Цагдаагийн байгууллагад хүний эрхийн зөрчил гаргахгүй байхыг зөвлөв

2022-04-09
1 min read

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Монголдоо сайхан амьдармаар байна” Залуучуудын жагсаалд оролцогчдын болон орон нутагт буюу 10 аймагт эдгээр жагсаалыг дэмжиж буй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль сахиулах явц дахь саатуулах, баривчлах үйл ажиллагаа, болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудалд хяналт тавин ажиллаж байна.

Комиссын гишүүн Д.Сүнжид, Б.Энхболд нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харъяа Эрүүлжүүлэх, саатуулах байранд ажиллаж, Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, хурандаа С.Сугаржав, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга С.Чагдар нараас нөхцөл байдлын талаар тайлбар, мэдээлэл авч саатуулагдсан иргэдтэй уулзан хяналт тавьж ажиллалаа.

Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Б.Энхболд, нар ЦЕГ-ын дарга, хошууч генерал, Дотоодын цэргийн командлагч Ж.Болдтой уулзаж, жагсаал цуглааны үеэр интернетийн сүлжээ унагасан, цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн жагсаалыг тараасан, жагсаалд оролцогчдыг албадан саатуулсан үндэслэлийн талаар тодруулга, тайлбар авч иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үндэслэлгүйгээр иргэдийг саатуулахгүй байх, баривчлах, саатуулах тохиолдолд иргэдтэй хүнлэг харьцах, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж ажиллахыг зөвлөж анхаарууллаа.

Түүнчлэн Комиссын гишүүн Х.Мөнхзул иргэдийг өмгөөлөгчгүйгээр байцаасан гэх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж зөвлөмж өгч ажиллалаа. Мөн Комиссын гишүүд “Эмнэсти интернэшнл Монгол” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, жагсаал цуглааны үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд хамтран мониторинг хийж, хяналт тавьж ажиллах талаар санал солилцлоо.

Capture.PNG0.PNG

ХЭҮК жагсаал, цуглааны явцын талаар баримт мэдээлэл цуглуулах, мониторинг, хяналтын ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Мониторинг, хяналт шалгалтын дүгнэлтийг удахгүй танилцуулна.

Орчуулах »