Хичнээн ч хоригдол турж үхэв дээ

0
193

Ардчиллын он жилүүдэд буудаж биш цусгүй алдаг болсон

Амьдралынхаа 40 жилийг төмөр торны цаана өнгөрүүлсэн Р.Цанжид гуайг “Ярилцах танхим”-д урилаа. Шоронгийн амьд түүх болсон тэрбээр 20 настайдаа хулгайн хэргээр аавын хаалга татжээ. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд бүхэл бүтэн зуун солигдож, төр засаг шинэчлэгдэж, олон аавын хүүхдүүдийг өршөөсөн ч өгөөмөр хууль түүнд үйлчлээгүй аж. Хориход байх хугацаандаа улс төрийн явуулгад өртөж, С.Зоригийн хэрэгт хүртэл хутгалдах дөхсөн тухай түүний ярилцлагыг цувралаар хүргэж байна. Мөн түүнтэй хорих ангийн нөхцөл байдал, нууцлаг ертөнцийн талаар ч хөөрөлдлөө.

 Та аль нутгийн хүн бэ. Нас сүүдэр хэд хүрч байна?

Уг нь Баруун аймгийн хүн. Одоо 60 гарч байх шив дээ.

Тантай ний нуугүй сайхан танилцаж бас ярилцах гэсэн юм. Та өөрийгөө жаахан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Бололгүй яах вэ. Гэхдээ би чинь өөрийгөө сайн танихгүй шүү дээ. Гэхдээ мэдэхээсээ хэлж өгье. Намайг Рагчаа овогтой Цанжид гэдэг. 61 настай. Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Ам бүл ганцаараа. Боловсрол гээд байх юмгүй. Бага сургуулийн 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Хожим нь жолооч болсон. Улсаас гавьяа шагнал авч үзээгүй. Ял шийтгүүлж л явсан.

Та ямар хэргээр ял шийтгүүлсэн юм бэ?

Яахав дээ. Угийн ухаан муутай, түүн дээрээ мэдлэг боловсрол гээд байх юмгүй хүн чинь залуу насны хөөрүү дэврүүн сэтгэлээр юманд хандаж яваад л танхайн хэргээр 20-хон насандаа анх шоронгийн хаалга татаж, тэр цагаас хойш эндэхийн хаалгыг гаднаас нь хаалгүй өдий хүрсэн. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь насанд халдаагүй. Улсын төсөв, банк санхүүг тонож дээрэмдээгүй. Ард иргэдийн хувийн эд хөрөнгөд хууль бус халдаж, хулгай хийж нийтдээ 13 сая төгрөгийн хохирол учруулж амьдралын баталгааг нь түр зуур алдагдуулж, сэтгэл санааны таагүй байдал бий болгож байсан. Дээрх хохирлоо талыг нь эргүүлээд төлчихсөн. Ингээд л Монгол Улсад байдаг бүх л шорон гянданг элээж 39 жил хорих ял эдэлсэн. Товчхондоо нэг ийм.

Та ердөө ганцаараа гэж үү. Хамаатан садан гээд л?

Ганцаараа хүн гэж юу байх вэ дээ. Эрт дээр үед гэлтэй ч биш. Гэхдээ эцэг, эхтэй, эхнэр, хүүхэдтэй халуун дулаан сайхан амьдарсан зурвасхан үе бий. Үүнийгээ эргээд дурсахад сайхан байдаг. Аав, ээж хоёр маань намайг шоронд хоригдож байхад өөд болсон. Дэргэд нь байж чадаагүй болохоор харамсдаг юм. Хань ижил, үр хүүхэд маань он цагийн уртад хөндийрч салсан. Эцэг эхдээ үр хүүхэд шиг нь, хань ижил, үр хүүхэддээ хань, эцэг шиг нь байж чадаагүй дээ үнэхээр их харамсдаг. Өөр юманд нэг их харамсаад байдаггүй.

Тэгэхээр та чинь 20 наснаасаа 60 гартлаа шоронд хоригдсон хүн үү. Манай улсад хүнийг тийм олон жил хорьдог хууль бий гэж үү?

Монгол Улсад олон зуун хууль, бас дүрэм журам бий. Гэхдээ хүний эрх, эрх чөлөөнд халддаг ганцхан хууль байдаг. Тэр нь Монгол Улсын Эрүүгийн хууль. Энэ хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 25 жил хүртэл хугацаагаар хорих эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэсэн заалттай. Гэтэл би үндсэндээ 40 жил шорон гянданд хоригдсон байдаг. Энэ бол ховор. Бараг Ардын хувьсгалын, Ардчиллын түүхэнд гараагүй үнэн түүх шүү.

Тэгэхээр 40 жил шоронд хоригдсоныг бодоход та ер нь нэлээд хүнд, хэлж төсөөлшгүй гэмт хэрэг үйлдсэн болж таарч байна уу?

Харин тийм л болж таарч байх шиг байна. Гэхдээ би ухаан санаа эрүүл саруул гэсэн эмнэлгийн оноштой. Хэрэг хариуцах чадвартай гэсэн тодорхойлолтоор ял эдэлж ирсэн, эдэлж ч байгаа. Гэхдээ яаж ч бодоод 40 жил хоригдох ял шийтгэл эдлэхээр онц аюултай гэмт хэрэг үйлдээгүй. Өөрийгөө өмөөрч байж мэднэ. Харин сүүлийн үед банкнаас зээл авлаа гэдэг шиг, хийсэн үйлдсэн хэрэгтээ биш, хийх үйлдэл хэрэгтээ ял шийтгүүлээд эдэлчихсэн юм биш үү гэсэн бодол орж ирэх боллоо.

Уучлаарай таныг хулгайч, бас засаршгүй гэж ойлгож болох уу?

Бололгүй яах вэ. Гэхдээ би өөрийн зүгээс үүнд чинь өчүүхэн тайлбар хийх гээд үзье. Миний л бодол шүү. Хулгай хийх гэдэг хүн гэгч амьтанд хөлд, хэлд орохтой зэрэгцэж ирдэг сэтгэхүй юм уу даа. Хүн хулгай хийх, хийхгүй нь хувь хүнээс илүү хүрээлэн буй орчин, тухайн нийгмээс их шалтгаалдаг байх. Жишээ нь, миний хулгай хийсэн эд зүйлсийг эргээд харахад төрийн бодлого нь оновчтой, нийгмийн баялгаа шударгаар ард түмэндээ тэгш хүртээж чаддаг улс оронд бол хог дээр хэвтэж байдаг зүйл юм билээ. Тэгэхээр бид ядуу байна. Ганц нэгээрээ биш олуулаа ядуу байна. Эд баялгаас илүүтэй сэтгэхүй нь ядуурсан. Тэгээд би хулгай хийж байна. Монголчууд өнөөдөр хулгай хийхгүй сайхан амьдрахыг би ч, чи ч мэдэхгүй. Төр мэднэ. Хулгайч засрах, засрахгүйн тухайд бол хулгайчаасаа илүү төрөө л засмаар санагддаг. Ер нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгааныг заавал олж тогтоох, түүнийг арилгах арга хэмжээг авах тухай заасан байдаг. Намайг бусад хүн юу гэж ойлгох нь бусдын хэрэг. Би бол өөрийгөө зөвхөн хулгайч л гэж боддог. Би эвдрээгүй. Харин хэлмэгдсэн. Би гэмт хэрэг хийсэн гэмт хэрэгтэн хүн.

Уучлаарай хулгай хийх нь хувь хүний буруу биш, төр нийгмийн буруу гэж та хэлэх гээд байна уу?

