“Гудамжинд хог түүж, хоолтой хоолгүй амьдарч байхаар шоронд очоосой”  хэмээн хуучлах энэ эрхмийг Р.Цанжид гэдэг. Социализмын үед танхайн хэргээр аавын хаалга татсан тэрбээр амьдралынхаа 40 жилийг төмөр торны цаана өнгөрүүлжээ. Чанга дэглэмтэй хорих ангийн хоригдол уулын орой дээр байшин бариад амьдарч байсан тухайгаа хуучилж, шорон хэмээх нууцлаг ертөнцийн хаалганы цаадахь амьдралыг уншигч танд хүргэж байна. Тэрбээр 40 гаруй жилийн хугацаанд хоригдохдоо улс төрийн зорилгоор хоёр ч томоохон хэрэгт хутгалдах шахсан тухайгаа дэлгэсэн. Энэ тухай манай сонин цувралаар хүргэж байна.

40 жилийн дараа наранд гарчихаад амьдралаа өөрөөр эхлэе гэж бодсонгүй юу. Яагаад буцаад шоронд орчих воо?

Хүн итгэмээргүй л юм болчихлоо. Гэхдээ энэ тухай яриад яах вэ. Хөндлөнгийн хүмүүст өөрийгөө өмөөрч байгаа мэт харагдах байх. Хэдэн чулууны хэргээр ирсэн. Хуулиараа бол 10 жилийн хорих ялтай.

Эндээс гараад гурван сар болсон байсан. Ер нь амьдрах боломж нөхцөл хэр байх юм?

Алга. Ажил хайгаад ч нэмэргүй юм. 60 гарсан тэтгэврийн намайг ямар газар ажилд авах вэ дээ. Дээр нь шоронгоос гарсан болохоор манаач хийлгэвэл хамаг юмаа алдчихна гэж айгаад хавьтуулахгүй. Социализмын үед ч ял эдэлж байсан нөхрийг ажилд авдаггүй байсан. Тэгэхээр зах зээлийн үед бүр ч үгүй шүү дээ. Тэгэхээр шоронгоос гарсан над шиг хүмүүс энэ нийгэмд амьдарна гэхэд хэцүү.

Гаднах орчин их өөрчлөгдсөн байгаа биз?

Миний мэдэх Улаанбаатар биш болж. Сайхан сайхан шилэн барилгууд олширч. Нэг хэсгийнх нь амьдрал дээшилж нөгөө нь хэт доройтож. Би Баянхошуунд нэг айлд байлаа. Хааяа хотын төв рүү орно. Тэгж явахад энд тэнд гудамжны булан тохойд хүн унтаж байх юм. Ээ дээ иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна лээ. Бараг ингэж явахаар шоронд ороосой гэж бодогдсон.

Шоронд гэнэ ээ. Тэнд хавьгүй дээр амьдралтай гэж үү?

Ингэж гудамжинд хог түүж хоолтой хоолгүй амьдарч байхаар тэр нь хамаагүй дээр. Шоронд бодит амьдралаас хавьгүй дээр орчин нөхцөл байх шиг санагдсан. Уг нь нэг ийм үг байдаг даа. Ямар ард түмэн байна тийм л төр байна гэгчээр Монголын ард түмэн сонголтоо их буруу хийжээ. Ер нь буруу хийсээр ч ирсэн. Төрд гарсан нөхдүүд эргээд ард түмнээ гээчихсэн юм биш үү.

 Хүний эрх чөлөөнд халдсан этгээдүүдэд эрх гэж байх ёсгүй

Ер нь олон жил шоронд ял эдэлсэн хүнтэй ярилцаж байж шоронгийн тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Шоронгийн талаар та надад ярьж өгөхгүй юу?

