Д.Сарангэрэл: Томуу, томуу төст өвчнөөр нэг ч хүүхэд эндээгүй

Ханиад, томуу, томуу төст өвчний дэгдэлт, А хүрээний H1N1 вирүсийн халдвар их байгаа энэ үед нийслэлд болон орон нутагт эрүүл мэндийн эмч, ажилтнууд өвчлөл дэгдэлтийг бууруулахаар 24 цаг цурам хийлгүй ажиллаж байж цурманд нь оруулж байгаа талаар Д.Сарангэрэл мэдэгдэв.

Тэрбээр “Улстөрийн асуудалд эрүүл мэндийн салбар, хүүхдүүдийг хутгаж байгаад дургүйцэж байна. ЖДҮ-ийн 950 сая, нас барсан хүүхэд 950 гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд хүчтэй явсан. Олон хүүхэд эндсэнийг Ё.Баатарбилэг дарга мэдэж байгаа юм байна. Хэрвээ томуу, томуу төст өвчнөөр олон хүүхэд эндсэн бол үүнийг салбар нь нуухгүй. Тийм эрх байхгүй. Лобарторийн шинжилгээгээр батлагдаж, нотлогдож олон нийтэд зарлагддаг тоо.

Одоогийн байдлаар дээрх вирүсээр хүүхэд эндээгүй байна. Би үүнийг нэн сайн гэж бодож байгаа. Яагаад гэвэл 2010-2018 онд хатгалгааны эсрэг вакциныг хийсэн учраас хүүхдүүд томуугийн эрсдэлд өртөхгүй байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа.

Өнөөдөр улстөрд 20,30 жил ажиллаж байгаагаа гайхуулж буй хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл шахмал түлшний үйлдвэр, хүүхдийн ор хүрэлцээтэй эмнэлэг барьчихгүй яасан юм бэ. 500 тэрбум төгрөгийг агаарын бохирдол бууруулахад зарцуулсан юм гэнэ лээ. Ганц эмнэлэг, үйлдвэр барьсан бол үүний дараа энэ сэдвээр улс төр хийж болно.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон мянган эмч, сувилагч, ажилтнууд цурамхийлгүй ажиллаж байж цурманд нь оруулсан шүү. Тэгтэл энэ хүмүүсийн хөдөлмөр, сэтгэлийг үгүйсгэж, хүүхэд олноороо эндэж байгаа мэт мэдэгдлийг хэлж байгаад харамсалтай байна.

Хэрвээ хүүхдийн эндэгдэл байгаа бол манай салбар нуух эрхгүй. H1N1 вирүсийн улмаас нийт 7 том хүн нас барсан нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийн асуудлыг улстөрд, тэр дундаа хойч ирээдүй болсон хүүхдүүдээ энэ бохир улстөрд бүү хутга. Хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө Ё.Баатарбилэг дарга уучлалт гуйх ёстой шүү” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!