Харилцагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг бий болголоо

2022-04-07
1 min read

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын хувьд зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалсан мөн банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлийн хүү, түүнтэй холбоотой үйлчилгээний шимтгэл, хураамжийн зохицуулалтыг тодорхой болгосон Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмыг СЗХ-ны ээлжит долдугаар хуралдаанаар баталлаа.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт тусгай зөвшөөрөлтэй 534 ББСБ-аас 92.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнээс 326 ББСБ нь зээлийн үйл ажиллагааг дагнан эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд ББСБ-ууд нь дэвшилтэд технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж тэр хэмжээгээр харилцагчдынх нь тоо өмнөх оны мөн үеэс 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 2.1 дахин өссөн нь цаашид уг зээлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Санхүүгийн зохицуулах хороо энэхүү зээлийн бүтээгдэхүүнээс үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журамд ББСБ-ууд нь мэргэжлийн ёс зүйтэй байх, шимтгэл хураамжийг өндөр тогтоохгүй, зээлийн хүүг шимтгэл, төлбөр хэлбэрээр тооцохгүй, зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцох, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлдэг байх, зээлдэгчээс гэрээнд тусгагдаагүй шимтгэл, хураамж төлөхийг шаардахгүй байхаар тусгалаа. Үүний зэрэгцээ ББСБ-ууд нь дэвшилтэд технологид суурилсан /финтек/ зээлийн бүтээгдэхүүн гаргах тохиолдолд СЗХ-нд бүртгүүлэх, зээлдэгчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлж финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг харгалзан үзэх, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан технологийн шийдлийг нэвтрүүлэх зэрэг харилцагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг бүрдүүллээ. Мөн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл, хураамжийг өндөр тогтоосон ББСБ-уудад СЗХ-ноос бууруулах санал хүргүүлэх, бууруулаагүй тохиолдолд тухайн ББСБ-ын шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар тусгав.  

Ийнхүү журам баталснаар ББСБ-ын зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг илүү тодорхой болгох, зээлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах, харилцагчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, финтек зээлдэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал болон харилцагчдын эрх ашгийг хамгаалсан чухал ач холбогдолтой боллоо.

Орчуулах »