Нэн ховордсон ан амьтдыг агнавал 5 жил хүртэл хугацаагаар хорих заалттай

Нэн ховордсон ан амьтдыг ашиг хонжоо олох зорилгоор агнах явдал арилахгүй байна. Энэ сарын 27-ны өдөр “Эмээлт” түүхий эдийн зах орчмоос хүрэн баавгайн эд эрхтнийг хууль бусаар худалдаалах зорилгоор тээвэрлэж явсан гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Тодруулбал, гэмт этгээдүүд “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн, арьс, толгойг худалдаалахаар Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирсэн байсан аж. Уг хэргийг одоогоор Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна. Хэргийг Дорнод аймагт оршин суух хаягтай этгээдүүд үйлджээ.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг байна. Дашрамд сонирхуулахад 1986 онд манай оронд 500 орчим бодгаль хүрэн баавгай бий гэж тооцоолжээ. Харин одоо энэ тоо хэд дахин багассан хэмээн үздэг ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!