Хулгайчийг бас өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү. Гэхдээ нэг өчүүхэн тайлбар хийе. Мэдэхгүй байж өрөөл бусад дээр яриад яах вэ. Өөрөөрөө л жишиж ярия. Би одоогоос 39 жилийн өмнө шоронд орсон тэр үед Монгол хүний сэтгэл оюун өөр. Өөрөөр хэлбэл, хүн хүндээ итгэдэг, бас тусалдаг, хайрладаг, өрөвддөг өр нимгэн нийгэм байлаа. Тэр үед Монгол хүн гудамжинд хог түүж, хоног төөрүүлж байгаагүй. Хүн бүр ажил сургуультай орлоготой амьдрал нь баталгаатай байсан. Тэр нь улс эх орныхоо бүтээн байгуулалтад насаараа хувь нэмрээ оруулж Налайхын уурхайд нүүрс хүрзэдсэн хөдөлмөрч ард түмэн. Тэд тэрбум тэрбумаар нь банкинд хадгаламж нээж байгаагүй. Бас банк дампууруулж үзээгүй. Тэр үед захын айлд танихгүй байсан ч ороход сайн муугаа мэдэлцээд аяга цай аягалаад өгдөг бас гэртээ хонуулдаг байж. Монголчууд тийм л ард түмэн байсан. Би тийм л нийгэмд амьдарч байгаад тэр нийгмээсээ тасарч шоронд орсон. Нэг үгээр, жаргал даагаагүй. БНМАУ-ын төр засаг тухайн цаг үедээ иргэдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж, ард түмнээ үр хүүхэд шигээ, тусгаар тогтнол газар нутгаа амь нас шигээ хайрлаж байсан. Тэр нийгэмд гэмт хэрэг гардаг байсан уу гэвэл гардаг байсан. Гэмт хэргийн нөхцөл байдал одоотой харьцуулахад маш хөнгөн байж. Тэр үед хулгайн гэмт хэрэг их бага гарна. Ер нь гэмт хэрэг хийгээд явах завтай хүн ч ховор байж. Энэ бол ХХ зууны монгол хүн шүү.

Та суллагдаад сар болоод эргээд ирлээ. Энэ нь бас л нийгэмтэй холбоотой юу?

Өнөөдөр Монголын нийгэмд над шиг тэтгэврийн насанд хүрсэн хүнд хийх манаачийн ажил ч олдохгүй. Ажил хөдөлмөр хийхгүй болохоор орлогогүй гэсэн үг. Өөдтэй түших тулах ах дүү, төрөл садангүй орох оронгүй оочих аягагүй ер нь юу ч үгүй халаасандаа хоолны мөнгө байтугай унааны ч мөнгөгүй хүн өөр нийгмээс өөрөөр хэлбэл, төсвөөр тэжээлгэж төрийн тусгай хамгаалалтад байсан шоронгийн хоригдол гараад шал өөр орчин XXI зуунд ирэхээр яаж амьдрах ёстой юм бэ. Айлд танихгүй байж орох гэвэл хаалгаа тайлж өгөх үү. За больё дулаан газар олоод унтая. Хаана унтах уу. Гэдэс өлсөөд байдаг юу идэх үү. Хулгай хийгээд гэдэс цатгалан даарахгүй хоноглоод байх боломж бий. За яах вэ баригдвал төрийн хамламж, хамгаалалтад орж шорондоо буцаж орно биз. Ингэж явахаар тэр нь ч дээр биш үү. Би өөр гарц олж чадаагүй. Энэ миний 100 хувь буруу юу.

Уучлаарай зөв шударга зүйл гэж таныхаар бол?

Ямар ч байсан тэвнэ хулгайлсан хулгайчийг 40 жил хорих, тэмээ хулгайлсан хулгайчид торгууль тавьдаг болж. Төр хууль эрх зүйтэй энэ нийгэмд шударга зөв зүйл олж харах нь өдөр од гарахтай ижил бэрх зүйл байх. Би л лав олж харахгүй байна.

Та дээр хэлсэн хүн төрлөхтөнд хэлд, хөлд орохтой зэрэгцэн хулгайн сэтгэхүй бий болдог гэж. Үүнийгээ тайлбарлаач?

Хүн идэх хоол, өмсөх хувцасгүйдээ хулгай хийдэг үү гэвэл бас үгүй юм. Боловсрол мэдлэггүй дээ юу. Бас л эргэлзээтэй. Нэг бодит жишээ хэлье. Эд хөрөнгөтэй, эхнэр хүүхэдтэй ажил албан тушаалтай бүр төрийн хангамж, хамгаалалттай хүн өнөөдөр Монгол Улсад хулгай хийж л байна шүү дээ. Үүнийг Монгол Улсын шүүх тогтоосон. Тэгэхээр Монгол хүний сэтгэхүй өнөөдөр доройтсон байна. Би бүр тодорхой хэлье. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр яагаад, юу дутаад хулгай хийсэн бэ. Одоо энэ хулгайчийг яаж засан хүмүүжүүлэх вэ. Ер нь засрах найдвар байна уу гээд л олон асуулт гарч ирж байна.

 Тангараг өргөсөн хүн чөмөгтэйхөн төгс хэрэг

хийдэг юм биш үү

Таныг хорих газарт олон жил тэр дундаа төрөл бүрийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй хамгийн их ойр байсны хувьд тань сонирхож байна. Ер нь гэмт хэрэгтэн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

Энэ тухай Монгол Улсын Эрүүгийн хуульд тодорхой заасан байдаг. Харин бодит амьдрал дээр арай өөр. Монгол Улсын бүх л шорон гянданд ял шийтгэл эдэлж байгаа хүмүүсийн ихэнх нь гэмт хэрэгтэн биш. Өөрөөр хэлбэл, захиргаа, ахуйн зөрчил гаргасан хүмүүс байдаг. Нэг хэсэг нь гарцаагүй байдалд гэмт хэрэг үйлдсэн байх жишээтэй. Зарим нь хэлмэгдэгсэд. Даанч тэд мэдлэг боловсрол бага, танил тал цөөтэй. Эргээд харвал инээдтэй, эмгэнэлтэй, хэлмэгдэгсэд. Харин би бол жинхэнэ гэмт хэрэгтнүүдтэй цуг байх хувь аз дутсан хүн. Мөн амьдралдаа тангараг өргөж төрийн албанд ажиллаж даанч үзээгүй. Ер нь шорон гянданд гэмт хэрэгтэн байлаа ч ховор. Тэд тусдаа ял эдэлдэг юм. Голдуу л эмнэлгээр. Хөөрхий тэд наранд биеэ хайр найргүй, завгүй ажилладаг юм шиг байгаа юм. Шоронд ороод ирэхээр л хүнд өвчин нь сэдэрдэг байхгүй юу. Үнэндээ Монгол Улсад хүний эрхийг бүрэн утгаар нь хамгаалдаг ганцхан тохиолдол, орчин нөхцөл бий. Тэр нь шорон болсон юм шиг санагддаг.

Таныхаар бол гэмт хэрэгтнүүд шоронд биш тангараг өргөсөн төрийн албанд байдаг гэсэн үг үү?

Та арай ч ташаа ойлгосон бололтой. Шоронд бол цөөнх. Харин төрийн албанд олонх уу, цөөнх үү гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ л байгаа гэдгийг нь би мэднэ. Монгол Улсад жинхэнэ онц аюултай хүн гэмт хэрэг их гардаг болж. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг заасан байдаг. Энэ хэмжүүрийг аль эрт эрүүгийн нөхцөл байдал давсан. Юу ч үгүй эвдсэн гэсэн үг. Онц хүнд гэмт хэрэг цөөн биш. Сонин биш болсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт дасал болсон цаг үе, нийгэмд та нар амьдарч байна. Би одоо 60 гарсан настай хүн. Жар наслахдаа бүхэл бүтэн улс орон НҮБ-ын гишүүн улс төрийнхөө бодлого, хуулийнхаа зүйл заалтуудыг хулгайчид алдчихаад самуурч байхыг бас тэгээд тэр онц аюултай хулгайчийг төрийнхөө ордонд залж орхисон тийм онцгой үйл явцыг урьд нь үзэх нь бүү хэл сонсож ч байгаагүй. Харин Монголдоо үзлээ, та ч харлаа. Гэмт хэрэгтэн гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэж асууж байсан даа. Яг ийм этгээдүүдийг онц аюултай гэмт хэрэгтэн гэхгүй байгаа юм чинь над шиг амьтныг хэлэлгүй яах вэ дээ. Ер нь тангараг өргөсөн хүн чинь чөмөгтэйхөн төгс хэрэг хийдэг юм биш үү. Мэдлэг боловсрол хэрэгтэй юм аа.

Би таниас нэг зүйл тодруулья. Ер нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэлгүй өнгөрч болдог гэж үү. Таны ярьсан зүйлээс тэгж ойлгогдлоо?

Наад асуултаа Монгол Улсын Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ерөнхий ангиас хайж, шүүхээс л асуух хэрэгтэй. Гэхдээ бодлоо хэлье. Болно гэдгийг та, бид хоёр байтугай Монголын олон нийт харж бас дасал болж байгаа шүү дээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид тэгээд заасан байдаг.

Та хууль сайн мэддэг бололтой. Хууль гэж чухам юу юм бэ?

Би хуульч биш. Хуульд их олон хэрчүүлсэн болохоор хуулийг их сонирхдог. Хүнээр бол хуулийн танил гэх үү дээ. Миний бодлоор хууль тухайн төрийн бодлого нийгмийн дэг журам. Бас шударга ёсны хэмжүүр. Хууль хаана зөрчигдөнө тэнд үхэл хагацал, үгүйрэл хоосрол болж байдаг. Хууль бол төрийн бодлого байдаг болохоор төрийн тухай ярихаас аргагүй. Ярихгүй байх ч аргагүй. Эрүүгийн хуулиар жишээ авч ярия. Учир нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг аливаа гэмт халдлагаас хамгаалахад Үндсэн хуулийн дараа жагсах үндсэн тулгуур хуулийн нэг гэж ойлгодог. Ер нь би нэг их хууль, төрийн бодлого яриад байх хүн биш л дээ. Төрийн бодлого тодорхойлдог, хууль боловсруулж баталдаг, шилдэг улстөрч, хуульч, эрдэмтдийн хийсэн бүтээсэн ажлыг нэг муу шоронгийн хоригдол би ийм тийм гэхээсээ илүү баримтад тулгуурлан хуулийн зүйл заалтыг анхааралтай унших хэрэгтэй байх. Энд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчимд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгтэн нь тохирсон ял шийтгэлийг шүүх нэг удаа оногдуулна гэж заасан байдаг. Гэтэл энэ зүйлд заасан заалтаа ерөнхий ангийн 24-р зүйлд заасан заалтаараа үгүйсгээд тусгай ангийн 91.2-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол цаазаар авах ял шийтгэнэ” гэж заасан байгаа юм. Үүнээс харахад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгтэн нь ял шийтгэхээс биш хэн болохоос нь хамаарч урьд нь ял шийтгүүлсэн гэдэг үндэслэлээр хүндрүүлэх шалтаг болгоод буудан алж байх жишээтэй. Тэгсэн мөртлөө 91.1-д “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан бол 10-15 жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай. Хүнийг санаатай алж байгаа үйлдэл яагаад хөнгөрөх шалтгаан болдгийг бодоод бодоод олохгүй юм. Арай хуулийн энэ зүйл заалт чинь нөгөө авлига өгөх, авахыг хуульчлаад баталчихсан юм биш байгаа гэж хардах сэтгэл төрсөн. Хөрөнгө мөнгөтэй, танил талтай хүн бол бусдыг санаатай алчихаад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүхэд  авлига өгөөд буудуулалгүй магадгүй 10 жил хорих ял шийтгүүлээд талыг нь эдлээд гараад ирэх юм биш үү. Авлига авсан анхан шатны нөхөд маань дараагийн шатандаа ч мөн өгнө. Өгөхгүй бол лааз өшиглөнө. Шат шатандаа авлига явсаар Их хурал, Ерөнхийлөгчид очдог юм биш үү.

Харь бодлогоор боловсруулагдаж батлагдсан хууль

Хуулиудын хоорондын уялдаа холбоо муу байгаагийн илрэл юм биш үү?

Мөн хуулийн тусгай ангийн 79-р зүйлд төрийн эсрэг гэмт хэргийн бүлэгт Монгол Улсын засаг, төрийг бусниулан доройтуулах зорилгоор Ерөнхийлөгчийг алсан бол цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн тусгай ангид хүн төрлөхтний аюулгүй байдал энхтайваны эсрэг гэмт хэргийн бүлгийн 301-р зүйлд гадаад улсын төрийн тэргүүн албан ёсны айлчлалаар Монгол Улсад айлчилж байхад нь дайн өдөөх, улс хоорондын харьцааг хурцатгах зорилгоор алсан байхад Монгол Улсын хуулиар 20 жил хүртэл хорих ял шийтгээд л гүйцээ. Энэ хоёр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ өдөр, шөнө шиг ялгаатай. Хуулийн заалтыг дахин уншиж байхад Монгол Улсын төр засагт эргэлзэх, харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Бүр ухаж бодвол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд, бүр лавшруулаад бодвол хүн төрлөхтний аюулгүй байдал, энхтайваны эсрэг шууд заналхийлсэн бодлого, улсын маань төрд шургалчихсан юм биш үү гэж хардах сэтгэл төрж байна. Ер нь Монгол Улсын Эрүүгийн хууль хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь байтугай улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдалд шууд заналхийлсэн харь бодлогоор боловсруулагдаж батлагдсан хууль юм биш үү. Ер нь хууль ярихаар уур хүрээд байдгийн. Өөр сэдвээр ярилцвал ямар байна.

Бололгүй яах вэ. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ бүхэн алдаа, дутагдлыг засаж, сайжруулах байлгүй дээ?

Үгүй юм шиг ээ. Одоо явагдаж байгаа Эрүүгийн хуулийн төслийг би үзэж сонирхсон юм. Гэмт хэргийн тухай гэж нэрийг нь сольсноос өөр нэг их өөрчлөлт олж хараагүй. Харин хүний эрхийг нэг их сүрхий эхэнд нь тавьсан харагдсан. Харамсалтай нь, хүний гар хуруунд зүүлттэй бөгж зүүлтнээс байгаль орчин маань үнэ цэнэгүй болоо юу даа гэж харамсах сэтгэл төрсөн.

Та энэ олон жил шоронд ял эдлэхдээ засрах юм уу, залхах, за даа одоо нэг сайхан хүн шиг амьдарч үзье гэж бодогдож байгаагүй юу?

Бодолгүй яах вэ. Хүн машин техник шиг эвдэрдэг. Гэхдээ засагддаггүй. Хүн гэдэг амьтан нялхаасаа эцэг, эх, сургууль цэцэрлэг, нийгэм хамт олны хүмүүжил гээд насан туршдаа хүмүүждэг. Эвдрэхийн тухайд машин бол замаасаа, хүн бол орчиноосоо л болдог болов уу. Гэхдээ тухайн хүний сэтгэл оюун хэр их дархлаатайгаас болж эвдрэх байлгүй. Залхахын тухайд бол залхдаг шүү. Залхаалт хэтрэхээр засал авахгүй болтлоо эвдэрдэг юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн ял шийтгэлийн бодлого нь оновчтой биш он удаан жилээр залхаадаг нь олон сөрөг үр дагавартай гэж боддог. Би хүн шиг сайхан амьдрах юмсан гэж боддог байсан. Харамсалтай нь надад тийм боломж олдсонгүй. Одоо ч нээх их амьдрал инээ, тэрээ гэж бодохоо больж байх шив дээ. Харин ч эсрэгээрээ бодол орж ирдэг болсон.

Эсрэгээрээ гэнэ ээ?

Өнөөдөр Монгол Улсад нийгэм, эдийн засгийн хямрал оргил цэгтээ хүрлээ. Нэг үгээр хэлбэл, амьдрахад маш хүнд. Жирийн ард иргэдэд ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тийм цаг үе гэж надад харагдаж, мэдрэгддэг. Олон нийт дээд, дунд, доод гэсэн гурван давхаргад хуваагдлаа. Дээд, доод хоёр давхарга нь төрийн тусгай хамгаалалтад хангамж, төсвөөр тэжээгдэж амьдарч байна. Харин дундчуул нөгөө хоёроо татвараар тэжээж байдаг үйлийн үртэй хүмүүс юм шиг санагддаг.

Дээд давхаргын хүмүүсийг илүү тодорхой болговол?

Шилдэг худалч бас залилан мэхлэгчид багтдаг. Гэхдээ энэ бол миний л бодол. Доод давхаргад нь хулгайч, дээрэмчид, алуурчид багтах байлгүй. Дунд давхаргад нь ажилчин ангийнхан багтана. Амьдралынхаа төлөө тэмцэгчид нийгмийн сор болсон жирийн ард иргэд гэсэн үг.

Үргэлжлэл бий…

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!