Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Херо” Б.Баатарын төрсөн дүү мөн үү

Хүн нэг л худлаа ярьчихвал дараагийн бүх зүйл нь худлаа болж таардаг гэж Херо энтертайнмэнт студийн захирал, найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг… Өөрийнх нь хэлсэн энэ үг өөрсдийнх нь түүх дээр зогтусахад хүргэв…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний төрсөн дүү үнэхээр мөн үү… Төрсөн эцэг нь яагаад өөрөө хөвгүүдээ хайж олоогүй юм бол. Ах дүү хоёр анх таараад л бид яасан адилхан юм бэ гээд өөрсдийгөө мэдчихсэн гэдэг?!…

Тэдний төрсөн эцэг, Монгени цогцолбор сургуулийн захирал, зураг хөдөлмөрийн багш Нүрзэдийн Лхагва гэж хүн 1978 онд Өвөрхангайн Их-Уул ороод Б.Баатарын ээжтэй, 1979 онд нь нийслэлд Л.Оюун-Эрдэнийн ээжтэй хайрын романс үүсгэснээр мань хөвгүүд 1.6 жилийн зайтайгаар ертөнцөд мэндэлсэн шиг байгаа юм. Ерөнхий сайд 1980.06.29-нд Улаанбаатарт төрсөн бөгөөд түүнийг 5 настай байхад ээж нь Бэрх тосгон руу нүүсэн гэдэг…

Л.Оюун-Эрдэнэ өвөөгийнхөө гал дээр гарсан зээ гэдэг ч өвөө гэх хүн нь түүний ээжийг зургаан сартай байхад үрчилж авсан гэдэг. Тэгэхээр Засгийн газрын тэргүүний маань ээж Хэнтий аймгийн Батноров сумын иргэнд үрчлэгдсэн болохоос яг тэр нутаг усны хүн мөн, биш нь эргэлзээтэй гэсэн үг юм. Ээжийг нь үрчлэн өсгөсөн энэ буурал Оюун-Эрдэнийг ч дэргэдээ авч, өөрөөрөө овоглон эрийн цээнд хүргэсэн бололтой.

Тэгэхээр ээж хүү хоёр Лувсаннамсрай гэх сайхан хөгшний хайранд, Хэнтий аймгийн Батноров суманд байх Бэрх тосгонд өсч хүмүүжин, ажиллаж амьдарсан байх нь.

Жоншны уурхайг түшиглэн 1954 онд байгуулагдсан энэ тосгон Заамарын алтны уурхайн нэгэн адил ажил, амьдрал өрнөсөн идэвхтэй уурхайдын нэг болохоос хот байтугай сумын статусгүй газар.

Гэтэл эрх баригч МАН өөрсдийн албан ёсны цахим хуудаст намын даргыгаа БЭРХ ХОТ-д ажиллаж амьдарч байсан гэсэн байгаа юм. Монгол Улсад одоогоор БЭРХ ХОТ гэж байхгүй… Тэгэхээр эндээс эхлээд л Ерөнхий сайдын намтрын хуудаст засвар оруулахгүй бол дараа дараагийн мэдээллүүд нь эргэлзээ төрүүлж, энд тэнд өгсөн өөрийнх нь ярилцлагууд түүнийхээ нотолгоо болсоор яваа бололтой.

Сайдын ээж хүүгээ Лувсаннамсрай гэж хүнээр овоглуулж үлдээгээд өөрөө өөр хүнтэй сууснаар Б.Баярнэмэх төрж Л.Оюун-Эрдэнэ нь эх нэгтэй ганц дүүтэй болсон байдаг.

Харин хойд эцгээрээ овоглодог Бат-Өлзийн Баатар 1979.01.20-нд Өвөрхангай аймгийн Их-Уул суманд төрсөн. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмын үеэр гарсан шүүмжлэлд хариу өгөхдөө “Би Хэнтий аймагт буриадуудын дунд өсч, хүмүүжсэн. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Төрийн соёрхолт Даши Намдаков, Дашийн Бямбасүрэн баавай, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл зэрэг эрхмүүд оролцсон тул Буриад зон олонд маш хүндэтгэлтэй ханддаг, тэдний соёл түүхийг мэддэг” хэмээн жиргэж байв.

Түүний хойд эцэг Бат-Өлзий буриад хүн бөгөөд Баатар зургаан настайгаасаа Хэнтийн Биндэр суманд зуныг өнгөрүүлдэг байсан гэдэг.

