Нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан зэвсэгт этгээдүүдийг саатуулжээ

2022-04-06
1 min read

Тагнуулын байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр хэлэхдээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16-д зааснаар иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Тэгвэл энэхүү эрхээ эдэлж байх үеэр хүний амь насанд халдахаар төлөвлөж байсан хүмүүсийг тагнуулын байгууллага шалгалтаар тогтоолоо. Энэхүү хэрэгт Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар олон хоног төлөвлөсөн байсан. Тухайлбал, байлдааны зэвсэг болон бусад галт зэвсэг АК47 маркийн серийн дугаар арилгасан буу, ХТ50 маркийн гар буу болон бүртгэлгүй галт хэрэгсэл зэргийг хадгалж байсан. Мөн нийт 847 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Тэдгээр хүмүүс зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан.

Харин өмгөөлөгч Б.Баасанцогтын тухайд сэжигтнээр холбогдуулан өчигдөр саатуулсан байгаа. Прокурорын зөвшөөрсөн мэдээллийг л олон нийтэд хүргэнэ. Түүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Орчуулах »