Ц.Нацагдолгор гэж хэн бэ, Ц.Цэрэнпунцагтай халаас нэгтэй юү…

МАН-ын дэргэдэх байгууллага болох Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо нэлээдгүй бужигнаантай байна.

Анх 1994 онд Д.Алтай даргатайгаар “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байсан энэ институц 1998 онд II чуулганаа хийхдээ МАСЭХ /Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо/ нэртэй болсон.

Улмаар 2010 оны 10 дугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнөх МАСЭХ-ны ээлжит IV дүгээр чуулганаар дан нэг намын бус, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага болж ажиллая гээд нэрээ мөн л өөрчилж Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгоод УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.

Үүнээс хойш VI чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, VII чуулганаар нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сонгогдон ажиллаж байгаа ч өнөө хэр үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага болон төлөвшиж чадалгүй, намын батлахт эмэгтэйчүүдийн “хэрүүл зодоон”, амбиц дунд бужигнасаар яваа байгууллага.

Хэдийгээр ээлжит чуулганы нь хугацаа болоогүй ч ойрын өдрүүдэд их хурал зарлан хуралдуулж нэрээ солих, цаашлаад удирдлагын багт ажилладаг хэд хэдэн эмэгтэйтэй ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ ярина гэх шуум тархсанаар тус байгууллагын гишүүдийн дотоодод төсөөлж хэлэхийн аргагүй хийрхэл, амбицын дайн дэгдээд байгаа бололтой.

Үүний манлайлалд МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч гэх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан Ц.Нацагдолгорын нэр дуулдаад эхлэв.

Тэрбээр цар тахал, тэр дундаа Цар тахлын хуулийг ашиглан төрийн албаны шаардлага хангахгүй, сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилсон 1036 хүний нэг юм.

Гэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл урлагийн газрын даргаар ийнхүү гэнэтийн байдлаар томилогдон ирээд ажиллаж байсан түүнийг ажилдаа хариуцлагагүй ханддаг, удирдлагын багтай хамтарч ажиллаж чаддаггүй гэх үндэслэлээр чөлөөлчихсөн.

Төрийн албанд чимээгүйхэн томилогдсон ч халагдахдаа сүр бараатай халагдсан түүнийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нэр цохож ирээд чөлөөлж байгааг зарласан нь саяхан. Газрын дарга нар солигдож, чөлөөлөгдөж байдаг ч ингэтэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр онцлуулан “хөөгдсөн” нь ховор байх. Түүнийг ажилдаа ирдэггүй, ирсэн ч ажлын байранд архи дарс хэрэглэдэг, сайддаа ганц гайгүй зөвлөгөө өгчихлөө гэсэн нь төмс боогоод төрийн ордонд тараалгачихсан байсан гэх элгийн бүхэнтэй холбосоор удаж байна.

Тэрчлэн шүүхийн хаалга татах болтлоо муудалцсан шалтгааныг нь мэдэх хүн ховор ч 2020 оны сонгуулийн өмнө Ц.Нацагдолгор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нэхэмжлэлээр шүүхэд хариуцагчаар дуудагдаж байсан гэдэг.

Эдгээрээс улбаалан Ц.Нацагдолгорыг “Увс” бүлэглэл шахаж, удирдлагын багтайгаа хамтарч ажиллаж чаддаггүй гэх буруутгалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж явуулчихсан юм байх.

Ажлаас чөлөөлөгдөн, юу л байна зав байна болчихсон Ц.Нацагдолгор сүүлийн өдрүүдэд НАМЭХ-г бужигнуулж яваа гэх таагүй мэдээлэлд ийнхүү нэр холбогдоод эхлэв.

Хийсэн ажил, хэлсэн үгээрээ танигдаагүй атлаа хэл ам, атаа жөтөөний дуулианд яаж ийгээд нэр нь орчихоод явдаг Цэнд-Аюушийн Нацагдолгор гэж хэн бэ…

Өвөрхангайн уугуул энэ эмэгтэй 2020 оны сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшихээр зэхэж, цахим орчинд “сурталчилгаагаа” эрчимжүүлсэн байсан ч мандат өвөртөлж чадаагүй.

Д.Лүндээжанцантай нутаг нуга, утга зохиол гээд олон зүйлээр холбогддог түүнийг парламентад зайлшгүй байх ёстой хүн хэмээн Д.Лүндээжанцан нь ч цахим орчин дахь сурталчилгааг нь хийж суусан байдаг. Харамсалтай нь, Ц.Нацагдолгорыг зүтгүүлэх байтугай өөрөө өвдөг шороодоод байнгын ажиллагаатай парламентын үүдээр дахин орж ирээгүй.

Ц.Нацагдолгор нь Д.Лүндээжанцангийн тэргүүлдэг “Монголын гал голомт цогцолбор төв цэг” төрийн бус байгууллагын гишүүн.

Энэ төрийн бус байгууллагад хотын дарга Д.Сумъяабазар, хамба лам Д.Чойжамц, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар ч гишүүнчлэлтэй.

Өвөрхангайн гаралтай хэдэн нөхөр нийлж, урлаг спортын нэрээр төсвийн мөнгө цохихоор байгуулагдсан гэх шүүмжлэлийг үргэлж дагуулж ирсэн “Монголын гал голомт цогцолбор төв цэг”-ийн гишүүн атлаа Ц.Нацагдолгор нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй гэх буруутгалыг намын нь эмэгтэйчүүд хэлж байгаа юм.

Түүний жилийн орлого 59.5 сая.

Гэр бүлийн гишүүдийн орлого байхгүй атлаа 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, авто зогсоолтой. Приус унаж яваа гишүүдийн дэргэд 36 сая төгрөгөөр үнэлсэн жийп болон туулах чадвар өндөр “Lexus, RX 400” маркийн автомашинтай.

Насны эцэст хөдөө гараад маллаад хэвтчих азарга адуу, 300 гаруй хоньтойгоос гадна эзэмшлийн 5га, өмчлөх 4 га газартай сүрхий хатагтай.

Тэрчлэн “Эм Эс Си Ай” компани болон Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг эзэмшигч.

“Эм Эс Си Ай” компани нь Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн нь байранд давхар хаягтай ч энэ байгууллагаас өөрийн нэрээ хасуулсан бүртгэл бас бий. 

Мөн АТГ-т мэдүүлээгүй Нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт төрийн бус байгууллага түүний нэрээр бүртгэлтэй.

Энэ байгууллагын Улаанбаатар, Баянзүрх, 1-р хороо, 12 хороолол, 23, 3 тоот хаягт байх “Барт-Арандал” компанийг мөн л Ц.Нацагдолгорынх гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байгаа юм. Компанийн захирал нь Чулуунбаатарын Цэцэгмаа гэх Дорноговь аймгийн Улаанбадрах сумын соёл, спортын төвийн эрхлэгч бүсгүй бий. 2020 онд энэ албан тушаалд томилогдсон түүний нэр дээр Стартрек, Эм Ти Эс Ти компаниуд бүртгэлтэй байгааг анхааралгүй хаях асуудал биш юм.

Учир нь “Стартрек” компанийн Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, 53 тоот хаяг дээт Цэвэр-Ой, Голденпеарл, Их говийн тамирчид сан, Роккапитал, Сийд рок монголиа, Сокомитрейд зэрэг нэлээд хэдэн компани давхар бүртгэгдсэн нь яалт ч үгүй хардлага төрүүлэм.

Зөвхөн Роккапитал компанийг нь татаад сонирхоход л Пүрэвжаргалын Батбаяр гэх УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай “Регбинийн холбоо” гээчийг хамтран эзэмшдэг нөхөр гарч ирж байгаа юм.

Ц.Нацагдолгорыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “Богд Зонхова” төслийг дэмжигч хэмээн хүчтэй шүүмжилж байсан үеийг уншигчид мартаагүй байх. Тэдний дунд, хамтдаа нэр холбогдсон “Гоёуд цэцэрлэг” гэх аж ахуйн нэгж ч бий. Ямартай ч Ц.Цэрэнпунцагийг Ц.Нацагдолгороор дамжуулан намын эмэгтэйчүүдийн байгууллагад санаархаж байна гэх шуум хүчтэй тархаж байна. Мөн Ц.Нямдоржийн хувьд Ц.Нацагдолгорыг онцгойлон цохож “хөөсөн” явдлыг ч Ц.Цэрэнпунцагтай холбон тайлбарлах хэсэг бүлэг байгаа юм.

Энэ талаарх мэдээллийг болон Ц.Нацагдолгорын Төрийн банкны газрын захирлаар ажиллаж байх үедээ холбогдсон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэх тул түр орхиё…

Ямартай ч Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны ойрын үед болох хурал, цаашлаад энэ институцын удирдлагад горилж буй гэх Ц.Нацагдолгорын амбиц намын эмэгтэйчүүдийг гэдсэндээ хөлөө жийлцэхэд хүргэн, нэлээдгүй бужигнаан үүсгээд байгаа гэдгийг эх сурвалжаас өгч байна.  

Орчуулах »