Бага зэрэг мэдэх сэдэв байна. Монгол Улсад XIX зуунаас Богдын хүрээнд Батгүн хэмээх анхны чулуун гяндан байгуулагдаж байсан түүхтэй юм билээ. Тэр цагаас хойш хүмүүсийг үй олноор нь хорьж тарчлаах шоронжсон сэтгэлгээ дэлгэрсэн гэж ойлгож болно. Шоронжих сэтгэлгээ гадны халдвартай гэж бас хэлж болох юм. Монгол Улсад хамгийн их хурдтай өсч байсан салбар гэвэл шорон, ялтан хоёр гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр ч тийм байгаа. Хойшид ч магадгүй энэ хурд саарахгүй биз. Шорон өнгөрсөн хугацаанд олон удаа нэрээ сольсон. Хар гэр, бор гэр, засан хүмүүжүүлэх, тэр ч бүү хэл хөдөлмөрийн байгууллага ч гэж үзсэн. Өнөөдөр шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа … дүгээр хорих анги гэсэн нэр томьёотой. Миний бодлоор энэ бол буруу нэршил. Зүй нь залхаан цээрлүүлэх байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөнд халдсан этгээдүүдэд хүний эрх гэж байж таарахгүй. Өөр эрх зүйн гаргалгаа гаргаж тэдэнтэй харьцах ёстой. Энэ бол шударга зарчим. Шоронд хүн нэг л орох ёстой. Орсон хүн дахиад орох эрх, зүрхгүй болсон байх учиртай. Тэгж байж гэмт хэрэгтэй бүрэн тэмцэж чадна. Энэ нь нийгэмд ч, хувьд хүнд ч өгөөжтэй. Ядаж л над шиг насаараа хоригдохгүй. Өнөөдөр шорон бол Норош болсон байна.

Норош гэж юу гэсэн үг юм бэ. Шорон гэдгийг тонгоруулсан юм шиг л харагдаж байна?

Яг үүн шиг шорон утгаа алдсан. Шорон залуусын бахархал болсон. Тэр шоронд, энэ шоронд ийм, тийм байсан гэсэн буруу мессеж нийгэмд тараах хэмжээнд хүрсэн. Товчхондоо, хүний эрх шоронд илүүдсэн. Би хоригдол ялтан хүн л дээ. Гэхдээ л энд хүний эрх ихэдсэн.

Хэдийнээс ийм болчихсон юм бол?

Ийм болоод удаж байна. Бүр тодорхой хэлбэл, ардчилалтай хамт айлчилж ирсэн гэх үү дээ. Урьд нь ялтнууд ажлын нормтой байсан. Тэднийг албадан хөдөлмөр эрхлүүлж, бүтээн байгуулалтад хувь нэмрийг нь оруулдаг байлаа. Гэтэл өнөөдөр ялтны эрх, ахуй нөхцөл, амьжиргаа яригддаг болж. Гэмт хэрэгтнүүдийг ингэж их бөөцийлөөд байвал эргэж ордог асуудал хэзээ ч тасрахгүй. Энэ нь нийгэмд ч, хувь хүнд ч хортой. Би үүнийг биеэрээ мэдэрлээ. Би 20 настай шоронд орсон. Шорон ямар байдгийг ойлгоод, яс махандаа мэдрээд гарсан бол наранд яаж ийгээд л аргаа олоод амьдраад явах байсан. Тэр аймар газар руу буцаж очихгүйн тулд гэмт хэрэг ч ахиж хийхгүй. Гэтэл тийм биш.

Тэгвэл харин ч эргэж ирэх сэдлийг төрүүлдэг нэг ёсны оромж болсон гэж ойлгож болох уу?

Би чиний цүнх, эд хөрөнгийг хулгайлаад авчихлаа гэж бодъё. Тэгээд шүүхээс ял сонсч шоронд очлоо. Чи татвар төлдөг биз дээ. Чи намайг эргээд тэжээгээд байгаа байхгүй юу. Эд материалаар хохироосон хэрэгтнээ чи өөрийнхөө хөдөлмөрөөр тэжээж байна. Энэ шударга ёс уу. Өнөөдөр шоронгийн яг бодит амьдрал нь хорихын хаалга татлаа хэрэгтэн дотогш орлоо “Хөөе хоолоо аваарай”, “Талхаа аваач ээ” гэж байх жишээтэй. Тэнд хүн ерөөсөө хөдлөх, хөдөлмөрлөх шаардлагагүй.

Уг нь ажил хийж, хохирлоо барагдуулж, улсад тодорхой хэмжээгээр тус дэм болдог гэж боддог. Энэ худлаа гэсэн үг үү?

Худлаа. Та нарт л хэлдэг хоосон үг.

Жишээ нь та өнөөдөр юу хийж өдрийг өнгөрөөх байсан бэ?

Радио сонссон болоод, сонин гарчиглаад тэгээд л байж байгаа. Бусад нөхөд ч адилхан.

Хөдөлмөр эрхлэхгүй юу?

Хөдөлмөр бараг эрхлэхгүй дээ. Тэр худлаа. Та нарт л очдог мессеж. ШШГЕГ-т  8000-аад хоригдол бий гэсэн. Улсын төсөвт ямар ч нэмэргүй.

Тэгвэл хоригдлуудын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Бүтээлийг нь худалдаж орлого оллоо гэдэг бас л худал гэж үү?

Жишээ нь, би чулуугаар юм хийдэг. Шоронд хийхгүй юм гэж байхгүй л дээ. Юм юм хийнэ. Тэглээ гээд улсад ямар нэмэр байгаа юм. Тэр худалдсан мөнгө нь хэний халаасанд, хаашаа ордгийг хэн ч мэдэхгүй. Социализмын үед бүтээн байгуулалтад ялтнуудыг татан оролцуулж, их, бага хэмжээгээр хувь нэмэр оруулдаг байсан. Өөрөөр хэлбэл, тэгж нийгэмшүүлж, ажилд сургана. Өнөөдөр тийм юм байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр хооллож, ундлаад л сууж байна. Гэр бүлийнхнийхээ хэн нэгнийг алуулсан хохирогчид нөгөө алуурчнаа тэжээж, бас ахуй нөхцөлийг нь дээшлүүлэх талаар ярьж байна. Энэ нь эргээд нийгэмд ямар ашигтай юм бэ. Би ойлгохгүй байна.

Гэтэл сүүлийн үед хорих ангийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж УИХ-аар хэлэлцэж байна. Энэ таны бодлоор буруу юу?

Ямар ч хэрэггүй. 1970-аад онд жинхэнэ утгаараа шорон байсан. 1980-аад оноос дампуурлын эхлэл тавигдсан. Социализмын үед шоронд хүн турж үхсэн тохиолдол сонсч байгаагүй. Түүнчлэн тухайн үед адууны махаар хооллодог байсан. Хоолны хүртээмж, чанар арай өөр. Тэр нь магадгүй ажил хөдөлмөр эрхэлж байсантай холбоотой байх. 1990-ээд оноос буюу ардчиллын он жилүүд шоронд үхэл л авчирсан. Тэнд хичнээн олон зуун хоригдол үхсэнийг хэн ч тоолоогүй. Өөрөөр хэлбэл, энэ бол төрийн аллага. 1930-аад онд тууж аваачаад буудаж алдаг байсан бол өнөөдөр төр хоригдлыг тураагаад алчихаж байгаа юм. Шүүхийн тогтоол, шийдвэрээр гэсэн үг. Гэтэл өнөөдөр хүн алсан хүн торгуулаад өнгөрөх хуулийн заалт УИХ-аар хэлэлцэгдэж байна.

Гэмт хэргийн тухай хуульд тийм заалт бий гэж үү?

Сайн хараарай. Хүн алсан хүн торгуулаад өнгөрч болох уу. УИХ-аар хэлэлцэж байгаа Гэмт хэргийн тухай хуульд тийм заалт бий. Хүн алсан хүнийг цаазалдаг байснаа больсон. Гэтэл сүүлдээ бүр хорих биш торгоод өнгөрдөг болох гэнэ.  Монгол Улсын төрийн бодлого ийм хэмжээнд очитлоо дампуурсан байна. Бас наймаа, бизнесийн хэлбэрт шилжиж, авлигажсан байна. Ийм үед ирээдүй энэ тэр яриад хэрэггүй.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ бүх алдаа, дутагдлыг засаж, сайжруулах байлгүй дээ?

Үгүй юм шиг ээ. Одоо яригдаж байгаа Эрүүгийн хуулийн төслийг би үзэж сонирхсон юм. Гэмт хэргийн тухай гэж нэрийг нь сольсноос өөр нэг их өөрчлөлт олж хараагүй. Харин хүний эрхийг нэг их сүрхий эхэнд нь тавьсан харагдсан. Харамсалтай нь, хүний гар хуруунд зүүлттэй бөгж зүүлтнээс байгаль орчин маань үнэ цэнэгүй болоо юу даа гэж харамсах сэтгэл төрсөн.

Хуяг гэдэг үг итгэл, найдвар

Хорихын амьдрал руу эргээд орьё. Хоол ундны хүртээмжийн талаар та цухас дурьдсан. Өнөөдөр ямар байгааг сонирхмоор байна?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан хоёр тэрбум төгрөг зувчуулсан тухай сонссон юм. Гэтэл түүний дараахан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ШШГЕГ-ын дарга “Төсөв хүрдэггүй” гэж ярьж байна билээ. Хэрэв бид махаар хоолловол эхний зургаан сард мөнгө дуусна гэнэ. Төр бодлогоороо шинжлэх ухааны үндэслэлтэй, нормоор хоолны тооцоо гаргаж төсөв баталсан. Гэтэл тэд дундаас нь зувчуулчихаар ялтнуудад дотор гэдэснээс өөр юм олдоно гэж үү.

Мах огт амсдаггүй байх нь, тийм үү?

Танагдсаар байгаад цувдаа. Өдөрт нэг л удаа хооллоно. Өдөрт гурав хоол иддэг гэдэг та нарт өгдөг өнөөх аятайхан мессеж нь. Шалгалт, хяналтын багийнханд тэгж хэлж, тайландаа тусгадаг хийсвэр зүйл. Өдөрт гурав хооллочихоод тэрийгээд хэвтэж байдаг юм огт байхгүй.

Өл залгуулаад л сууж байна гэсэн үг үү?

Гэхдээ өлсөхгүй. Өл залгуулаад боллоо. Тэгээд ах, дүү амраг садан эргэлтээр ирнэ. Тэднээс хэд гурван төгрөг авна. Эргэлтээр жаахан юм авна. Дотроо хэсэг бүлгээрээ гал болно. Танайх энэ сар, манайх энэ сар гэхчлэн хоолоо хуваарилна. Яг улсын төсвөөр өгч байгаа гэх тэр мөнгөөр хоолловол турж үхнэ.

Хориход мөнгөтэй хүн наранд байгаагаас ч илүү тансаг байдаг гэж сонссон?

Нийгэм өөрөө тийм л байгаа. Мөнгөтэй хүн хаусанд амьдарч байгаа бол шоронд ч гэсэн тэр хууль мөрдөгддөг. Мөнгөтэй хүн захиалгын хоол иднэ. Яг л адил. Мөнгөтэй л бол наранд ч, нарсанд ч адилхан.

Хүн бүр эрх тэгш эрхтэй байх хуулийн заалт зөвхөн цаасан дээр цагаан дээр бичигдсэн зүйл гэж энэ байх. Та энэ талаар юу хэлэх вэ?

Энэ бол хуульд л байдаг зүйл. Амьдрал дээр бол байхгүй. Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Энэ заалт Үндсэн хуульд ч, Эрүүгийн хуульд ч бий. Гэтэл тэр хууль эргээд өөрөө зөрчилтэй. Хүн алсан хүнийг буудахаа больж байгаа чинь тэр тэгш эрхийн заалтыг үгүйсгээд байгаа юм. Энэ хуульд Хуулийн этгээд ажил, албан тушаалаа ашиглан хүний амь хохироосон бол 10 тэрбум төгрөгөөр торгуулаад өнгөрөх юм гэнэ лээ.

Шоронгийн хуяг гээд л яриад байдаг. Таны бодлоор?

Адилхан л хүн. Гэхдээ та нарын боддог шиг хүний махан хүнстэй, хүрэн чулуун зүрхтэй биш. Уучлаарай бодлыг чинь таагаагүй байж магадгүй. Би дээр хэлсэн дээ, хичнээн хоригдол турж үхэв гэж. Турж үхэх гээд хэвтэж байгаа хоригдлын ам руу гэрээсээ хаан цай авчирч уулгадаг. Өнгөрвөл өмөлзтөл уйлдаг яргачид л байдаг юм. Хуяг гэснээс бодож явдаг нэг зүйлийг хэлье. Монгол Улсын төрийн албаны хуульд, хуульд захирагдаж шударгаар ажиллахаа батлан тангараг өргөдөг гэж ойлгодог. Маш өндөр цалин хангамжтай нь төрийн албанд миний ажигласнаар шүүх, авлигын эсрэг ажилладаг албан хаагчид байдаг. Энэ бол төр хүчтэй байх, шударга ёсыг тогтооход их түлхэц өгөх нь ойлгомжтой. Харин өнөөдөр Монгол Улсын Эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал төсөөлөхийн аргагүй хурдацтай хүндэрч, гэмт хэргийн ангилал төрөл олширч байгаа энэ цагт төр засаг, шоронгийн хуягаа онцгой анхаарах ёстой. Төр нийгэмд хулгайч, хуяг хоёр ихэр юм шиг үнэлэгдэж ирсэн. Энэ хуучин сэтгэлгээнээс салахыг надтай, надгүй сануулсаар байгаа. Монголын нийгмийн амар тайван амьдрал бүр цаашилбал үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын манаанд өөрөөр хэлбэл, дайны фронт дээр хамгийн их хариуцлага үүрч үүрэг гүйцэтгэдэг нь шоронгийн хуягууд. Тэд бусдаас хараат бусаар харуулын үүрэг гүйцэтгэх ёстой гэж боддог. Тийм нөхцөлийг төр өнөөдөр хангахгүй бол хойшид юу болох бол. Хуяг гэдэг нэр ер нь их учиртай юм билээ. Төр, хуульч, бүр хулгайч ч бай хуягийн хамгаалалтгүй бол яах вэ. Надад бол хуяг гэдэг үг итгэл, найдвар гэдэгтэй төстэй төлөөлөгддөг. Хэрэв хуяг байхгүй байсан бол би шоронд тайван унтаж чадахгүй.

Шоронд олон жил боллоо. Хоригдлууд олшроод байгаагийн шалтгаан нь буцаж ирэх залуусын цуваа нэмэгдсэнтэй холбоотой гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

Гараад удалгүй ирнэ. Шоронд байнгын оршин суугчид гэсэн давхарга бий болчихсон. Шорон бол шорон биш болсны илрэл нь энэ. Тэнд дандаа хүний эрх ярьдаг. Ялтны амьжиргааны түвшинг дээшлүүлмээр байна. Ахуй нөхцөлийг нь сайжруулмаар байна гэж. Саяхан газрын тосны газрын нэг нөхөр амь насаа алдсан. Гэтэл тэр хүн бусад нь хүн биш байсан юм шиг бөөн юм боллоо. Тэр нөхрийн үхэл тэр өдрөө л Төрийн өндөрлөгт хүрч байх жишээтэй. Мөн 24 цагийн дотор орон даяар тархаж, олны анхаарлыг татлаа. Тэгэхэд над мэтийн хэн ч биш нөхдүүд шоронд өчнөөнөөрөө үхсэнийг яагаад зарлахгүй байгаа юм.

Турж үхэж байсан тухай хэлж байна уу та?

Үгүй ээ. Янз бүрийн шалтгаанаар үхдэг. Миний нүдэн дээр үхэж байсан. Дэргэд маань байсан нөхөр ч хорвоог орхиж байхыг харж байлаа. Тэрийг яагаад зарладаггүй юм. Манай улс шударга, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ гэсэн зорилготой. Гэтэл шударга ёсны талаар яриад ч нэмэргүй.

 Шоронд хүнийг нийгэмшүүлдгийн биш

Хэрмэн хашаан дотор тэр амьдралыг тэгвэл хүмүүс тэр өөрөөр ойлгодог юм байна. Атманы хараа хяналтан дор арай гэж амьдардаг гэж төсөөлж байлаа?

Улс оронд сонгууль болж, төр засгийн эрх мэдлийн төлөө улайрдаг. Ялалт байгуулж гарч ирсэн нөхдүүд нь эргээд ард түмнийгээ элгээр нь мөлхүүлээд энэ үйл явц шоронд ч гэсэн бий. Тэр нэг хэрмэн хашаа бол тусгаар вант улс л гэсэн үг. Тэр дотор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яам, тамгын газрын дарга нар гэхчлэн үүрэг гүйцэтгэдэг хулгайч нар байна уу байна. Магадгүй 76 ч бий. Тэгээд ойлгочих. Улс оронд явагддаг бүхий л зүйл тэр хэрмэн хашаан дотор бий. Атман гэж яривал Ц.Элбэгдоржийг атман гэх үү.

Гэхдээ сонгуулийн зарчим нь арай өөр байх. Тийм үү?

Ардчилсан зарчмаар биш мөнгөөр. Өмнө нь хэн хүч чадалтай нь нударгаараа Ерөнхийлөгч болдог байсан бол одоо мөнгөтэй нь. Нийгмээ дагаад. Хүн байгаа учраас бүхий л юм тэнд бий. Орчин нөхцөлөө бүрдүүлэхийн тулд бүх юу эсэхийг хийх вэ дээ. Монгол Улс тусгаар тогтносон байхын тулд сонгууль явагддаг. Тэнд ч мөн адил.

Та Ерөнхийлөгч нь үү?

Үгүй ээ.

Мэдээж албан тушаал авч чадаагүй нь дээрэлхүүлэх байдал бий биз?

Дарамтлах, сул дорой нь дээрлэхүүлэх байдал нийгэмд ч байж л байдаг. Тэр тэнд ч байх нь зүйн хэрэг.

Хорихын нийгмийн ажилтан, сэтгэл зүйч уг нь хоригдлуудыг эргэж эрүүлэхгүй байх тал дээр ажилладаг байх. Тэгэхээр тэдний ажил үр дүнгүй байна гэж дүгнэж болох уу?

Дотоод нууцаасаа хэлье. Хорих байгууллагад орон тоо их бий. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч. Голдуу хорихын дарга нарын эхнэр, хамаатан садангууд, танил тал. Шоронд хүмүүсийг нийгэмшүүлэх ямар ажил хийсэн юм. Би лав мэдэхгүй. Нормоор тавьж өгдөг алчуур, барааны саван л тарааж өгдөг хэдэн хүн байдаг. Тэгээд л боллоо. Тэгээд ажлын тайландаа баахан юм худлаа бичээд өгчихдөг. Тэгсэн атлаа төсвөөс цалинждаг. Төрийн бүтэц данхайлаа гэдгийн нэг хэсэг нь энэ. Шоронд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч огт хэрэггүй орон тоо. Шоронд хүнийг нийгэмшүүлдгийн биш.

Тэгээд хаана гэж..?

Хэрэв хүн чихээрээ юм сонссоод ойлгодог байсан бол шоронд орохгүй байх байсан. Хүний төлөвшил, ухаантай холбоотой. Иймээс энэ бол илүү орон тоо. Шоронд хүнийг ороод ирэхэд нь хоол өгөхгүй байх хэрэгтэй. Тэр хүн хэрэг хийгээд шоронгийн хаалгаар ороод ирэг л дээ. Битгий хоол өг. Зогсвол зогсч л байг. Хэнд хамаатай юм. Хажууд нь бүтээн байгуулалт, олон нийтэд хэрэгтэй зүйл хийх тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээр нь хангаад өг. Жишээ нь, тоосго хийлгэх. Шороо буулгаад, хэвэнд цутгаад, шатаагаад тоосго хийхэд бэлэн болгохоор. Тэгээд чи 10 тоосго цохивол нэг зүсэм талх өгнө. 20 тоосго цохивол хоол өгнө. Эсвэл нэг гудас өгнө гэх байдлаар хандах хэрэгтэй. Ингэж хүнийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрөөрөө хоолоо олж идэх, орчин нөхцөлөө бүрдүүлэхийг шоронд сургах ёстой. Хэлээд хүн ойлгодоггүй. Ойлгодог байсан бол орж ирэх үү.

Тэр орон тоог цомхотгож, арга барилаа өөрчлөх хэрэгтэй байх нь?

Хүн зодсон хүнийг хориход 30 минут зодуурын амт үзүүлсэн ч яадгийн. Хүн зодох ямар байдгийг бие махбодиороо тэр мэдрэг л дээ. Тэгвэл тэр дахиж тийм хэрэг хийхгүй. Учир нь шоронд орж дахин шар махтайгаа хатахыг хүсэхгүй. Тэгэхгүй бол ялтнууд эргээд шоронд орохыг хүсч байна. Тиймдээ ч нийгмийн аймшигт хэргүүд гарч байгаа юм. Тэд энд ирэхээсээ айхгүй. Харин ч хүсч байна. Би үүнийг амьдралаараа гэрчилнэ.

Би хулгай хийдэг болохоос худал ярьж байгаагүй

Таниас нэг зүйл асууя. Та энэ олон жил хорих ял эдлэхдээ нэг ч удаа гарч байгаагүй гэж үү. Ядаж ганц удаа Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй юм уу?

Би анх 1972 онд шоронд ороод 1975 онд хугацаа дуусаж суллагдаад дөрвөн жил сайхан амьдарсан юм. 1979 онд шоронд эргэж ороод 1994 онд нэг гарч, хоёр сар болж буцаад орсон. Тэгээд өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сард гарч гурван сар болоод эргэж орчихоод сууж байна. Тэгэхээр шоронгоос нэг гарч хоёр удаа завсарласан болж байгаа юм. 1972 оноос хойш хичнээн ч Өршөөлийн хууль гарав. Бүү мэд. Бас хуулийн өөрчлөлт шинэчлэлт ч олон болсон. Одоо ч бүр тоог нь мартаж. Надад ганц удаа ч болов  тусалж байгаагүй. 2008 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлт зохицуулалтаар онцгой дэглэмтэй хорих ангийн 400 гаруй ялтны ял эдлэх дэглэмд өөрчлөлт ороход 30 ялтны яланд өөрчлөлт ороогүй. Онцгой дэглэмтэй хорих анги руу ачигдаж 400 гаруй ялтантай онцгой дэглэмтэй хорих анги, чанга дэглэмтэй хорих анги болж ард үлдэж байсан юм. Ямар онц хүнд гэмт хэрэг хийсэн 30 ялтан байсан бэ гэхээд нэг нэгнийгээ харсан чинь төрлөг борлон хулгай хийсэн хулгайчид л байсан. Харин ямар гэмт хэрэгтэн улсын ял эдлэх нөхцөл зөөлөрч чанга болсон бэ гээд үзэхээр эхийгээ алсан, эмэгтэй хүний савыг гараараа ухаж алсан, хоёр хүн алсан, бага насны хүүхэд эмэгтэйчүүдийг хүчиндсэн хүмүүс л ард маань үлдсэн байдаг. Монгол Улсын төр маань айл, халаас ухсан онц аюултай гэмт хэрэгтнүүдэд бол онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлэх нь зөв. Харин эхийгээ алдаг, эмэгтэй хүний сав ухаж алдаг, эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчинддэг хоёр хүн алсан этгээдүүдэд бол онц аюултай гэмт хэрэгтэн биш онцгой дэглэмд ял эдлээд байх шаардлагагүй гэж үзсэн хэрэг шүү дээ. Энэ чинь Ардчиллын он жилүүдэд л болоод байгаа төрийн бодлого, шударга ёс, хууль ёс шүү дээ. Би тэгсэн гэнэ лээ гэж огт ярьж байгаагүй. Гэхдээ би хулгай хийдэг болохоос худал ярьж байгаагүй.

Та энэ олон жил шоронд ял эдлэхдээ засрах юм уу, залхах, за даа одоо нэг сайхан хүн шиг амьдарч үзье гэж бодогдож байгаагүй юу?

Бодолгүй яах вэ. Хүн машин техник шиг эвдэрдэг. Гэхдээ засагддаггүй. Хүн гэдэг амьтан нялхаасаа эцэг, эх, сургууль цэцэрлэг, нийгэм хамт олны хүмүүжил гээд насан туршдаа хүмүүждэг. Эвдрэхийн тухайд машин бол замаасаа, хүн бол орчиноосоо л болдог болов уу. Гэхдээ тухайн хүний сэтгэл оюун хэр их дархлаатайгаас болж эвдрэх байлгүй. Залхахын тухайд бол залхдаг шүү. Залхаалт хэтрэхээр засал авахгүй болтлоо эвдэрдэг юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн ял шийтгэлийн бодлого нь оновчтой биш он удаан жилээр залхаадаг нь олон сөрөг үр дагавартай гэж боддог. Би хүн шиг сайхан амьдрах юмсан гэж боддог байсан. Харамсалтай нь надад тийм боломж олдсонгүй. Одоо ч нээх их амьдрал инээ, тэрээ гэж бодохоо больж байх шив дээ. Харин ч эсрэгээрээ бодол орж ирдэг болсон.

Эсрэгээрээ гэнэ ээ?

Өнөөдөр Монгол Улсад нийгэм, эдийн засгийн хямрал оргил цэгтээ хүрлээ. Нэг үгээр хэлбэл, амьдрахад маш хүнд. Жирийн ард иргэдэд ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тийм цаг үе гэж надад харагдаж, мэдрэгддэг. Олон нийт дээд, дунд, доод гэсэн гурван давхаргад хуваагдлаа. Дээд, доод хоёр давхарга нь төрийн тусгай хамгаалалтад хангамж, төсвөөр тэжээгдэж амьдарч байна. Харин дундчуул нөгөө хоёроо татвараар тэжээж байдаг үйлийн үртэй хүмүүс юм шиг санагддаг.

Дээд давхаргын хүмүүсийг илүү тодорхой болговол?

Шилдэг худалч бас залилан мэхлэгчид багтдаг. Гэхдээ энэ бол миний л бодол. Доод давхаргад нь хулгайч, дээрэмчид, алуурчид багтах байлгүй. Дунд давхаргад нь ажилчин ангийнхан багтана. Амьдралынхаа төлөө тэмцэгчид нийгмийн сор болсон жирийн ард иргэд гэсэн үг.

Үргэлжлэл бий…

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!