Б.Баатар үүгээрээ “гэнэт”-ийн дүүтэйгээ тун ижилхэн. Л.Оюун-Эрдэнэ өвөө дээрээ өссөн бол Б.Баатар эмээ дээрээ өссөн. Түүний эмээг Чимэдцэрэн гэдэг бөгөөд ээжтэйгээ, ээжийнхээ дүү нар болох долоон эгчтэй хамт амьдардаг байсан гэж байгаа.

Нэг ялгаатай зүйл нь, Л.Оюун-Эрдэнийг ээж нь Лувсаннамсрай гэж хөгшинд үлдээгээд хүнтэй суусан бол, Б.Баатарын ээж хүүгээ дагуулсаар Бат-Өлзий гэж хүнтэй гэр бүл болсноор Баатар зургаан охин дүү дагуулсан байдаг. Түүний эх нэгт дүү Б.Өнөржаргал нь гаалийн байцаагч бөгөөд Херо пикчерс, Бествишн компаниудыг хамтран эзэмшдэг гэдгийг уншигчид мэдэх биз.

Ийнхүү Биндэр, Батноров сумдын нутаг, буриад зон олны дунд бага насаа өнгөрүүлсэн хөвгүүдийг төрсөн эцэг Н.Лхагва нь эрж хайлгүй, тэд өөрсдийгөө таньж олсон гэх кино шиг амьдрал өрнөж байгаа юм. Гэхдээ Херо энтертайнмэнт студи 2004 онд байгуулагдсан бөгөөд анх Монгени цогцолбор сургуулийн байранд байрлаж байсан гэхээр аав Н.Лхагва нь Баатартайгаа холбоотой байснаас бус Оюун-Эрдэнийгээ мэддэг ч үгүй байсан бололтой.

Б.Баатарын түүх, аж амьдралын зам мөрд эргэлзээ төрүүлэх зүйл бага бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намтар тэр чигээрээ шахам АСУУЛТЫН ТЭМДЭГ байдаг нь үнэн.

Төрийн гурван өндөрлөгийн нэг, эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн хүн худлаа ярьж огтоос болохгүй.

Тэрбээр хэвлэлүүдэд өгсөн ихэнх яриандаа 2005 онд өвөө маань нас барахынхаа өмнөхөн ахын талаар хэлж, бид хоёрыг уулзуулсан гэдэг ч “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт орохдоо МУИС-ийн багш, профессор С.Дуламын хүү Бум-Эрдэнэ нэг өдөр гүйж орж ирээд Б.Баатар та хоёр төрсөн ах дүүс юм байна гэж хэлснээр би ахыгаа хайж олж уулзсан гээд өмнөх бүгдээ үгүйсгэчихэж байгаа юм. Хэрэв тийм бол энэ нь 2006 он буюу өвөө нь аль хэдийнэ тэнгэрт хальсан байсан гэсэн үг… С.Дулам докторын хүү Бум-Очир нь 2006 онд Кембрижийн их сургууль төгсч ирээд удаагүй, Боловсролын зээлийн сангаас 48000 ам.долларын зээл авч сурчихаад эргэж төлөөгүй гэгдэн шуугиулж байсан үе.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд маань 2002 онд “Дэлхийн зөн”-д ажиллаж байхдаа нэг клип хийлгэх гээд Б.Баатартай уулзаж байсан гэдэг ч Б.Баатар тэр үед багшийнхаа “Боролдой” студид хүүхэлдэйн киноны зураач байсан гэдгийг ойрын нь хүмүүс хэлж байгаа юм.

Ийм байдлаар Л.Оюун-Эрдэнэ л ахтайгаа хэрхэн уулзсан, хэн танилцуулсан гэдгийг барим тавим, будилан саатан хэлдгээс бус Б.Баатар нь “Бид өөрөө өөрсдийгөө олсон. Дүүгийн хувьд энэ хорвоод надад ирсэн гайхалтай бэлэг. Бид хоёр хүүхэд ахуйдаа учирсан” хэмээн товчхон, битүү хатуу, тодорхойгүй юм ярьсаар ирсэн байдаг.

Энэ хоёр төрсөн эцгийгээ зураач хүн гэдэг ч аав Н.Лхагва нь зураг хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад сургуулийнхаа захирал болсон нэгэн.

Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэдэнтэй, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл, цусан төрлийн холбоотой гэдэг ч хэрхэн ямар цусаар үеэл хаяал болон холбогддог нь ойлгомжгүй. Учир нь Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэн зургаан сартайдаа үрчлэгдсэн, хүний ганц охин… Харин Х.Нямбаатарын өвөг эцэг Ц.Арилд Хэнтий аймгийн Баян-Овоо сумынх бөгөөд Бэрхийн уурхай дахь Хүн эмнэлгийг байгуулалцсан эх баригч гэж байгаа. Хууль зүйн сайдын аав нь тээрийн жолооч, ээж нь тус тосгонд нягтлан ажилтай тул гэр бүлээрээ Бэрхийн уурхайд ажиллаж байгаад 10 настайд нь Улаанбаатарт нүүж ирсэн гэдэг. Тэрбээр ээжийгээ нийслэлд суралцаж байх үед мэндэлсэн тул төрсөн газар нь Улаанбаатар хотоор бичигдсэн байдаг аж.

Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын үеэл хаяал, цус ясан төрлийн хэлхээ тодорхойгүй ч хэтэвч нэгтэй, бизнесийн ашиг сонирхлоор аль эрт холбоотой байсныг нь нотлох баримтууд хангалттай бий.

Уул уурхайн “Бест дрилинг” компанийг Х.Нямбаатар дүүтэйгээ нийлж байгуулсан бөгөөд Л.Оюун-Эрдэнэ хамтран эзэмшигч байсан гэдгийг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Энд харин нэг том факт бий. Л.Оюун-Эрдэнийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бөглөж, Х.Нямбаатар нь энэ бол миний компани хэмээн Grandnews сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бахархан дурьдаж байсан “Бест дрилинг” компани олны хэл ам, шүүмжлэлд өртсөнөөс хойш Улсын бүртгэлийн цэснээс ор мөргүй арчигдан алга болсон байгаа нь анхааран судлах факт мөн юм.

Х.Нямбаатар лам хувраг, сүсэгтэн олонд бурхан багшийн уламжлалт шашин сургааль номлол, зөвлөмжийг сурталчлах, эрдэм шинжилгээний судалгаа, сургалт явуулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллана гээд “Наро банчэн хутагт” төрийн бус байгууллагыг байгуулсан ч хувь эзэмшигчийн бүртгэлээс 2015 онд нэрээ хасуулчихсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гэнэт гарч ирсэн төрсөн ах, үеэл ах хоёрынх нь холбоос нэг иймэрхүү учир битүүлэг, итгэл үнэмшил муухан өрнөдөг.

Тэрбээр хойд аав А.Буянтогтохынхоо талаар төдийлөн дурсдаггүй. Эх нэгтэй дүүгийнх нь төрсөн аав болох энэ хүн өвөө Лувсаннамсрайнх нь тэнгэрт хальдаг жил мөн бурхан болсон гэдэг. Ээжийг нь, өөртэй нь өргөж аваад өөрөөрөө овоглосон С.Лувсаннамсрай нь Бэрхийн сүсэгтний холбооны тэргүүн, Батноров сумын Шадивдаржаалин хийдийн хамба байсан тул Л.Оюун-Эрдэнэ балин үнэртсэн өвгөн ламын өвөр дамжиж өссөн гэдэг. Сонирхолтой нь Ерөнхий сайдын тодорхойлсноор балин үнэртсэн өвгөн Лувсаннамсрай гэж хүний лам хувцастай дүр гэрэл зурагт төдийлөн байдаггүй гэж байгаа.

Л.Оюун-Эрдэнийг 14 настай байхад нь Чойжил хэмээх багшид шавь оруулж, түвд бичиг сургасан гэдэг.

Тэрбээр сэтгүүлч болох хүсэлдээ хөтлөгдөн Бэрс дээд сургуулийг төгссөн гэдэг ч он цагийн хувьд зөрөө харагддаг. 1998 онд арван жилийг дүүргээд дээд сургуулийн босго алхсан хүн 2002 онд төгсөх учиртай. Гэтэл түүний намтарт 2001 онд Бэрх тосгоны Тамгын газрын даргаар ажиллаж байсан гэж тэмдэглэгдсэн байдгаас үзвэл дээд сургуулиа төгсөөгүй юм биш үү гэх хардлага эрхгүй төрж байгаа юм.

Тэрчлэн намтарт нь тосгоны уурын зууханд галч байсан гэх тэмдэглэл үгүй бөгөөд Тамгын газрын даргын орон тоо гарах хүртэл 10 хоног жижүүр хийсэн л гэж байдаг. Тэгэхээр жижүүрээр суух хэд хоногтоо уурын зууханд ганц нэг хувин нүүрс нэмсэн байж болох бөгөөд үүнийгээ ардын хүү төр барьж болохгүй юу гэх пиар болгон ашиглачихсан байж мэдэх юм…. Мөн сургуулийнхаа төдийгүй аймгийн гар бөмбөгийн шигшээ багт тоглодог, сагсан бөмбөг хөөчихдөг, скаутын холбоонд идэвхтэй гишүүн байсан хэмээдэг ч энэ бүгдийг нь түүний ангийнхан болон төгсөгчид үгүйсгэж байна.

Энэ мэтчилэн ажлын гараа, сурч төгссөн сургуулийн мэдээлэл зөрүүтэй тэрбээр Тамгын газартаа жил ч болоогүй байхдаа Дэлхийн зөн байгууллагатай холбогдон христийн шашинтан, тэр бүү хэл, сүмийн пастор гэж хэлэгдэх хүртлээ явсан байдаг.

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын дэргэдэх “Хүслэн” хүүхдийн оролцооны удирдах зөвлөл, “Залуусын зөн” оюутны зөвлөлийг санаачлан байгуулж, энэ цагаасаа УИХ-ын гишүүн асан, бандажны гэх муухай хэрэгт нэр холбогдсон Д.Гантулгатай хуурай ах дүүс бололцсон.  

Энэ их орооцолдсон мэдээлэл дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эх нэгтэй төрсөн дүү Б.Баярнэмэх нь М.Энхболдын байгуулсан “Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр ажилладаг гэх тун сонирхолтой мэдээлэл хөвж яваа нь анхаарал татаж байгаа юм. Үүн дээр Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын төрсөн эцэг гэх Н.Лхагва нь М.Энхболдын аав Миеэгомботой нэг нутаг гэх мэдээллийг холбовол бүр ч сонин.

Тэгэхээр улстөрийн намаг балчиг дунд живж нэг, ил нэг явсан, олон нийт байтугай намын гишүүд нь танихгүй шахам Л.Оюун-Эрдэнийг энэ хүртэл суга татан босгохын тулд М.Энхболд өөрийгөө золиосолсон байвал яахав?!… Тэнэг сонсогдох ч тэгтлээ хорсон өс санаж өндийсөн Л.Оюун-Эрдэнэ өдийг хүртэл М.Энхболдын оймсыг гозолзуулбал гозолзуулахаар хангалттай хугацаа өнгөрч байна. Гэвч тэр М.Энхболд гэж хүн энэ хорвоод байхгүй мэт мартаж, тойрч, мэдэн будилж явааг зогтусан анхаарчихад илүүдэхгүй л байх.

Энэ мэтчилэн ураг, удмын мэдээлэл будилаантай, сурсан боловсорсон эрдэм ч эргэлзээтэй хүн Засгийн эрх барьж байна.  

Түүнийг 2019.02.02-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн А.Ундраа “Л.Оюун-Эрдэнийн намтарт эргэлзэж байна. Үүнийгээ Их Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр болж байгаа чуулганы нэгдсэн хуралдааны протоколд тэмдэглүүлье. Залуус шударга бус, худлаа ярьж, худалч байгаад дургүй байна. Та Хэнтийн сонгогчдод Харвардын сургууль төгссөн боловсролтой хүн гэж хэлсэн. Сэтгүүлч, улс төр судлаач, англи орос хэлтэй гэж намтартаа бичсэнд чинь итгэхгүй байна. Би Америкт төгсөгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг хүний хувьд итгэхгүй байгаагаа хэлье. Дараа дараагийн удаа намтраа зөв бичиж байгаарай” гэж хэлж байсныг энд иш татан саная.

Төрсөн ах гэгдэх Б.Баатар нь аавын талын 3-4, ээжийнхээ талын найман үеийг мэднэ хэмээн омогшдог. Тэгвэл эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ маань хэдэн үеэ мэддэг бол… Тэр хоёр төрсөн ах дүүс үнэхээр мөн үү?!

100 жилийн түүхтэй энэ том намын дарга болоход хэдэн үеийн намтрыг нь сийрүүлэн авдаг вэ, Д.Амарбаясгалан дарга аа.

Хойд, урд хөрш хилээ нээхгүй байгаагийн шалтгаан нь Засгийн газрын тэргүүний намтар түүх, зам мөрийн хэр хэмжээтэй холбоотой юм биш байгаа!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »