Хүүхдийн паркийг хэдийнэ залгисан Трафигура, Иточу хоёрыг Д.Сумъяабазар барж идэх үү?!

Хотын дарга Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас ганц алхмыг ч зориулалтын бусаар ашиглуулахгүй хэмээн мэдэгдсэн ч түүний мэдэгдэлд олон нийт төдийлөн хууртсангүй.

Хүүхдийн паркийг 2005 онд М.Энхболд хотын дарга байхдаа үгүй хийчихсэнийг нийслэлчүүд хараахан мартаагүй байна, Д.Сумъяабазар аа!!!

“Үндэсний соёл амралтын хүрээлэн” нэртэй Хариуцлагатай хувьцаат компанийг тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы Иточу корпорацитай хамтран байгуулаад Иточу 74%, Нийслэл 26%-ийг нь эзэмших болсоор удаж байгаа.

Иточу корпораци 2007, 2008 онуудад Голомт банк алт олборлох үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэж байсан үеэс нь холбоо тогтоож, Иточу-д аккредитив нээж өгч байсан. Улмаар 2012 оны 7 дугаар сарын 9-нд 43 сая ам.доллартай тэнцэх 3.42 тэрбум иенийн 18 аккредитивыг төлөөгүйн улмаас Иточу корпорациас Голомт банкийг шүүхэд өгч байв. Энэ үед Их Британид байрлалтай Swiss МО хөрөнгө оруулалтын сан Голомт банкны 10.7 хувийг эзэмшихээр 20 сая ам.долларын хөрөнгө оруулчихсан, Trafigura Beheer BV худалдааны компани мөн хөрөнгө оруулж Голомт банкны 5 хувийг худалдаад авчихсан байсан юм. Энэ хоёр хөрөнгө оруулагч Голомт банкны толгой компани болох Бодь групп ХХК–д мөн 55 сая ам.долларын зээл олгосон байдаг.

Иточу корпорацийн Монгол дахь ажилтнууд тээврийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн зэрэг хэд хэдэн таагүй мэдээлэлд холбогдсон, нөгөөтэйгүүр хүүхдийн паркийн газраа булаалгасан монголчуудын дайралт тооцоолсноос нь хэтэрхий их байсан зэрэг шалтаг Иточуг “Ито инвест” хэмээн нэрээ өөрчлөхөд хүргэсэн байх. Тус корпораци 2009 онд хүүхдийн парк дахь эзэмшлээ “Ито инвест” компанид бүрэн шилжүүлсэн гээд нэрээ татсан.

Харин “Ито инвест” нь Бодь интернэйшнл компанийн 100 хувийн эзэмшилд байдгийг холбогдох бичиг баримтууд нотолно. Тэгэхээр Иточу корпораци “Ито инвест” нэрээр Бодь группийн охин компани “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 74 хувийг эзэмшсээр байгаа гэчихэд ташаарсан болохгүй биз.

Тэд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 26 хувийг эзэмшдэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үеийн үед хавчин шахсаар, өөрт таатай захирамж шийдвэрийг гаргуулсаар ирэв.

2011 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр 198 тоот тушаалаар парк орчмын газрыг бүхэлд нь “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д эзэмшүүлэхээр өгчихсөн гэдэг бол 2015 онд Э.Бат-Үүл А|902 тушаалаар 2075 он хүртэл, 60 жил эзэмшихээр сунгачихсан. Э.Бат-Үүлийг хотын дарга байхад түүний пиар зөвлөхөөр “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра ажиллаж байсныг энд орхигдуулж болохгүй.

Хүүхдийн паркийн газар анх 35га талбайтай байснаас 1.1-г “Мон-Уран”, 3.0га-г “Эм Си Эс проперти”, 0.2га-г УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын Сөүл групп, 0.06га-г С.Эрдэнээгийн хамаарал бүхий “Төгс эрдэм сан” ТББ (Шонхор тауэр) компанид тасалж өгөөд үлдсэн хэсэг нь тэр чигтээ Бодь групп буюу Голомт банкны эзэн гэгдэх Д.Баясгалан, түүний хөрөнгө оруулагчид болох Трафигура, Иточу зэрэг гадны компаниудыг мэдэлд байгаа юм.

MCS, Сөүл групп, Төгс эрдэм сан, Мон Уран зэрэг компаниуд тасалж хэрчсэн газрууддаа хэдийнэ барилга байшин босгоод авсан бол Бодь группийн охин компани “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК төлөвлөсөн байшин саваа барих гээд чичирч эхэллээ.

“Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Батнягт гэгч нөхөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар ажилладгийг уншигчид мэдэх биз. Хамгийн новшийн нь Бодь группийнхэн, тэр дунд нэр заавал Д.Баясгалан, А.Амундра нар олон нийтийг төөрөгдүүлэх замаар компани байгуулж нийтийн эзэмшилд хуруу дүрдэг нөхөд бололтой. А.Амундра нь Үнэн сонины эрхлэгчээр очиж хэсэг түйвээж байгаад одоо төмөр зам угсардаг баатар болоод Төмөр зам руу явсан.

Тэд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” нэрээр компани байгуулж хүүхдийн паркийн газарт эзэн суусан шигээ Б.Батнягтынхаа нэрээр “Уламжлалт өв соёлын түмэн эх чуулга” гээчийг 2019 онд байгуулаад удалгүй татан буулгасан. Магадгүй, жинхэнэ Түмэн эх чуулгыг байртай болгож, галлерей байгуулна гэх гоё төслөөр хаацайлаад “Улаанбаатар виллаж” нэрт орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбороо барих гэсэн байх л даа.

Тэдний хүсэлтийг гүйцэлдүүлэхээр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-иас 26 хувь эзэмшдэг хотын захиргаа ч Түмэн эх чуулгыг байртай болгох арга замыг “судалж байна” гэсээр хэдэн жилийн нүүр үзэж байгаа.

Харин одоо судлаад дуусчихсан бололтой, гэнэт л хашаа хороогоо буулгаад 1000 машины зогсоол бүхий битүү дээвэртэй тоглоомын төв, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төв барина гээд хотын мээр Д.Сумъяабазараар зарлуулчихлаа.

Д.Сумъяабазар нь “Баянгол Зочид буудал”-аас хувьцаа эзэмшдгээрээ Х.Баттулгатай, Х.Баттулга нь Дайны эрсдлийн даатгалын мөнгө угаагдсан, Хүннү эйр компанид Голомт банк зээлийн батлан даалт гаргаж тусалсан, Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байхдаа Голомттой холбогдох эрсдэлт зээлийн мэдээллүүдийг нууцалж “буян болдог” гэх үеүдээс эхлэн Д.Баясгалантай хэлхэлдсээр одоо төмөр замын асуудал дээр салшгүй холбоотнууд болж ил гаран тоглож байгаа.

Хотын захирагч Баянгол зочид буудлаас хувь эзэмшдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нуулгүй бөглөсөн байдаг бол Монголын спортын барилга байгууламж холбоо, Монголын энх тайван найрамдлын байгууллага, Монголын гал голомт цогцолбор төв цэг төрийн бус байгууллагын хамтран эзэмшигч гэдгээ мэдүүлээгүй байдаг.

Монголын спортын барилга байгууламж холбооны Ерөнхийлөгч нь Хишгээгийн Нямбаатар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын энхтайван найрамдлын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга нь ШШГЕГ-ын дарга Д.Загджав, Монголын гал голомт цогцолбор төв цэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан байдаг нь “нууцлах” шалтаг байж мэдэх юм.

Үүнээс гадна өөр нэг сонирхол татах сэжим нь Иточу корпорациас “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 74 хувийг шилжүүлж авсан “Ито инвест” компанийн захирал Найдансүрэнгийн Мэндбаярыг Засгийн газраас хэдэн тэрбумыг халаасалж дөнгөсөн нөхөр гэдгээр олон нийт таних байх. Тэрбээр “Их олимп нэгдэл” төрийн бус байгууллагаар Засгийн газартай гэрээ хийсэн бөгөөд тус төрийн бус байгууллагын хамтран эзэмшигч нь Х.Баттулгын гэгдэх С1 телевизийн захирал байдаг нь сонирхолтой.

АН-ын даргад горилж яваа Х.Баттулгын дэргэд Бодь группийн Д.Баясгалан, Лу.Болд хоёр хөтлөлцөөд зогсч байгаа.

Тэгэхээр Хотын дарга Д.Сумъяабазар хүүхдийн паркийн гадуурх хашааг буулгаж, ногоон байгууламжаар үлдээх нь гэдэг үлгэрт итгэвэл тэнэгийн дээд тэнэг, дүүрсэн дүнхүү иргэд болж хувирах биз…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »