БСШУСЯ-ны хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ

Өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа сайдын хувиар хамгийн сүүлд олон нийтэд хандан үг хэлэхдээ “Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яаманд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш энэ салбарын бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү” гэсэн.

Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргаас нь чөлөөлөх асуудлыг салбар хариуцсан сайд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх хуультай.

Тиймээс бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй холбогдож энэ талаар тодруулахад тэрбээр “Ажлаа хүлээж аваад удаагүй учраас бичиг баримтуудтайгаа танилцаж амжаагүй байна. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаагүй байна” гэх хариултыг өглөө. Тэрбээр сайдаар томилогдсон өдрийнхөө шөнө ажлаа хүлээн авсан байна.

Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсролын яамны газрын дарга нар Б.Баярсайхантай хамтарч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн шаардах бичгийг албан ёсоор Засгийн газарт хүргүүлжээ. БСШУС-ын сайд Б.Баярсайханы хувьд өмнө нь салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан.

Энэ удаа ч мөн дээрхтэй адил нөхцлөөр түүнийг ажлаас нь чөлөөлүүлэхийг БСШУС-ын яамны ажилчид гаргажээ.

Б.Баярсайханы хувьд өмнө нь сэтгүүл зүйн салбарт удирдах албан тушаал хашиж байсан хүн юм. Мөн жүжигчин Б.Амарсайханы эгч гэдгийг нь олон нийт андахгүй мэддэг.

Ямартай ч хамгийн чухал салбаруудын нэг болох боловсролын яамны удирдлагуудын дунд үл ойлголцох нөхцөл байдал үүссэн нь үнэн. Өмнөх сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа ажлаас нь чөлөөлүүлэхийг хүссэн захиас үгийг хэлж тэр чиглэлийнх нь дагуу яамдын хэлтсийн дарга нар нь хөдөлдөг “БУРУУ” жишиг тогтох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий боллоо. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, харин төрийн албан хаагчдын хоорондын таарамжгүй харилцаанаас ийм нөхцөл байдал үүсээд байгаа тухай эх сурвалж мэдээлж буй.

Эх сурвалж: Мэдээ.мн

1 сэтгэгдэлтэй

  1. Манай яам хов живэнд умбасан урт хугацааны ард гарлаа. Хэн нэг газрын дарга эсвэл албан хаагчид Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг эсэргүүцэж тэмцэлдсэн зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Энэ бол нэр бүхий хүмүүсийн захиалгат мэдээлэл гэдэг нь тодорхой байна. Хэвлэл мэдээллийнхэн үнэн бодит мэдээлэл түгээхэд анхаарч, ёс зүйн хэм хэмжээгээ баримтлана уу. Дөрвөн том салбарыг хариуцдаг яамны хувьд хүн бүр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа болно. Бидний ажилд энэ мэт гүтгэлэг, захиалгат мэдээллээр саад учруулахгүй байхыг хүсье. Мөн сайтууд баталгаа нотолгоогүй мэдээг бие биенээсээ хуулбарладагаа болих хэрэгтэй.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!