БНСУ-руу нисэг нислэгийн тоог нэмэгдүүлжээ

Энэ сарын 16-18-нд Сөүл хотноо байгуулсан Монгол Улс, БНСУ-ын хоорондох Агаарын харилцааны хэлэлцээрээр хоёр талд зорчигчдыг 100 мянгаар, нислэгийг 60 хувиар нэмэхээр тохиролцжээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатараас тодруулбал, “Монгол Улс, БНСУ-ын хоорондох агаарын харилцааны хэлэлцээрийг анх 1991 онд байгуулж, 2003 онд томоохон өөрчлөлт оруулсан. Хэлэлцээрийг дахин шинэчлэх талаар манай улс санал тавьсны хүчинд, миний бие 2018 оны 12-р сард БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайдын урилгаар тус улсад айлчилж, зарчмын хэд хэдэн асуудлыг тохирсон. Юуны өмнө, олон жил гацаад байсан хамтын ажиллагааг сэргээн өргөжүүлж урагшлуулах, зах зээлд нийлүүлж буй суудлын тоог нэмэгдүүлэх, мөн хоёр талаасаа нислэгийн давтамжийг нэмэгдүүлье, ингэхдээ суудлын тоог тэнцүүлье гэсэн асуудлуудыг тавьсан. Ингээд БНСУ-ын талаас улстөрийн шийдэл гаргаж, хоёр сайдын түвшинд тохирсны дагуу холбогдох хүмүүс нэгдүгээр сарын 16-18-нд Сөүл хотноо Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, Инчоны чиглэлд 7 хоног тутамд 2 талаасаа тус бүр 2500 хүн зорчиж байхаар болоод байна.

Өнөөдрийн байдлаар, дээрх чиглэлд 7 хоногт тус бүр 6 удаагийн нислэгээр БНСУ-ын талаас 1600, Монгол талаас 1300 зорчигч, нийтдээ 2900 хүн нисэж байгаа юм. Одоо тэгвэл зорчигчдын тоо 5000 болж, 70-аад хувиар нэмэгдэж байна. Ингэснээр жилдээ 100-гаад мянган зорчигч нисэхээр болж байна. Үүнтэй холбогдуулан манай МИАТ-ын онгоц 11 удаа, БНСУ-ын “Кореан эйр”-ийн онгоц 7 хоногт 9 удаа ниснэ гэсэн үг. Мөн Бусаны чиглэлд одоо 7 хоногт хоёр удаа нисэж байгааг 3 болгохоор тохиролцоод байна. Ингэснээр дээрх чиглэлд жилд 15 мянган зорчигч нэмэгдэж байна.

Хэлэлцээрээр мөн карго ачаа тээвэрлэх асуудлыг нээж өглөө. Тодруулж хэлбэл, өмнө нь карго ачааны тээврийг зөвхөн 2 орны хооронд хийж байсан бол одоо БНСУ-аас цааш гуравдагч улс руу тээвэрлэх боломжтой болголоо. Хэлэлцээрийн дүнд цаашид зорчигчдын тасалбарын үнэ буурах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Нийтдээ зорчигчдын тоо 100 мянгаар, нислэгийн тоо 60 хувиар нэмэгдэж байна” гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!