бодлогоороо Монголын хоёр үйлдвэрийг шууд дампууруулна. Улсынхаа төрийн банкнаас хүүгүй шахуу зээл авчихад л өрсөлдөх боломжгүй болно. Ахиад хэлье, Д.Эрдэнэбилэгт алдаа оноо байсан ч том утгаараа стратегийн хувьд улсдаа хэрэгтэй юм хийсэн нь үгүйсгэх аргагүй үнэн. Ю.Цэдэнбалын үед Рональд Рейган шиг муу хүн байхгүй, үүнээс болоод Монгол хөгжихгүй яваа гэдэг байсан. Дараа нь хөгжихгүй байгаагийн шалтгаанаар Д.Бямбасүрэн, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж тодорсон.Одоо сахал Эрдэнэбилэг болчихлоо. Ийм коммунист пропоганда хийдэг аргаасаа салах цаг болсон” хэмээн эдийн засагч Ч.Отгочулуугийн Өдрийн сонинд өгсөн ярилцлага анхаарахгүй өнгөрөөчих өнцөг биш юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »