Шүүхээс эцэг хүү хоёрыг 30 хоног хорих шийдвэр гаргажээ

Лхагва гарагт баривчлагдсан ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүн Рауф Арашуков, түүний эцэг, Газпромын охин компанийн зөвлөх Раул Арашуков нарыг гуравдугаар сарын 30 хүртэл хорих шийдвэрийг Москвагийн шүүх гаргасан тухай ТАСС мэдээлжээ.

32 настай хүү Арашуковын халдашгүй эрхийг цуцалсны дараа Оросын Холбооны Зөвлөлийн чуулганы танхимаас хууль хүчнийхэн баривчилсан юм. Түүнийг 2010 онд Умард Кавказын Карачай-Черкесс мужид хоёр улс төрчийн амийг захиалж хөнөөлгөсөн хэрэгт сэжиглэж байна.

Харин 59 настай эцэг Арашуковыг 30 тэрбум рублийн ($453 сая) байгалийн хий хулгайлсан, албан тушаалаа ашиглан гэмт хэргийн бүлэглэл үүсгэн байгуулсан гэж буруутгажээ.

Хэрвээ залуу Арашуков улс төрчдийг захиалж алуулсан нь батлагдвал бүх насаар хоригдох ял сонсох юм. Тухайн үед бусдын гарт алагдсан хүмүүс нь Карачай-Черкессийн захирагчийн зөвлөх Фрал Шебзухов, орон нутгийн залуусын байгууллагын дэд тэргүүн Аслан Жуков нар байжээ.

Хохирогчдын амийг буудаж хөнөөснөөс гадна Шебзуховыг бэйсболын цохиураар зодсон байв.

Эцэг Арашуков нь Карачай-Черкесс мужийн хууль тогтоогчоос гадна Газпром компанийн орон нутаг дахь салбар Межрегионгаз компанийн гүйцэтгэх захирлын туслахаар 2011 оноос хойш ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!