Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

2022-04-21
4 мин уншина

Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-нд жил бүр үйл ажиллагаагаа тайлагнах үүрэг хүлээдэг. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, орон тооны гишүүд, Ажлын албаны дарга болон холбогдох газрын дарга нарын төлөөлөл 2021 оны жилийн ажлын тайлангаа ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүллээ. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 27 хууль, 111 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Өнгөрсөн оны хувьд зохицуулалт хяналтын чиг үүргийн хүрээнд 3,440 зохицуулалттай этгээд, 2,403 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 24 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 8.7 пунктээр өссөн. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 15.3, даатгалын зах зээл 1.1, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 6.9, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ны салбар 0.7 хувьтай байна.

Хөрөнгийн зах зээл: СЗХ-ноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5,982.9 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130.3 хувиар  өсөж 44,411.60 нэгжид хүрч хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөн түүхэндээ хамгийн дээд түвшинг тогтоосон. Өнгөрсөн онд нийт 1,414.2 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдаж өмнөх оноос 21.6 дахин өсөж, нийт арилжааны 74.1 хувийг компанийн бонд, 21.6 хувийг хувьцаа, 4.0 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.3  хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлж байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 11.3 хувиар өсөж 425.4 тэрбум төгрөгт, нөөц сан 11.6 хувиар өсөж 193.7 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт 132.8 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 3,573,869 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оноос 20.8 хувиар өсөж 243.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оноос 16.9 хувиар өсөж 70.0 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 28.3 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага: Салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2,709.9 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос 35.0 хувиар мөн өссөн. ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх онтой харьцуулахад 51.6 хувиар өсөж 2.0 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 66.6 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 87.5 хувийг иргэдийн зээл, 12.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжирч зээлийн үйлчилгээний хүртээмж нэмэгдсэнтэй холбоотойгоор салбарын нийт зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин өсөж 1.7 саяд хүрснээс финтекийн зээлдэгчид нийт 1.3 сая буюу нийт зээлдэгчдийн 80.4 хувийг эзэлж  байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.2 сая төгрөг бол финтекийн гар утас болон аппликейшнээр олгосон дундаж зээл 228.3 мянган төгрөг байна. Зээлийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.7 хувь болж өмнөх оноос 0.1 пунктээр буурлаа. СЗХ-ноос хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын үр дүнд ББСБ-уудын зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 7.0 хувь буюу 140.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оноос 3.3 пунктээр буурсан.

Хадгаламж, зээлийн хоршоо: ХЗХ-дын тоо өмнөх оноос 16 хувиар буурч 209-д хүрсэн ч гишүүдийн тоо 3.8 хувиар өсөж 75,400 хүрсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оноос 13.8 хувиар өсөж 291.2 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс гишүүдийн хадгаламжийн хэмжээ нь 203.6 тэрбум төгрөг буюу 70 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оноос 0.29 пунктээр буурч 1.24 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.82 пунктээр буурч 2.16 хувьтай байна.

Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бодлогоор дэмжих, эрсдэлийг бууруулах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажилласан. Тухайлбал, гадаад болон дотоодын арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгүүлэх зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, хөрөнгө оруулагчдын эрхийг хангах зорилгоор үнэт цаасны давхар бүртгэлийн журмыг баталснаар гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа давхар бүртгүүлэх боломж бүрдсэн. Үнэт цаасны бүртгэлийн ерөнхий журмаа хувьцааны болон өрийн хэрэгслийн бүртгэл гэж хоёр ангилснаар андеррайтерын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх замаар үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх томоохон зохицуулалт хийгдлээ. Түүнчлэн биржийн бус зах зээлийг зохицуулах холбогдох журмыг баталж хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа биржийн бус зах зээлээс санхүүжилт татах боломжийг бүрдүүлсэн. Даатгалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбох, ногоон даатгалын бүтээгдэхүүн гаргах зохицуулалтыг бий болгосон. Цаашид ч санхүүгийн зах зээлд шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр гарах, хэрэглэгчдийн эрх ашгийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, бизнес эрхлэгч нарт таатай эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль,  Даатгалын багц хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай зэрэг хуулиудыг холбогдох эрх бүхий байгууллагаар өргөн бариулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа талаар СЗХ-ны дарга Д.Баярсайхан танилцууллаа.

Тайлантай холбоотойгоор Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, гишүүн Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Т.Доржханд нар Санхүүгийн зохицуулах хороо хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлд байсан ч бодлого, зохицуулалтын оновчтой арга хэмжээг сайн авч хэрэгжүүлж ажилласан гэж дүгнэв. Түүнчлэн шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй УИХ-аар батлуулах, банк, төрийн өмчит болон томоохон компаниудыг олон нийтийн болгох чиглэлд анхаарч ажиллах, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, ФАТФ-аас хийх 2023 оны харилцан үнэлгээ, УИХ-аас батлан гаргасан хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд анхаарч ажиллах, зах зээлд гарсан ахиц дэвшлээ бататгахыг зөвлөлөө.

Орчуулах »